“Оюутолгой” компани энэ оны хоёрдугаар улирлын үйлдвэрлэлийн тайлангаа манайд албан ёсоор мэдээллээ. Энэ оны нэгдүгээр улиралтай харьцуулахад, хоёрдугаар улиралд баяжмал үйлдвэрлэл 64.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Үйлдвэрлэл болон өндөр агуулгатай хүдэр өссөн нь үүнд голлон нөлөөлсөн байна. 2015 оны нэгдүгээр улиралтай харьцуулахад баяжмал дахь зэсийн хэмжээ 64.5 хувиар, алтны агуулга 178 хувиар тус тус өссөн байна.
Ингэснээр тус компани өнгөрсөн улиралд 55 мянган тонн зэс, 238 мянган унци алтны агуулга бүхий баяжмал үйлдвэрлэсэн байна. Үүнийг оролцуулж тооцвол, тус компани энэ оны эхний хагас жилд 89 мянган тонн зэс, 324 мянган унци алтны агуулга бүхий 346 мянган тонн баяжмал үйлдвэрлэжээ.
“Оюу толгой”-н үйлдвэрлэлийн талаарх мэдээлэл: Бүх мэдээлэл нь нийт үйлдвэрлэл болон борлуулалтыг 100 хувиар илэрхийлсэн болно.
Оюутолгой” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлэй “Бид 2015 оны хоёрдугаар улиралд аюулгүй ажиллагааны хувьд бусад салбар нэгжүүдээсээ хамгийн сайн үзүүлэлттэй ажилласан. Үүний зэрэгцээ хоёрдугаар улирлын үйлдвэрлэлийн хэмжээ маш сайн байж, баяжмал үйлдвэрлэлийн хэмжээ үйл ажиллагаа эхэлснээс хойш хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн нь уурхайн олборлолт өндөр агуулгатай хэсэгт нэвтэрсэнтэй холбоотой” гэж мэдэгдээд байна. 2015 оны хоёрдугаар улирлаас Оюутолгой өндөр агуулгатай хүдэрт хүрч эхэлсэн. 2015 оны хоёрдугаар хагаст өндөр агуулгатай хүдэр боловсруулсан хэвээр байх төлөвтэй байна.
Туркойз Хилл компанийн зүгээс “Оюутолгой” компанийг энэ онд нийт 175-195 мянган тонн зэс, 600-700 мянган унци алтны агуулгатай баяжмал үйлдвэрлэнэ хэмээн хүлээж байна. Одоогийн байдлаар Оюутолгойн баяжуулах үйлдвэрийг хоёр долоо хоногийн хугацаатай зогсоож, төлөвлөгөөт засвар үйлчилгээ хийхээр төлөвлөж байна. Тэгвэл “далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө”-нд өнгөрсөн тавдугаар сард гарын үсэг зурсны дагуу “Туркойз Хилл” болон “Рио Тинто” компани Төслийн санхүүжилтийг нарийвчилж, далд уурхайн Техник эдийн засгийн үндэслэлд тодотгол хийж байгаа гэнэ. Туркойз Хиллийн хувьд 2015 оны эцсээр төслийн санхүүжилтийг батлахаар төлөвлөж байна гэж Оюутолгой компаниас манайд албан ёсоор мэдээллээ.