Ажлын байрны аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх сургалт, мэдээлэл өгөх зорилгоор “Оюутолгой” компани нийслэлд Эрсдлийг таниулах сургалтын төв байгууллаа.
“Оюутолгой” компанийн удирдлагууд “Уурхайд 2013 онд “Эрсдлийг таниулах төв”-ийг нээн компанийн болон гэрээт ажилчдын заавал хамрагдах сургалтын нэг хэсэг болж, үйлдвэрлэл, амьдралд түгээмэл тохиолддог ноцтой эрсдлүүдийг таниулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг олгодог. Ийнхүү үйлдвэрлэл, үйл ажиллагаандаа анхаарч, аюулгүй ажиллагааг тэргүүлэх чиглэлд тооцсоноор бүх гэмтэл бэртлийн давтамжийн үзүүлэлт сайжирсан гэв.
Тус төв нь олон нийтэд нээлттэй үйл ажиллагаа явуулах бөгөөд сургалтын хэлтсийнхэн цахилгаан гүйдэлд цохиулах, дээрээс биет унах зэрэг эрсдлээс хэрхэн амь насаа хамгаалах тухай зааварчилгаа өгч ажиллах аж.