УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, Үндэсний аудитын газрын 2018 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Үндэсний аудитын газар нь ирэх онд Оюутолгой, Эрдэнэс Тавантолгой, Засгийн газрын авто бааз, Иргэний нисэхийн ерөнхий газар, Газрын тос, Ерөнхийлөгчийн сонгуулийн зардал, АСЕМ-ын 2016-2017 оны үйл ажиллагааны тайлан, боловсрол, эрүүл мэндийн салбарт хамаарах асуудал, Төрийн орон сууцны корпораци, Батлан хамгаалах яамны хөрөнгө оруулалтын зардал зэрэгт аудит хийхээр төлөвлөжээ. Аудитын зардалд 700 гаруй сая төгрөг шаардагдах аж.
Тус байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Санал нэг байна. Засгийн газрын авто баазыг Хэрэг эрхлэх газар нь шалгана биз. Эрүүл мэндийн салбартай холбогдох тэр асуудлыг яам нь татаж аваад шалгачих боломжтой.
Иргэний нисэхийн ерөнхий газрыг шалгана гэх атлаа МИАТ компанийг яагаад шалгадаггүй юм бэ. Ямар учиртай компани болох нь ойлгогдохоо болилоо. Онгоцны тийз яагаад тийм өндөр үнэтэй байдаг юм. Шалгах ёстой. Хоёр дахь асуудал сүүлийн үед гүйцэтгэх ажиллагаа замбараагаа алдсан. Мөнгийг нь зөв зарцуулж байна уу гэдэг ойлгомжгүй болсон. Нууц нэрийн дор өөр юманд зарцуулж байгаа. Хянах ёстой хүмүүс нь үздэггүй, жийрхдэг, Энэ асуудлыг Аудитын газар нарийн шалгах шаардлагатай” гэсэн байр суурь илэрхийллээ.
Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар “Төмөр зам төрийн өмчит компаниас гадна Гудамж төсөл, барилгын хоёр ч компанитай холбогдох зөрчил шалгалтаар илэрсэн учраас хуулийн байгууллагад шилжүүлсэн” гэсэн тайлбар өгөв. Хуралдааны төгсгөлд ирэх онд хийх аудитын шалгалтыг оновчтой болгож багцлахаар болгох ажлын хүрээнд цагдаа, тагнуул, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газартай холбогдох гүйцэтгэх ажиллагаанд зарцуулсан санхүүд аудит хийх саналыг дээрх жагсаалтад багтаахаар боллоо.