Categories
мэдээ цаг-үе

Оюутнууд цахилгаан автомашин бүтээжээ

Аливаа улс орон, аж ахуйн нэгжийн хөгжлийн түвшин инновацийн идэвхжлээр тодорхойлогдож буй эрин үед бид амьдарч байгаа билээ. Инноваци нь өрсөлдөх чадварыг бий болгоод зогсохгүй нийгэм, эдийн засгийн хөгжлийн гол хүчин зүйл, хөдөлгөгч хүч. Үүний үр дүнд үйлдвэрлэл хөгжиж, эдийн засгийн дэвшилд хүргэдэг болохыг бүх нийтээр хүлээн зөвшөөрч буй цаг үе. Иймд Монгол Улсад мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх чиглэлд төр, шинжлэх ухаан боловсрол, бизнесийн түншлэлийг бэхжүүлэн нийгэмд бүтээлч сэтгэлгээ, инновацийн соёлыг төлөвшүүлэх зорилгоор “Монголын Инновацийн 7 хоног” арга хэмжээг ШУТИС болон Нийслэлийн үйлдвэрлэл инновацийн газраас зохион байгуулж байгаа юм. Үүний хүрээнд өчигдөр Сүхбаатарын талбайд “Инновацийн нээлттэй үзэсгэлэн” болж өнгөрлөө. Үзэсгэлэнд эрдэм шинжилгээний байгууллагууд, их дээд сургууль, тэдгээрийн дэргэдэх гарааны компаниуд, инновацийн төв, лаборатори зэрэг өндөр технологийн төлөөлөл болсон байгууллагууд оролцлоо.

Энэхүү үзэсгэлэнг зохион байгуулснаар төр хувийн хэвшил, Монголын томоохон аж ахуйн нэгжүүд юу авахыг хүсч байна вэ, ямар инноваци хүсч байна вэ гэдгийг олж мэдэх боломжтой хэмээн харж буйгаа албаныхан тайлбарлаж байв. Энэ үзэсгэлэнд хамгийн их анхаарал татсан бүтээл гэвэл Монголын үндэсний их сургуулийн төгсөх дамжааны оюутнуудын хийсэн “G500” маркийн автомашин байлаа. Үүнийг Suzuki, santona загварын автомашинуудын загваруудаас санаа авч бүтээсэн ажээ. Энэ нь “MGL170” нэртэй юм байна. Тодруулбал, таван ширхэг аккумулятортой, тогонд бүтэн цэнэглээд 100 километр явах боломжтой, 800 кг-ын даацтай, дөрвөн хүний суудалтай, хоёр хаалгатай энэ автомашиныг харахад “G сlass”-ын жижгэрүүлсэн загвар шиг харагдах аж. Энэхүү машиныг 7,5 сая төгрөгөөр зохион бүтээсэн гэнэ. Оюутнууд энэ бүтээлээ сургуульдаа үлдээх хүсэлтэй ч худалдан авъя гэсэн хүмүүс олон байгаа гэнэ. Мөн оюутнууд бүрэн автомат хаусны загвар бүтээжээ. Бүх зүйл нь удирдлагатай байхаар зохиосон аж.

Үүнээс гадна эм, эмийн бүтээгдэхүүн, гарааны компаниудын өрөмдлөгийн 3D машинуудаар хийсэн гэр зэрэг байв. Энэхүү үзэсгэлэн нь соёл урлаг, боловсролын гэсэн олон нэр төрлийн инновацууд оролцсноороо онцлог ажээ. Ихэнх нь гадагшаа зах зээлд гараад танигдчихсан байна. ОХУ-д гардаг бүтээгдэхүүнүүд энд тавигдсан байлаа. Шинжлэх ухааны академи дээр байгаа оюуны өмчийн зарим патентуудыг иргэдэд үнэгүй өгч байгаа юм байна. Патент авахын тулд Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар хандах ёстой ажээ.

Мөн энэ өдөр Төрийн ордонд “Инновацийн үндэсний форум” болж, Монголд мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэх, шинжлэх ухаан технологи, инновацийг хөгжүүлэх бодлого, стратеги, үйл ажиллагаа, үр дүнгийн талаар оролцогчдод нэгдсэн ойлголт өгч, хэлэлцүүлэг өрнүүлнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *