Монгол Улсын орон нутгийн мэргэжлийн боловсролын их, дээд сургууль, коллежийн оюутны спорт, урлагийн уламжлалт XVIII дугаар “УНИВЕРСИАД” их надаам Завхан аймгийн төв Улиастай хотноо 2015 оны 9 сарын 25-27-нд явагдана. Наадмыг Завхан аймгийн ЗДТГазар, Монголын оюутны спортын холбоо (МОСХ), МУИС-ийн Завхан сургуультай хамтран зохион байгуулж байна. Энэ удаагийн наадам нь Монголын тамирчид дэлхийн оюутны спортын “Универсиад” наадамд оролцож эхэлсний түүхт 50 жилийн ойд зориулагдаж байгаагаараа онцлог юм. Тус наадамд 5 аймгийн их, дээд сургуулийн багууд, ОХУ-ын Тувагийн их сургуулийн багууд урилгаар нийтдээ 6 багийн 300 орчим баг тамирчид оролцож байна. Үүнд: Ховд аймгийн их сургууль, АҮШУИС-ийн Говь-Алтай аймгийн салбар сургууль, Увс аймгийн Хөдөлмөрийн дээд сургууль, Баян-Өлгий аймгийн Ховд их сургуулийн салбар сургууль, МУИС-ийн Завхан сургууль, ОХУ-ын Тувагийн их сургуулийн багийн төлөөлөгчид хүрэлцэн иржээ. Оюутан тамирчидын бүсийн “Универсиад” их наадам нь сагсан бөмбөг /эр, эм/, элсний волейбол /эр, эм/, модон бөмбөг /эр, эм/, шатар /эр, эм/, ширээний теннис /эр, эм/ үндэсний бөхийн зэрэг спортын 6-н төрлөөр явагдана. Наадмын үеэр урлагийн 5 төрлөөр оюутнууд авьяас, ур чадвараа сорин өрсөлдөх ба оюутны эрдэм шинжилгээний их хурал “Биеийн тамирын сургалтанд тулгамдаж буй асуудал, сайжруулах арга зам” сэдвээр зохиогдож, бүсийн оюутан миссийг шалгаруулан, бүс нутгийн их дээд сургуулийн захирал, удирдлагууд дунд ажил хэргийн уулзалт, ярилцлага зохион байгуулагдах ажээ. Тус наадамд амжилттай оролцон тэргүүн байруудад шалгарсан оюутан тамирчдад Монголын оюутны спортын “Универсиад” их наадмын алт, мөнгө, хүрэл медаль олгох ба бүсийн наадмын өргөмжлөл, мөнгөн шагнал, цомыг МОСХ, зохион байгуулагч Н.Эрдэнэчимэг захиралтай МУИС-ийн Завхан сургуулиас гардуулан өгнө. Энэхүү их наадам нь баруун бүсийн их, дээд сургуулиудын оюутан залуучуудын дунд 1997 оноос эхлэн уламжлал болон жил бүр зохион байгуулагдаж ирсэн бүсийн хэмжээний хамгийн том оюутан залуучуудын спорт- урлагийн цогцолбор арга хэмжээ юм. Эхний наадмыг МУИС-ийн Завхан сургуулийн санаачлагаар явуулж эхэлсэн түүхтэй. Наадмыг зохион байгуулахад Монгол улсын ЗГХЭГазар, аймгийн ЗДТГазар дэмжин МОСХолбоо, МУИС-ийн Завхан сургууль гардан удирдаж байна. Наадмын үйл ажиллагаанд Д.Батсайхан Гүйцэтгэх захиралтай Монгол улсын Төрийн банк, Ю.Байгаль захиралтай Завханы спортын холбоо зэрэг байгууллагууд ялангуяа аймгийн удирдлагууд, төр захиргааны байгууллагууд наадмын бүх талын бэлтгэл ажлыг хангахад ихээхэн туслалцаа, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа юм. Наадмын үйл ажиллагаанд МОСХ-ны Гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа, МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Батсайхан нар болон олон улсын шүүгчид төвөөс очин биеэчлэн удирдан зохион байгуулж байна.