Оюутан, залуу судлаачдын олон улсын “Оюутны спорт: Үндэстний эрүүл мэнд, хөгжил дэвшил” сэдэвт эрдэм шинжилгээний наймдугаар хурал энэ сарын 20-21-нд болно. Хуралд оролцохоор 37 их, дээд сургуулийн 70 гаруй залуу судлаач, эрдэмтэд ирээд байна.
Мөн Олон улсын спортын их, дээд сургуулийн холбооны тэргүүн, Олон улсын оюутны спортын холбооны (ОУОСХ) гүйцэтгэх хорооны гишүүн, академич, доктор (Sc.D), профессор К.К.Закирьянов, ОХУ-ын Москва мужийн Биеийн тамирын их сургуулийн ректор, ОХУ-ын оюутны спортын холбооны Ерөнхийлөгч, доктор (Sc.D), профессор С.С.Сейранов нар оролцоно. Тэрчлэн Казахстаны Биеийн тамирын их сургуулийн тэргүүн дэд ректор доктор, профессор.Махаганов, Украины Биеийн тамирын их сургуулийн профессор, доктор (Sc.D), академич В. Н. Платонов, Тажикстаны Биеийн тамир, спортын дээд сургуулийн ректор, доктор, профессор Ш.А. Сафаров зэрэг дэлхийн спортыг тэргүүлэх онолч, эрдэмтэд энэхүү хурлын үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхээр болжээ.
Хурлыг Олон улсын спортын их, дээд сургуулийн холбоо, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын оюутны спортын холбоо (МОСХ), Үндэсний биеийн тамирын дээд сургуулиас (ҮБТДС) зохион байгуулж байна. Хурлын үйл ажиллагаа Тусгаар тогтнолын ордны гурван давхрын бага танхимд маргааш 09.00 цагт эхлэж, нэгдсэн хуралдаан болох бол үдээс хойш нь салбар хуралдаан таван хэсэгт хуваагдан МУИС-ийн шинэ номын санд үргэлжлэн явагдана.
Хуралд 319 судлаач, эрдэмтэд, биечлэн болон онлайнаар оролцох бөгөөд тэдний 240 нь гадаадын, 79 нь Монгол Улсын залуу судлаач нар байх юм. Олон улсын хуралд хэлэлцүүлэхээр бие даасан болон хамтарсан 148 илтгэл ирснээс гадаадын 119 илтгэл, дотоодын 29 илтгэл байна. Эдгээр залуу судлаач, оюутан, магистр, докторантын илтгэлүүдийг багтаасан 502 хуудас бүхий эрдэм шинжилгээ, судалгааны эмхэтгэл гаргаж байгаа бөгөөд энэ нь Монгол Улсад болсон спортын хамгийн том цар хүрээтэй эрдмийн хурал болж буйг илтгэж байна.
Энэхүү олон улсын нэр хүндтэй томоохон их хурлын нээлтийн үйл ажиллагаанд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын нийгмийн бодлогын байнгын хороо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, ЗГХЭГ, их, дээд сургуулиудын захирлууд, биеийн тамир, спортын төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөгч, оюутан залуучууд урилгаар оролцоно.
Хурлын нээлтийн ёслолын үеэр гадаад дотоодын эрдэмтэн нарт “Үндэсний БТДС-ийн хүндэт доктор” болон “Дэд профессор” цол олгох ёслол, зочид төлөөлөгчдөд зориулсан оюутны урлагийн тоглолт болох юм. Нээлтийн ёслолтой хамтатган хурлын нэгдсэн хуралдаан болж ҮБТДС-ийн захирал, хурлын Зохион байгуулах хорооны дарга, доктор (Sc.D)профессор Л.Алтанцэцэг “Дээд боловсролын байгууллага дах биеийн тамир, спортын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлууд, МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Жаргалсайхан “Оюутны спортын хөгжлийн өнөөгийн байдал, дүгнэлт, хийх ажил” сэдвээр илтгэл тавин хэлэлцүүлнэ.
Эрдэм шинжилгээний их хурал нь оюутны биеийн тамир, спортын боловсрол, спортын хөдөлгөөний туршлага, асуудал, хэтийн төлөв; БТС-ын анагаах ухаан, биологийн асуудлууд; БТС-ын онол арга зүй ба сэтгэл судлалын асуудал; БТС, аялал жуучлал, спортын үйлчилгээ, эдийн засаг, хүмүүнлэгийн асуудал; оюутны спортын удирдлага, зохион байгуулалтын асуудлууд гэсэн таван дэд сэдвийн хүрээнд салбар хуралдаан явагдаж, санал дүгнэлт гарган, спортын гурван залуу судлаачыг шалгаруулан урамшуулна.