Хичээлийн шинэ жил эхлэхэд оюутан бүрт тулгамддаг асуудал бол сургалтын төлбөр. Энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс 2016 оноос эхлэн оюутны хөгжлийн зээлийг засгийн газраас олгож эхэлсэн юм. Харин энэ жилээс тус зээлийг шинэчилсэн журмаар олгох бөгөөд 72 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.
Өмнөх жилүүдэд оюутны хөгжлийн зээлийг арилжааны банкаар дамжуулан, тодорхой нөхцөлтэй оюутнуудад олгодог байсан. Тухайлбал төрийн албан хаагчийн хүүхэд, суралцах хүсэлтэй ч төлбөрийн боломжгүй, өнчин гэх мэт шаардлагаар оюутны хөгжлийн зээлийг олгодог байжээ. Харин шинэчилсэн журмаар сургалтын голч онооноос шалтгаалан зээл олгож байгаа нь нэг талаараа оюутнуудад том боломж олгож байгаа гэдгийг холбогдох байгууллагаас онцолсон юм. Мөн шинэчилсэн журамд оюутны хөгжлийн зээлийг арилжааны банкаар олгохгүй гэж заажээ. Өөрөөр хэлбэл оюутны хөгжлийн зээл хүүгүй, барьцаагүй, хамтран зээлдэгчгүй, урт хугацаанд олгогдох нөхцөл бүрдсэн байна.
Боловсролын зээлийн сангийн захирал М.Ариунжаргал “Оюутны хөгжлийн зээлийг магадлан итгэмжлэгдсэн дээд сургуульд суралцаж байгаа оюутнууд олгох бөгөөд тэд эссэ бичнэ. Ингэснээр зээл авч байгаа оюутнуудын ирээдүйд өөрсдөдөө хандах хандлагыг нь харах мөн голч оноог харгалзан үзэж байгаа. Энэ жил зээлийн шаардлага хангасан 30 гаруй мянган оюутанд 72 орчим тэрбум төгрөгийн зээл олгох боломжтой. Нэг оюутанд дунджаар 2.5 сая төгрөгийн зээл дөрвөн жил сурахад 10 сая төгрөгийн зээл олгоно. Төрөөс оюутныг төлбөрийн дарамтгүйгээгр суралцах бодлого баримталж байхад сургуулийн удирдлагууд эхлээд төлбөрөө төлөөд хичээлээ сонго гэдэг шаардлага тавьдаг. Энэ бол төрийн бодлоготой зөрчилдөж байна гэсэн үг. Тиймээс бид сургуулиудын захирлуудад албан бичиг явуулсан. Сургалтын төрийн сангаас зээл авах боломжтой оюутнуудад битгий ийм шаардлага тавиач ээ. Хичээл сонголтыг нь явуулаад дараа нь сургалтын төрийн сангаас зээлийг ав. Тэгэхгүй бол тэдгээр оюутнуудад дахин банкнаас зээл авах хүндрэл гарч байгаа учраас бид хамтарч ажиллах шаардлагатай байна гэдэг шаардлага тавьсан” гэв.
Сургалтын голч оноо 2 ба түүнээс дээш гэсэн нөхцөл тавигдахад шинээр элсэж байгаа оюутнууд энэхүү зээлд хамрагдах боломжтой юу гэсэн асуудал гарч ирнэ. Сургуулийн зүгээс оюутнуудад төлбөрөө төлсний дараагаар хичээл сонголтоо хийх шаардлагыг тавьдаг. Харин энэ асуудлыг цэгцлэх үүднээс үйл ажиллагаа явуулж байгаа магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиудад албан бичгийг хүргүүлж байгаа юм.
Оюутны хөгжлийн зээлд хамрагдсан оюутнууд сургуулиа төгсөөд ажлын байртай болсны дараагаар 60 сарын хугацаанд зээлээ барагдуулах учиртай. Ингэхдээ сард 100 гаран мянган төгрөгийг буцаан олгох гэнэ. Хэн амжилттай сурна, хэний голч оноо их байхаас шалтгаалан тэр оюутан оюутны хөгжлийн зээлд хамрагдах боломжтой болох юм.