Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Оюун ухааны цаст өндөр түүчээ

Жил бүрийн гуравдугаар сарын 22-нд Дэлхийн усны өдөр тохиодог. Энэ өдрийг угтаж сэтгүүлч миний бие устай дэндүү ойр, эгэл даруухан эрдэмтний ажил үйлс, бүтээлч чанарыг онцлон бичихээр зорьлоо. Ном дүүрэн цүнхээ үүрээд их сургуулийн гудамжаар өдөр бүр алхдаг энэ эрхмийг Найдангийн Батсүх гэдэг. Хэн бүхний нүдэнд тэр бүр өртөөд байдаггүй ч мэдлэг боловсрол, оюуны цар хүрээгээрээ Монголдоо их дээгүүр бичигдэх сэхээтэн, эрдэмтэн. Нэг ёсондоо Монгол залуусыг эрдмийн уурхайд хөтлөн алхаж буй оюун ухааны цаст өндөр түүчээ, нөгөө талаар бүх зүйлс нь төгс зохицолдсон энгийн нэгэн эгэл даруухан эрдэм чадалтай багш хүн. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутаг Төгрөг гэдэг газар, малчин ард Найдангийн ууган хүү болон мэндэлсэн түүнийг өдгөө олон мянган шавь нар нь “Батсүх багш” хэмээн даруухан дуудан, эрхэмсгээр хүндэлж явааг нь харахад бахархахгүй байхын аргагүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын гавьяат багш, ШУТИС-ийн хүндэт профессор, Монгол Улсын зөвлөх инженер, Геологи-минералогийн шинжлэх ухааны доктор, профессор Н.Батсүх олон мянган шавь нарынхаа сэтгэлд дэндүү ойр байж аав-уул нь болон сүндэрлэжээ. Тэрбээр ОХУ-ын Москва хотын Геологи хайгуулын дээд сургуулийг уулын инженер, гидрогеологич мэргэжлээр төгссөн төдийгүй Монгол Улсад Гидрогеологи, инженер геологи, геоэкологийн салбарыг анх үүсгэн байгуулагч юм. Профессор Батсүх 1967 оноос МУИС-ийн Геологи-географийн факультетийн Ерөнхий геологийн тэнхимд багшаар томилогдон ирснээс хойш тасралтгүй 48 жил багш, тэнхмийн эрхлэгч, декан, тэргүүлэх профессороор ажиллаж иржээ. Бүүр тодруулбал, Батсүх багш гидрогеологи, инженер геологи мэргэжлийн анхны сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг санаачлан боловсруулсны үндсэн дээр Монгол Улсад 1973-1974 оны хичээлийн жилээс гидрогеологи, инженер геологийн дээд мэргэжилтэн бэлтгэхээр анхны элсэлт авч эхэлж, түүний удирдлага дор 1978 оноос гидрогеологийн тэнхим байгуулагдан анхны эрхлэгчээр нь өөрөө ажилласан аж. Түүгээр ч зогсохгүй Батсүх багшийн санаачлагаар геоэкологи, инженер геологи мэргэжлээр мэргэжилтэн шинээр бэлтгэх болсон агаад өдгөө гидрогеологи, инженер геологи, геоэкологи гэсэн гурван мэргэжлээр дээд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж байна. Энэ ч үүднээс Батсүх багшийн гар дээр өдлөн, жигүүрээ дэвэн амьдрал хэмээх их далайд хөл тавьсан шавь олон бий. Монгол Улсад анхны суурийг нь тавьсан гидрогеологи, инженер геологи, геоэкологи гэсэн мэргэжлээрээ өдгөө 500 гаруй инженер бэлтгэж, эх орондоо илгээсэн чадварлаг эрдэмтэн гэдгийг бас хэлье.

Анх миний бие Батсүх багштай уулзахаасаа өмнө зарим шавь нараас нь “Манай багш хатуу дүнтэй, хариуцлага өндөртэй” энэ тэр гэж ярихыг нь сонсоод их л яхир, ааш муутай хүн байх гэж бодож байсан. Гэтэл уулзаад, яриа өрнүүлээд ирэхэд харин ч бүрсэтгүүлч миний,хүн бүрт байгаасай гэж боддог тусархуу, аливаад няхуур нямбай, ажилч хичээнгүй зэрэг сайн чанарууд Батсүх багшид байдаг болох нь алхам тутам ажиглагдаж энгийн, бүр дэндүү гэмээр энгийн, хүнлэг хүн болохыг нь анзаарсан. Тиймээс Батсүх багш шиг мэргэжлээ чадамгай эзэмшсэн, ажилласан салбартаа үнэнч, оюутан болоод төгсөгчдөдөө хайртай, хамт ажиллагсдадаа дэмтэй хүн олон байгаасай гэж бодож явснаа нуугаад яах вэ. Батсүх багш шиг сайн хүн, чадварлаг мэргэжилтэн олон байвал наад зах нь улс орны маань ч хөгжил амархан урагшилна. Дээр нь Батсүх багш шиг шавь нараа мэргэжлээсээхэзээ ч урвахгүй болгон хүмүүжүүлж, төгсгөдөг мэргэжилтэн ялангуяа өнөө үед туйлаас их хэрэгтэй байна шүү дээ. Багшийн эрдэм шавьд гэгчээр Батсүх багшийн шавь нар одоо Монгол орны дөрвөн зүг, найман зовхист хөдөлмөрлөж эх орныхоо бүтээн байгуулалтад гар, бие оролцон төгссөн сургууль болоод багшийнхаа нэрийг өндөрт өргөж явна. Үүнд хөдлөшгүй үнэн баримт дурдъя л даа.

Батсүх багшийн мэргэжлээр ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийг төгссөн шавь нараас Завхан аймагт С.Пүрэвжав, Ховдод Д.Пүрэвхүү, Өвөрхангайд Г.Цэцгээ, Сүхбаатарт А.Баатархүү, Баянхонгорт Ж.Сангижав, Архангайд И.Үүрцайх, Хэнтийд Г.Эрдэнэ-Очир, Баян-Өлгийд К.Халиасхар, Дорноговьд П.Дугар, Улаанбаатарт Г.Цэрэндондов нар дандаа усны компанийг толгойлж, захирлаар ажиллаж байгаа юм. Улаанбаатар хотод байрлах инженер хайгуулын компанийн захирлууд мөн л Батсүх багшийн шавь нар гээд бод доо. Тухайлбал, О.Балдорж/“Таван үндэс”/, Т.Бээжинхүү /“Орхон гидрогео”/, Г.Тунгалаг /“Гурван тэс”/, П.Наранцэцэг /“Гидрогео”/, Б.Чанцал /“Хангай инж гео”/, М.Мягмаржав /“Инж гео тех”/ Ё.Энхцэцэг /“Бар инж гео”/, И.Сайнсанаа /“Land test”/ нар багшийнхаа нэрийг дуудуулж ажил үйлсээрээ мөн л манлайлж явааг хэлэхэд бахархууштай. Бас нэгэн жишээ, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж нэр нь аль хэдийнэ танил болсон “Монполимет” ХХК-ийн захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ц.Гарамжав, барилгын чиглэлээр Т.Олзвой захирал, банк санхүүгийн чиглэлээр “Голомт” банкны захирал хэмээгддэг Д.Баясгалан нар Батсүх багшийн хайртай шавь нарынх нь нэг.Багш хүнд шавь нараас нь илүү гоёл, шавь хүнд багшаас илүү эрхэм хүн үгүй юм гэдгийг Батсүх багштай уулзаж явахдаа илүүтэй мэдэж авлаа. Батсүх багш, “Миний шавь нар тэнд, ингэж амжилттай ажилласан, ажиллаж байна” гээд л нэрийг нь хэлж, тэнгэрт хурсан үүлийг нүүтэл нь тас тас хөхрөн ярьж байгааг нь хараад багш шавийн нандин холбоо гэж их нарийн учир утгатай зүйл байдгийг мэдэрсэндээ олзуурхаж билээ. Тиймээс Батсүх багш шавиараа, шавь нар нь Батсүх багшаараа бахархан он цагийг ажил үйлс, амжилт бүтээлээрээ жигүүрлэж явна.

Багштайгаа өнөөдөр мөр зэрэгцэн ажиллаж байгаа ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн геологи, гидрогеологийн тэнхимийн доктор, дэд профессор Д.Оюун, “Манай Батсүх багш бол их эрдмийн уурхай, зохион байгуулалт сайтай хүн, аливаад хариуцлагатай, өдрийн тэмдэглэл хөтөлдөг, наргианч хошин зантай, дандаа явган алхдаг,спортлог, шавь нартаа болон шавь нарынхаа ар гэрт анхаарал тавьдаг, шавь нараа хөтөлж ажилд оруулдаг, миний ажлын түшиг тулгуур, бахархал, залуу сэтгэлгээтэн, үнэхээр найдвартай хүн” гэх мэтээр ярьж багшийгаа лав бөөн соёл ханхалсан, ханхлуулсан хүн гээд магтаад авна билээ. Харин 20 шахам жил хүү шиг нь, найз шиг нь яваа “SATU” ХХК-ийн захирал, доктор Г.Туваансүрэн, “Батсүх багшийг компанийнхаа чадварлаг зөвлөгч, ясны эрдэмтэн нэг үгээр хэлбэл шавхагдашгүй эрдэм, номтой их л ховор хүн дээ” гэж дуу алдан тодорхойлсон нь одоо ч сэтгэлд тод үлджээ. Мөн “Усны нөөц-хөгжлийн бодлого” хэмээх танин мэдэхүй, шинжлэх ухаан, усны бодлогын өнгөрсөн, одоо, ирээдүйн тухай даацтай, уншууртай ном бичиж уншигчдадаа хүргэсэн “Усны” гэх тодотголтой “Усны ассоциаци” ТББ-ын тэргүүн, доктор Д.Батмөнх багшийгаа туйлбартай, түшигтэй, туйлын хүнлэг хүн гэж цөөн үгээр тодотгосныг энд онцлох нь зүйтэй байх аа. Юутай ч багшаараа бахархаж буй Д.Батмөнх, Д.Оюун нарын тухай нэмж хэлэхэд тэдний докторын ажлыг Батсүх багш удирдаж, ажил, амжилт өөд хөтөлсөн нэгэн. Жишээлбэл, Батсүх багш Г.Цэрэнжав, У.Борчулуун, Д.Доржсүрэн, М.Мягмаржав, А.Түвдэндорж, Д.Батмөнх, Ч.Жавзан, Д.Оюун, П.Хөхөө гэсэн есөн хүний докторын ажлыг амжилттай удирджээ. Эдгээр эрдэмтэд багштайгаа мөр зэрэгцэн эрдмийн ажилд хоёргүй сэтгэлээр зүтгэж, Батсүх багшийнхаа магнайг тэнийлгэж яваа нийгэмд болоод салбартаа нэрээ аль хэзээний дуудуулсан чадварлаг сайн эрдэмтэд болж өсөн өндийж чаджээ. Тэгээд ч Батсүх багш шиг олон доктор өлгийдөн авсан эрдэмтэн Монголд бараг л байхгүй. Цаашилбал, түүн шиг хоёр шинжлэх ухааны докторын зэрэгтэй оюунлаг профессор ховор юм.

“Хөвсгөл далай намайг эрдэмтэн бас олон сайхан шавьтай болгосон” хэмээдэг Батсүх доктор 1975 онд “Хөвсгөл нуурын ай савын голуудын гадаргын ба газар доорх урсац бүрэлдэх зүй тогтол” сэдвээр газарзүйн ухааны докторын зэргийг ОХУ-ын Эрхүүгийн их сургуульд хамгаалсан байдаг. Өөрөөр хэлбэл, тэрбээр Хөвсгөл нуурын ай савд 25 жилийн турш 29 удаа урт, богино хугацаагаар ажиллаж, нуурт цутгаж байгаа 96 гол горхи, ундарч байгаа булагууд, халиа, бөөрөг, нуурын мөсөн бүрхүүл, усны баланс, усны температурын горимыг судалсан. Тодруулбал, профессорын Хөвсгөл нуурт хийсэн судалгааны ихээхэн хэсэг нь нуурыг аж ахуй зориулалттай ашиглах усан замаас гадна Хатгал, Ханхын хоорондох мөсөн замыг судалж түүгээр, автомашинаар тээвэр хийхэд мөсний байдлыг тооцох зөвлөмж, нуурын загасыг хэрхэн ашиглах шинжлэх ухааны үндэстэй зөвлөмж зэргийг зохиож аж ахуйн байгууллагуудад нэвтрүүлжээ. Хөвсгөл нуурын мөсөн бүрхүүлийн тохиромжтой ба тохиромжгүй нөхцөлийг үндэслэн мөсөн бүрхүүл эрт тогтож зузаардаг, орой задардаг, хилийн хөдөлгөөн, газар доорх усны ундарц багатай зүүн талаар, тухайлбал Хатгал-Тойлгот-Далайн хүйс арлын зүүн тал-Турт гэсэн чиглэлээр автомашинаар тээвэр хийх, замын чиглэлийг сонгох нь илүү тохиромжтой болохыг тогтоосон. Энэчлэн Батсүх багшийн судалгаа, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн эрдэм шинжилгээний ажлыг нэг бүрчлэн тоочин бичвэл хэдэн боть ном болох нь гарцаагүй.

Батсүх багшийн хэлж, ярьж байгаа үг бүр нь ухаалаг. Ухаантай, үнэн үг унагадаг учраас л Батсүх багшид шавь нар нь, хамт ажилладаг нөхөд нь хайртай байдаг болов уу. Түүний үе үеийн шавь нар Утга зохиолын сургуулийг санагдуулам багшдаа маш олон шүлэг зориулан бичсэн байна билээ.

Эгэл жирийн энгийн байдал тань

Элдэв зан аашгүйг илтгэн харуулах юм

Багш гэж цэмцэгнэж хойш суухгүй

Бусдын адил бужигнах юм, Та

Үргэлж бидний төлөө

Үнэт сургаалаа хэлж

Үрчлээ суутал санаа зовж

Үүрд өөрийгөө зөнд нь хаях юм, Та… хэмээн ШУТИС-ийн Гидрогеологийн нэгдүгээр дамжааны оюутан Ч.Мөнхцэцэг тэрлэжээ.

Энэ мэтчилэн багшдаа зориулж, оюутны ширээнээс төрсөн олон найргийн хөгийг Та тольдоорой. Энэ бүхэн Батсүх гэж ямархан багш вэ гэдгийг төвөггүйхэн илтгээд өгнө дөө.

Түүнчлэн Батсүх багш асар их бүтээлч хүн. Эх орондоо мэргэжилтэн бэлтгэх завгүй их ажлынхаа хажуугаар 149 оюутны дипломын төслийг, 22 магистр оюутны төгсөлтийн ажлыг, дээр хэлсэнчлэн есөн доктор оюутныг тус тус удирдаж амжилттай төгсгөсөн буянтай буурал. Бас болоогүй ээ, эрдэм судлалын ажилд хичээл зүтгэл гарган 500 гаруй эрдэм шинжилгээний бүтээл туурвиж олон түмэнд хүргэснээс гадна гидрогеологи, инженер геологи, геоэкологийн хичээлийн агуулгыг тодорхойлж сурах бичиг, гарын авлага, лаборатори, дадлагын ажлуудын заавар боловсруулж, сургалтын материал эмхэтгэн гаргаж эх хэл дээрээ мэргэжлийн ном сурах бичгийн хангамжийг бий болгосон гавьяатан. Энгийнээр ойлгоход аливаа шинжлэх ухааны ном, сурах бичиг эх хэл дээр байхгүй бол хөгжих хөгжил, таатай уур амьсгал төдийлөн бүрдэхгүй. Энэ ч үүднээс өнөөдөр Батсүх багшийн бичсэн олон арван номыг ШУТИС, тэр дундаа Геологи, газрын тосны сургууль сургалтандаа ашиглаж байна. Эрдэмтэн, багш, оюутнууд ширээний номоо болгон огт салахгүй нөхөрлөж, эх орныхоо хөгжлийн ирээдүйн төлөө суралцаж явна. Энэ нь Батсүх багшаар бахархах бахархал яалт ч үгүй мөн байгаа биз. Эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу сурах бичиг зохионо гэдэг хэн бүхэнд олдоод байдаг хувь тохиол, чадвар биш. Үүнд мэдээж оюун ухааны өргөн цар хүрээ нэгдүгээрт бичигдэнэ. Тиймээс л хэн дуртай нь сурах бичиг зохионо гэж зориглон барьж авдаггүй, авсан ч шүүлтүүр даах нь ховор. Тэгвэл Батсүх багшийн бичсэн хэдэн арваараа тоологдох сурах бичгүүд чадал чансаа, он цагийн шүүлт дааж байгаа болохоор л өдгөө тэрбээр Гидрогеологи, инженер геологи, геоэкологийн эрдмийн сурах бичгүүдийг туурвиж, хөрс суурийг нь эх орондоо нутагшуулж чадаж байгаа туйлын чадварлаг зөвхөн эрдэм номын төлөө төрсөн эгэл нэгэн хүн юм.

Товчхондоо бол Монгол Улсад Гидрогеологи, инженер геологи, геоэкологийн салбар үүсэхэд Батсүх багшийн оруулсан хувь нэмэр асар их төдийгүй энэ салбарт өөрийнхөө суваргыг босгосон шиг босгож яваа мэргэжилдээ туйлын үнэнч багш.Батсүх багшийг мэргэжил нэгт нөхөд нь хүний төлөө шинжлэх ухааныг хөгжүүлэгч гэж тодорхойлсон нь нүдээ олсон дүгнэлт гэлтэй санагдаж байна. Учир нь Н.Батсүх багшийн эрдэм судлалын ажлын чиглэл хамгийн хүмүүнлэг, энэрэнгүй амьдралыг тэтгэх хүний төлөө шинжлэх ухаан аж. Гидрогеологийн шинжлэх ухаан нь дэлхийд анх амьдралыг үүсгэгч, түүнийг цаашид тэтгэж буй чандмань эрдэнэ хэмээгддэг устай холбогддог. Монгол Улсын усан хангамжийн 90-ээс дээш хувийг зөвхөн газар доорх усаар хангаж байгааг онцлоход Батсүх багшийн Монгол Улсад хөгжүүлж байгаа Гидрогеологийн шинжлэх ухаан ямар их ач холбогдолтой болох нь хэн хүнд ойлгомжтой.

Барилга байгууламж болон уул уурхайн төлөвлөлтийн анхны суурийг инженер геологийн судалгаагүйгээр төсөөлөхийн аргагүй. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах үүрэгтэй өнөө үед үүнийг хэрэгжүүлэх үндсийг инженер геологи, геоэкологийн шинжлэх ухааны үндэстэй судалгаа баталгаажуулдаг учраас л профессор Н.Батсүх үнэхээр хүний төлөө, хүний амьдралыг тэтгэх, аюулгүй, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх шинжлэх ухааныг хөгжүүлэхийн төлөө чөмгөө дундартал ажиллаж яваа боловсорсон, чадалтай жинхэнэ эрдэмтэн гэхээс өөрцгүй юм. Ийм учраас л Батсүх багшийн бусдад элэгсэг, сайхан ханддаг, хүнлэг энэрэнгүй чанарыг хэлээд барахгүй. Тиймээс энэ нь мөн л хүнлэг салбартай холбоотой байх нь. Нөгөөтэйгүүр Батсүх багш хаана байна тэнд хүмүүсийн стресс тайлагдаж, оюун ухаан тэлдэг гэхэд хилсдэхгүй. Үнэн чанартаа бол Батсүх багшийг хамт олон, гэр бүл, үр хүүхэд, шавь нар гээд ойр дотныхоо бүх хүмүүсийн төлөө сайхан сэтгэл өвөрлөн амьдардаг, өөрт оногдсон бас үүрсэн ачаандаа хэзээ ч түүртэж байгаагүй Хүн-уул гэж хэлж болно. Тэрбээр бүр өдөр болгон хийх, бүтээхийн урам зоригт хөтлөгдөж, хүнлэг зан түгээсээр бидний дунд өөрийнхөөрөө, нэг л зангаараа алхалж яваа сайхан буурал эрдэмтэн. “Хэзээ, яаж амжуулдаг байна вэ” гэж дуу алдмаар их бүтээл туурвиж, бүтээж яваа амьд уулс болон бидний дунд дүнхийж байна. Жинхэнэ оюун ухааны төлөө төрсөн, түүнийхээ төлөө тууштай ажиллаж яваа эрдэмтэн гэж Батсүх багшийг л хэлнэ.

Тэгээд ч ер нь Батсүх багшийн тухай бичихэд мянган үгийн магтаал огт хэрэггүй. Батсүх багш зүгээр л ажил хөдөлмөр, хичээл зүтгэл, оюуны цар хүрээгээрээ эрдэм шинжилгээний ажлыг дэлгэрүүлж, олон чадалтай залуусыг үүнд уриалан дуудаж, дурлуулж, үр дүнг нь мэдрүүлж яваа жирийн нэгэн эрхэмсэг багш билээ. Батсүх багштан хэзээ ч бусдыг дагаж туйлшраагүйгээрээ бас бусдын элэгсэг занг өөртөө татдаг. Аливаа зүйлийг тал талаас нь бодож байж сая даацтай дүгнэлт гаргах нь түүний уугуул чанар. Ямарваа нэгэн зүйлд оновчтой хувилбар, шийдвэр сонгож чаддаг болохоор л түүнийг шавь нар нь хүрээлж ажлаар жил бүр дардаг биз. Энэ нь мөн л Батсүх багшийн мэдлэгийн цар хүрээг гэрчилдэг аж. Ийнхүү өдөр бүр өөрийгөө дүгнэж, олон шавь нар, эрдэмтдийнхээ өмнө мэдлэгээ шалгуулж, онц дүн аван алхдаг Батсүх багшийн тухай хэлэхгүй өнгөрч боломгүй дахин нэг зүйл бий. Тэрбээр эх орны хишиг хэмээн хүн бүрт олгосон мөнгөөрөө оюутнуудынхаа бичсэн эрдмийн ажлыг дэмжиж “Байгалийн гайхамшигт газрын аялал жуучлалын тааламжийн үнэлгээ” гэдэг хэн бүхэнд хэрэгтэй номыг ивээн тэтгэж хэвлүүлсэн гэж байгаа. Оюутны байтугай мэргэжлийн зохиолч номоо хэвлүүлэх гээд мөнгө олддоггүй хэцүүхэн байдал ноёрхсон өнөөгийн нийгэмд үүнийг буян, хүнлэг сэтгэлийн сайхан өглөг гэхээс өөр хэлэх үг надад л лав олдохгүй байна. Тэгвэл энэ буянтай, цагаахан үйлсийг Батсүх багш л үйлдэж олон шавь нараа баярлуулжээ. Энэчлэн Батсүх багш дандаа шинийг эрэлхийлж, хүнд хэрэгтэй, хүмүүнлэг, энэрэнгүй зүйл хийхийн төлөө зүтгэж, хийж яваа нэгэн.Тэгэхээр Батсүх багш Монгол Улс дахь Гидрогеологи, инженер геологи, геоэкологийн салбар хэмээх их айл гэрийн хойморыг эзэгнэсэн эрдмийн их оргилуудын нэг яах аргагүй мөн гэдгийг түүний туулсан амьдрал, бүтээсэн хөдөлмөр, эрдмийн их далай нь цаг ямагт гэрчилсээр. Яагаад гэвэл Батсүх багшийн эрдмийн их уурхай улам л өндөрт сүндэрлэсээр байна. Тиймээ, Батсүх багш бол оюун ухаанаараа хүн ардынхаа дунд гэрэлтсэн цаст өндөр түүчээ нь. “Өөрийгөө үргэлж ирлэж яв” гэж хэлэх дуртай тэрбээр одоо ч оюутнууд, эрдэмтэд дундаа стресс тайлагдтал тас тас хөхрөн эрдмийн их уурхайг өөр дээрээсээ нисгэж л суугаа. Нэг үгээр хэлбэл, эзэмшсэн мэргэжлээсээ нэг ч хором холдохгүй, өөрийнхөө бүхий л ажил, амьдралыг Монголын гидрогеологи, инженер геологи болон геоэкологийн үндэсний мэргэжилтэн бэлтгэхэд үнэнчээр зориулж багш хэмээх их үйлсээр овоглуулан 50 дахь хавраа ийнхүү бүтээл туурвил арвинтайгаар угтаж байгаа нь энэ. Тиймдээ ч Батсүх багшийн босгосон их бүтээлийн ундарган суварга хэзээ ч үнэ цэнээ алдахгүй. Он цаг өнгөрөх тусам улам л өнгө орох нь гарцаагүй юм.

Зохиолч, сэтгүүлч Баттөрийн ДААРИЙМАА

2015.03.11

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *