“Их нүүдэл” цувралаар “Моодун шаньюй”, “Хүүхэн шаньюй”, “Тэнгэрийн ташуур Аттила” гурамсан романаа уншигчдад өргөн барьсан нэрт нанхиадач, МЗЭ-ийн болон утга зохиолын “Алтан өд” шагналт зохиолч Ядмаагийн Ганбаатарын “Утга зохиолын тухай өгүүллүүд” ном хэвлэлийн будаг ханхалсан шинээрээ өмнө минь байна. Эдүгээ Тайваньд консулын алба хашин буй эрхэм эрдэмтний бүтээлийн цоморлигт нийт хорин долоон өгүүлэл багтжээ.
Энэ ном Эрээнцавын эвдрээгүй найрагч Данзангийн Нямсүрэнгийн “Амитаба” хэмээх гайхамшигт найргийн тухай “Амитаба бурхны сэтгэлээр мөнхийн найраг туурвихуй” гэсэн дорвитой өгүүллээр эхэлж, “Ертөнцийн явдал” олимпийн тэнгэрт хур болон бууж, дэлхийн сонорт эгшиглэнэм”, “Б.Галсансүхийн гурван гавьяа”, төрийн шагналт яруу найрагч Ц.Бавуудоржийн уран бүтээлийн талаар бичсэн “Хүннү туульс” хүчирхэг дуурьсаж байна”, “Д.Нацагдоржийн уламжлал буюу Б.Золбаярын яруу өгүүллэгүүд”, “Күнз ба Равжаа”, “Зян Рунгийн “Чонон сүлд” хийгээд монголчууд бид” зэрэг уншууртай, даацтай бүтээлүүд багтсан нь сайн оюут бичгийн мэргэдийн анхаарлыг зүй ёсоор татаж байна.
Я.Ганбаатар бол өмнөх мөрөө тэмтчин бэдичдэг жирийн нэгэн сохор судлаач биш харин оюун сэтгэлгээний шинэ арал нээхээр зориг шулуудсан билгүүн төгөлдөр бичгийн хүмүүн юм гэдгийг бичсэн өгүүлэл шүүмжүүдийг уншаад мэдэж болно. Энэ бол магтаалын цаасан малгай духдуулсан явдал биш гэдгийг манай уншигчид надаар хэлүүлэлтгүй гадарлана. Үүнийг нь Монголын зохиолчдын мэргэжлийн байгууллагаас зохион байгуулдаг оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” дээд шагналыг “Нангиадын утга соёлын товчоон”, Хүн гүрний үеийн тухай “Их нүүдэл” гурамсан романуудаараа хоёронтоо хүртсэн явдал бэлээхэн гэрчилнэ.
Я.Ганбаатар зөвхөн утга зохиол, хэл соёлын талаар л дуугардаг, хятад хэлнээ дулдуйдсан өчүүхэн бичээч биш гэдгийг энэ номонд орсон “Түвд банхар, монгол банхарын тухай өгүүлэхүй”, “Гурван улсын үлгэр” их туурвилын тухай товчхон өгүүлэхэд”, “Монголын газрын зураг” хэмээх бүтээлийн тухайд”, “Манайд хэл бичгийн бодлого байна уу”, “Яруу найраг хүн төрөлхтөнийг аварна”, “Норвегийн ой” хэмээх анхны хайрын дууль”, “Монгол бол их чанартай, чадалтай үндэстэн”, “Яруу найргийн үзэсгэлэнт аралд зорчсон тэмдэглэл”, “Ногоон нүдэн лам” лайтай ном” зэрэг өгүүлэл, тэмдэглэл, шүүмжүүд гэрчилнэ.
Уншсан хүнд саргүй харанхуй шөнөөр гар чийдэн шиг гэрэл гэгээ болчихмоор санаа сэдэл болчихмоор нарийн ширийн зүйл захаас аван таарах нь бичгийн их чадалтай хүний арга барил яах аргагүй мөн. Ганц нэг жишээ татахад их эрдэмтэн Чой.Лувсанжав багшийнхаа цагтаа хэчнээн их харам байсан тухай нь “Гудамжинд явж байхад нь өөдөөс нь таньдаг хүн ирж харагдвал гудамжны нөгөө тал руу бушуухан гараад явчихдаг байсан гэж өөрөө ярьдаг байлаа. Цаг хугацаа гэдэг алдвал эргэж олддоггүй тийм л үнэтэй нандин зүйл байсныг яс махаараа мэдэрсэн хүний үг дээ” гэж бичсэн нь өнөөгийн бидэнд нэн хамааралтай юм. Ноён хутагт Равжааг тэрээр хятадын их ухаантан Күнзтэй адилтган зохиол бүтээлийг нь зэрэгцүүлэн жишиж судалсан нь яах аргагүй сонирхол татна. Эрдэмтэн-зохиолч Я.Ганбаатарын “Утга зохиолын тухай өгүүллүүд” дэлхийн сонгодог болоод Монголын утга зохиолын их далайг харьцуулсан үнэлэмжээрээ манайд шинэ зам нээсэн бүтээлийн чуулган болсныг дурдах нь зөв болов уу. Номын гэрэлт жим оюуны их харгуй болон өргөсч, зон олныг замчлах болтугай!