Өдрийн сонины “Хэлэл эрхийн индэр” буланд орсон иргэн Д.Мишигбазар
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Оюу толгой манай улсын жилийн төсөвтэй тэнцэх борлуулалт хийдэг мөртлөө ердөө зургаан хувийн татвар төлдөг тухай ярьсан. Үнэхээр тийм бол яагаад ийм бага ашиг авч байгаа юм. Оюу толгойн борлуулалт, ашиг орлого, татварын мэдээллийг нээлттэй, ил тод болгомоор байна. Хоёрдугаарт, ашиг орлогоо гаднын банкинд байршуулдаг гэж сонссон. Үүнийг засмаар байна. Монгол Улсад, манай банкинд байршуулбал бидэнд ашигтай, үүнийг шийдэх хэрэгтэй.
Гуравдугаарт, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлэхдээ Оюу толгойд нэмэлт роялти тавина гэж хэлсэн. Энэ асуудлаа зангарагтай авч үзэх хэрэгтэй юм. Оюу толгойн гэрээг сайжруулах эрх Засгийн газарт бий гэж ярьдаг юм билээ. Үнэхээр тийм юм бол Оюу толгойн гэрээг засаж сайжруулахыг хүлээж байна. Төсөв алдагдалтай, өр ширтэй байна. Үүнээс гарах хамгийн зөв арга бол зээлийг зээлээр түр зуур хаах биш өөрийн эдийн засгаа эрүүлжүүлэх юм. Өөрөөр хэлбэл, Оюу толгой төслөө ашигтай ажиллуулах хэрэгтэй байна. Яагаад үүнийг яриад байна гэвэл Оюу толгой төслийг ашигтай болгож чадвал олон компани дагаад сайжирна. Энэ талаар яг гүнд нь ороод сайн ярих, ярихаар барахгүй тэмцэх улстөрч байхгүй байгаа л даа. Энэ л харамсалтай. Харин үүнийг далимдуулаад хэлчихэд Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар зүгээр нэг шүүмжлээд суумааргүй байна.
Ард түмэн чинь элгээрээ хэвтээд, улс орон чинь өрөнд баригдаад дууслаа. Зарим хүмүүс Оюу толгой хамгийн их татвар төлж байгаа гэж ярьдаг юм. Асуудлын гол нь Оюу толгойгоос ашгаа шударгаар авах тухай болохоос биш өнөөдөр хамгийн их татвар төлөгч гэж яриад, хууртаад байж боломгүй байна. Оюу толгойгоос татвараа үнэн зөв тооцож авч чадвал манай улсын төсвийн орлого маш ихээр нэмэгдэнэ. Төсөв алдагдалгүй болно, өр зээлгүй болоход их түлхэц болно. Нэг хүнд ноогдох ДНБ нэмэгдэнэ. Цалин тэтгэврээ нэмэх боломж гарна. Товчхондоо хэлэхэд, ард түмний амьдрал сайжирна, ажилтай орлоготой болно. Ийм л юм байгаа юм.