Categories
мэдээ цаг-үе

Оюу толгой тойрсон улстөржилтийн цаана нуугдсан тайлбарууд

2035 он гэхэд дэлхийд зэсийн нийлүүлэлтийн дутагдал 10 сая тонноор хэмжигдэнэ гэсэн аварга тоо дуулдаж байна. Цахилгаан машины хэрэглээний огцом өсөлт, сэргээгдэх эрчим хүчний шинэ эрин гэж ирээд яривал дэлхий зэсээр ангахаас аргагүй болчихсон нь бодитой үнэн. “Рио тинто”-гийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат “Ирэх 25 жилийн зэсийн хэрэгцээ л гэхэд бүх уул уурхайн компаниуд нийлээд өнгөрсөн 500 жилд үйлдвэрлэсэн нийт зэсийн хэмжээтэй дүйхүйц их байх таамгийг уул уурхайн мэргэжилтнүүд дэвшүүлж байна. Энэ их эрэлт, хэрэгцээг хэн хангах вэ? Хэцүү сорилт мэт боловч Монгол шиг зэс үйлдвэрлэгч орны хувьд харин эсрэгээрээ нэн таатай боломж юм. Одоо л цаг алдалгүй зөв хөдөлж чадах аваас Монгол Улсын хурдацтай хөгжлийн замд орох гээд байна” гэж зүгээр ч нэг хэлээгүйг сая дурдсан статистикаас харчихаж болно. “Чалко”-гийн толгой компани эртнээс Оюу толгойн хувьцааг сонирхсоор ирсэн нь зэсийн зах зээлийн энэ ирээдүйг олоод харчихсан учраас тэр л дээ.

Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт дуусч олборлолт эхлэх үеэс л зэсийн зах зээлд сэргэн мандалт ирнэ гэж эрдсийн шинжээчид онцолж байна.Оюу толгой ордын үнэ цэнийн 80 хувь нь гүндээ бий. Энэ төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт дуусч, уурхай бүрэн чадлаараа ажиллаж эхэлбэл Монгол дэлхийн зэсийн зах зээлийн тоглогчдын нэг болно гэж шинжээчид онцолдог. Уурхай бүрэн чадлаараа ажиллаж эхэлбэл зэсийн баяжмалын үйлдвэрлэл 1.1 сая тонноор нэмэгдэж 1.8 сая тоннд хүрнэ гэсэн тооцоо бий.

Монголд төдийгүй дэлхийд гэж яригддаг энэ орд тойрсон улстөржилт сүүлийн арваад Засгийн газрын байнгын сэдэв байсаар ирсэн. Өнөө ч зэс, алтны энэ том төслийг тойрсон улстөрийн халуун буугаагүйг сүүлийн үед өрнөж буй үйл явдал бэлхнээ батална. Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг эргэж харъя, Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед за зүй болж баталсан Дубайн гэрээг цуцлах ёстой гэсэн утгатай үгсийг зарим улстөрч давтамжтай унагаж байна. УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтэд ч иймэрхүү агуулгатай үг, өгүүлбэр бий. Оюу толгой тойрсон улстөржилтүүдэд баримттай тайлбар зүүсэн мэдээлэл өнөөхөндөө ховор байна. Өмнийн говьд хэрэгжиж буй Оюу толгой төсөл тойрсон улс төр, эдийн засгийн тайлбарыг харьцуулан хүргэе.

Дубайн гэрээ

Дубайн гэрээг цуцлах ёстой гэсэн байр суурин дээр цөөнгүй улстөрч ам, санаа нэгдэж буй. Дубайн гэрээгээр хоёр талын шийдэлд хүрсэн гол асуудлыг багцалъя. Эхний асуудал нь зээлийн хязгаар. Зээлийн хязгаарыг талууд зургаан тэрбум ам.доллар гэж тохиролцож байв. Өөрөөр хэлбэл гүний уурхайн бүтээн байгуулалтад зарцуулах мөнгөний хязгаар дээр хоёр тал шийдэлд хүрсэн юм. Хоёр дахь том өөрчлөлт нь менежмэнтийн төлбөрийг бүх зардлаас зургаан хувь байсныг бууруулж гурав болгосон тохироо. Төслийн менежмэнтийн зардлыг энэ хэмжээнээс ч буулгах боломж бий гэж эдийн засагчид онцолдог. Тодруулж хэлбэл хоёр тал хэлэлцээрийн ширээний ард дахин суувал төслийн менежмэнтийн зардлыг бууруулах тухай яриа хөөрөө өрнөх шаардлага бий. Оюу толгой төслийг удирдаж, менежмэнт хийж байгаагийнхаа төлөө “Рио”-гийн авч буй ажлын хөлс төслийн бүх зардлын гурван хувийг эзэлдэг. Менежмэнтийн хөлсийг зардлаас биш ашгаас тооцох ёстой гэсэн саналыг учир мэдэх улс хэлдэг. Хэлэлцээрийн ширээний ард яригдах учиртай асуудлын нэг гэдэгтэй олон хүн санал нийлдэг. Дубайн гэрээгээр шийдсэн гурав дахь асуудал нь “BHP”-д мөнгө төлөхгүй болсон явдал. “BHP Billiton” компани анх “Айвенхоу майнз”-д лицензээ шилжүүлэхдээ “Наад газраас чинь юм олдвол бүх орлогоос чинь хоёр хувийг авна” гэсэн тохироо бүхий гэрээ байгуулж байсан юм. Хөрөнгө оруулагч тал рояалтиг цэвэршүүлсэн зэс, алтнаас тооцож өгөх талд зогсч байсан ч Монголын засгийг төлөөлж хэлэлцээ хийсэн хүмүүс энэ байр сууринаас нь ухрааж байв. Бүр тодруулж хэлбэл Монголын Засгийн газар Оюу толгойгоос рояалти авахдаа цэвэршүүлсэн зэсээс биш, баяжуулснаар нь тооцохоор болсон. Өөрөөр хэлбэл Монголын тал ахиу рояалти авах байр сууриа Дубайн гэрээнд тусгаж чадсан байдаг. Хамгийн өндөр үнэтэй гэгддэг Лондоны металлын биржийн ханшийг жишиг үнэ болгох тохироог Монголын Засгийн газар, “Туркойз хилл”, “Рио тинто“ компаниуд Дубайд хийж байлаа. Улстөрчдийн “Оюу толгойн баяжмалын орц найрлага тодорхой биш байна” гэсэн шүүмжлэл бодит байдлаас зөрсөнийг Дубайн гэрээний өөрчлөлтөөс харж болно. Оюу толгой баяжмалын дээжээ геологийн төв лабораториар заавал давхар шинжлүүлэх үүргийг Дубайн гэрээгээр хүлээж байгаа.

Ажлын хэсгийн дүгнэлт ба Оюу толгойн хариу

УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтүүд хэвлэлээр хангалттай цацагдаж байгаа. Харин УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд ирүүлсэн “Оюу толгой” компанийн тайлбар олны анхааралд ороогүй хэвээр байна. УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтэд “Анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх талаар хөрөнгө оруулагчтай тохиролцохыг УИХ-аас 57 дугаар тогтоол гаргаж Засгийн газарт үүрэг болгосон ч хөрөнгө оруулалтын гэрээнд 2041 оноос асуудлыг хөндөж 50 хувь болгох талаар сонголт хийх эрхтэйгээр тусгасан байна” гэсэн утгатай өгүүлбэр багтаад буй. Энэ дүгнэлтэд Оюу толгой компаниас “Дараахь шалтгаанаар УИХ-ын 57 дугаар тогтоол зөрчигдөөгүй гэж үзэж байна. 57 дугаар тогтоолд анхны хөрөнгө оруулалтаа нөхмөгц гэж заагаагүй. Мөн тогтоолын төсөлд анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа хувьцааны хувь хэмжээг нэмэгдүүлэх тодорхой хугацаа тусгаагүй. Анхны хөрөнгө оруулалтыг хөрөнгө оруулалтын гэрээний эхний хугацаанд нөхөхөөр тооцож байна. Гэрээний эхний хугацаа дууссаны дараа Монголын төр өөрийн эзэмшлийн хувьцааны хувь хэмжээг 50 хүртэл хувьд хүргэн нэмэгдүүлэх эрхтэй” гэсэн тайлбар өгчээ.

Зээлийн хүүг хөрөнгө оруулагчдад ашигтайгаар тогтоосон гэсэн шүүмжлэлийг улстөрчид хэлж байгаа. Оюу толгой компаниас энэ байр суурьд “Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг өөрийн хөрөнгийн зах зээл дээрх дундаж өгөөжөөс доогуур тогтоосон. Иймд хөрөнгө оруулагчид ашигтай гэх нь үндэслэлгүй. Уурхай хөрөнгө оруулалтын зардлаа төлж барагдуулж эерэг бэлэн мөнгөний урсгалтай болсон цагт л хөрөнгө оруулагч тал өгөөж хүртэж эхэлнэ. Төсөлд хөрөнгө оруулалт шаардлагатай хэвээр байгаа үед хөрөнгө оруулагч тал өгөөж хүртэх ямар ч бололцоогүй бөгөөд зардал нэмэгдэх тусам хөрөнгө оруулагчид ашиггүй. Засгийн газар гэрээгээр зардлын 34, хөрөнгө оруулагч 66 хувийг хариуцах үүрэг тус тус хүлээсэн хэдий ч хөрөнгө оруулагч тал төслийн санхүүжилтэд баталгаа гаргаснаар шууд болон шууд бус байдлаар төслийг 100 хувь санхүүжүүлэх үүрэг хүлээж байгаа юм. Төслийн үйл ажиллагаанаас Засгийн газрын хүртэх өгөөжийн дийлэнхийг татвар, АМНАТ зэрэг эзэлнэ гэж анхнаасаа тооцож ирсэн бөгөөд Засгийн газар нэг ч хөрөнгө гаргахгүйгээр аль хэдийн хоёр тэрбум гаруй ам.долларын үр ашиг хүртсэн. Харин хөрөнгө оруулагч талын хувьд нөхцөл байдал эсрэгээрээ байна” гэсэн тайлбар өгчээ.

Ажлын хэсгийн дүгнэлтэд Оюу толгой төсөлд оруулж байгаа хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн явц, хэмжээнд өнөөг хүртэл Монголын нэг ч байгууллага хяналт тавиагүй гэсэн утгатай өгүүлбэр багтсаныг хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд онцолж байгаа. Энэ дүгнэлтэд Оюу толгойн зүгээс өгсөн тайлбарыг сонирхлоо. Оюу толгой ХХК хувийн компани учраас Засгийн газар үйлдэл бүрд нь хяналт тавих хууль байхгүй, Засгийн газар хувьцаа эзэмшигчийнхээ хувьд Оюу толгойд төлөөлөлтэй, тэр хүрээнд ажил явж байгаа гэсэн агуулгатай тайлбар хийж. Монголын Засгийн газар Оюу толгой төсөлд өнөөг хүртэл нэг ч ам.долларын хөрөнгө оруулалт хийгээгүй, хувьцаа эзэмшигчийн зээлийг өдий болтол төлөөгүй яваа, бүр хожим ногдол ашгаасаа төлөх тохироо хийсэн, засгийн эзэмшлийн хувьцаа төслийн санхүүжилтийн зээлд барьцаалагдаагүй гэх мэт шалтгаан бий. Оюу толгой, Засгийн газар хоорондын энэ харилцааг хар баргаар зүйрлэе. Бат, Дорж гэж хоёр найз хамтраад компани байгуулахдаа банкнаас 100 сая төгрөг зээлэхээр болж. Бат нь ямар ч барьцаа тавьсангүй. Дорж нь байгаа бүхнээ барьцаалжээ. Зээлээ төлж чадахгүйд хүрвэл Дорж хамгаа хураалгана гэж толгой дохин эрсдэл хүлээж. Гэсэн хэдий ч компанийн хувьцааны 34 хувь Батын нэр дээр. За тэгээд бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд эхэлж дээ. Мэдээж эхлээд ашиг орлогоосоо банкны өрөө төлж таарна. Өөрөөр хэлбэл Доржийн зээлсэн мөнгөөр босгосон үйлдвэрийн ашиг орлогоор өрөө төлж дуусгана гэсэн үг. Харин өр төлж дууссаны дараа нэг ч төгрөгийн гарз гаргалгүйгээр бизнестэй болсон Бат өрөө төлж эхэлнэ. Бүр тодруулж хэлбэл компанид эзэмшсэн хувьд ногдох ашгаасаа өрөө төлж эхэлнэ гэсэн үг. Энэ өнцгөөс харвал Оюу толгойн өгсөн хариуд үнэнээс зөрсөн зүйл алга.

ОДОО яах вэ?

Монголд мөнгөө хийхээр сонирхож буй хөрөнгө оруулагчид Оюу толгой төслийг эхлээд анзаардаг болсныг эдийн засгийн чиглэлээр болдог гадна, дотны форум бүр дээр онцолдог. Өөрөөр хэлбэл энэ төсөл хүссэн хүсээгүй Монголын хөрөнгө оруулалтын барометр болчихсон. 2010 оноос өнөөг хүртэл төсөвт төвлөрүүлсэн татвар хураамж нь 2.3 тэрбум ам.доллараар хэмжигдсэн Оюу толгой төслийн Монголын эдийн засагт үзүүлэх нөлөө жилээс жилд өсч яваа нь статистикаас харагддаг. Оюу толгойн 2016 онд төсвийн орлогод эзлэх хувь нь 7 байсан бол 2025 буюу ердөө зургаахан жилийн дараа энэ тоо хоёр дахин өсөх тооцоо гараад буй. 2015-2018 онд “Оюу толгой”-н Монголд бий болгосон эдийн засгийн шууд өгөөж 1.8 их наяд төгрөг, шууд бус өгөөж нь 2.7 их наяд төгрөгөөр хэмжигддэг. Оюу толгойн ажилчид дээр ханган нийлүүлэгч, энэ төсөлтэй хамаатай компаниудад зүтгэж цалинтай орлоготой амьдардаг хүмүүсийн тоог нэмбэл 45 мянга давдаг. “Рио тинто”-гийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат “Яригдаж буй гурван гэрээнд тулгуурлаж 12 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг Монголд хийх боломж бүрдэж байгаа. Тус гэрээнүүд хөндөгдсөнөөр бид бизнесээ үргэлжлүүлэх бололцоогүй болно. Бидний хамтын уурхайн үйл ажиллагаа ч зогсоно” гэсэн үгийг ил захидлаар дайгаад байгаа.

Энэ тоонуудаас харахад Оюу толгой зогсвол эдийн засаг элгээрээ хэвтэх нь тодорхой байна. Ер нь аль ч засгийн мөнхийн хүсэл Оюу толгойн ашгийг нэмэгдүүлэх гэдэг нь энэ төслийн хөрөнгө оруулалтын гэрээ зурагдсанаас хойшхи бүх Засгийн газрын түүхээс харагддаг. Тэгэхээр ашгаа нэмэхийн тулд яах ёстой вэ гэсэн асуулт гарч ирнэ. Нэгэнтээ эдийн засагт том нөлөөтэй, гадаадын хөрөнгө оруулалтын хэмжүүр болчихсон төслийн хувьд хөрөнгө оруулагчидтай урт хугацаанд хэрхэн яаж харилцах шийдлээ гаргаж ирэх ганц гарц байна.

Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа “Оюу толгойг бизнесийн төсөл гэж харах хэрэгтэй” гэсэн агуулгатай мэдэгдэл хийсэн удаатай. Дараагийн шийдэх асуудал бол энэ. Энэ төслийг улстөрийнх үү, бизнесийнх үү гэдэг дээр шийдэл тохироонд хүрэх цаг болжээ. Цэвэр бизнесийн төсөл болгоё гэвэл “Эрдэнэс Монгол”-д нь даатгаж, Засгийн зүгээс олон улсын санхүүгийн байгууллагуудаас зуучлагч сонгож, хөрөнгө оруулагчидтай жилдээ нэг удаа уулздаг болчихвол болохгүй юмгүй.

“Рио”-гийн байр суурийг анзаарахад улстөрчдийн сэдэв болгож буй гурван гэрээний суурь заалтуудад гар хүрэхгүй гэдэг дээр хатуу зогсч байна. Гэхдээ гэрээнүүдийн хүрээнд Монголын талын хүртэх өгөөж, ашгийг нэмэгдүүлэх яриа хэлэлцээ өрнүүлье гээд дуугарчихсан. Байгуулсан гэрээнийхээ хүрээнд ашгаа нэмэгдүүлэх яриа хэлэлцээ өрнүүлж яагаад болохгүй гэж. Таван толгойд цахилгаан станц барьж, үйлдвэрлэсэн эрчим хүчээ зарахад хэдэн саяар тоологдох доллар хөнгөхөөн ороод ирнэ. Ханган нийлүүлэлтээ Монгол компаниудаас ав гэсэн босго тавьж, цалин хөлс өндөртэй гэж шүүмжлүүлдэг гадаад мэргэжилтнүүдийнхээ орон зайг монгол залууст гаргаж өг хэмээн шахвал дэмий улстөржилт гэж харагдахгүй. “Рио”-гийн дэлхийн улсуудад хэрэгжүүлж буй төслүүдэд аль хэдийн тавь жараараа ажиллаад эхэлсэн монгол залуусын хувьд эх орондоо өндөр цалинтай ажиллаж мэргэшээд явах бололцоо бий. Энэ мэт аль болох өөрсдөдөө өгөөжтэй талаас хандмаар байна, Оюу толгой төсөлд. Засгийн газар “Эрдэнэс Таван толгой”-н IPO-г жилдээ багтааж хийнэ гээд төлөвлөчихсөн яваа. “Таван толгой”-н хувьцааг сонирхох хөрөнгө оруулагчид хамгийн түрүүнд Оюу толгойг анзаарна гэсэн булзах аргагүй үнэн бас бий.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *