“Мандал
даатгал”-ын эрсдэлийн шинжээч Ч.Анхбаяртай ярилцлаа.
-Он дуусахад
богинохон хугацаа үлдлээ. Энэ хугацаанд эдийн засаг ямархуу дүр төрхтэй
үргэлжлэх төлөв ажиглагдаж байна вэ?
-Ерөнхий таамгууд
их таагүй гараад байгаа. Эдийн засаг хагас жилээр 3.1 хувийн өсөлттэй гарсан.
Энэ өсөлтийг барьж чадах уу гэдэг нь нэлээд эргэлзээтэй. Валютын ханш энэ
түвшиндээ хадгалагдана. Таагүй үзүүлэлт олон байна л даа. Чанаргүй зээл
хурдацтай нэмэгдэж байна. Тодруулж хэлбэл чанаргүй зээлийн өсөлт 39 хувьтай
байгаа. Оны эцэст 42 хувьд хүрнэ гэсэн таамаг бий. Чанаргүй зээлийн өсөлтийн
бараг 90 орчим хувь нь аж ахуйн нэгж, байгууллагын чанаргүй зээл. Аж ахуйн
нэгжийн чанаргүй зээл оны эхний найман сарын байдлаар 42 хувийн өсөлттэй
гарсан. Мөнгө санхүүгийн үзүүлэлт дээр ч чамгүй өөрчлөлт гарч байна. Тухайлбал
мөнгөний талын үзүүлэлт нэлээд муудсан дүр зурагтай байна. Мөнгөний нийлүүлэлт
1.7 хувиар буурчихлаа. Нөөц мөнгө буурч байгаа. Төгрөгийн хадгаламж хүртэл
мэдрэгдэхээр татагдаж эхэллээ. Өмнөх оны өдий үетэй харьцуулахад төгрөгийн
хадгаламж 6.8 хувиар буурчихсан. Энэ янзаараа байвал оны эцэст өмнөх оны мөн
үетэй нь харьцуулахад 12 орчим хувьд хүрэх болов уу. Банк, санхүүгийн байдлын
хувьд ч таагүй байна. Зээл олголт нэлээд хумигдах тал руугаа ороод ирлээ. Зээл
олголтын хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.1 хувиар буурчихсан.
Банкны актив нэлээд өсч байсан. Өсөлтийн хэмжээ 2014 оны түвшин рүү эргээд
орчихлоо. -Уул уурхайн салбар бол хэцүүдчихсэн. Өөр бусад салбарын хувьд
ямархуу байна?
-Уул уурхайгаас
гадна эдийн засгийн зарим салбарын хүрээнд ч гэсэн нөхцөл байдал хүндэвтэр
байгаа нь ажиглагдаад эхэллээ. Ялангуяа хөдөө аж ахуй. 2014 онд 518 мянган тонн
үр тариа хурааж авч байсан бол энэ жилийн урьдчилсан гүйцэтгэлээр 60, 70
хувьтай байх болов уу. Гэхдээ эцсийн тоо гараагүйг онцлох хэрэгтэй. Хөдөө аж
ахуйн салбарын өнгөрсөн оны өсөлтөд голлож нөлөөлсөн нь үр тариа. Малын тоо
толгой ч нөлөөлсөн. Энэ оны өвөлжилтийг өмнөх үеийн мичин жилүүдийн зуд шиг
хэцүүхэн гэж төсөөлбөл байдал бүр дордоно. Тээврийн салбаруудын ерөнхий
орлогууд ч бууралттай гарсан. Худалдааны салбарын нөхцөл ч таагүй. Борлуулалт
муудсан. Банкны чанаргүй зээлийн бүтцийг аваад үзвэл 10.3 хувь нь худалдааны
салбараас үүдсэн чанаргүй зээл байх жишээний. Чанаргүй зээлийн харьцааг банк
таван хувь байвал хэвийн гэж үздэг. Гэтэл 10.3 хувь байна гэдэг хэвийн түвшнээс
хоёр дахин нэмэгдсэн гэсэн үг. Уул уурхайн салбарын хувьд нийт олгосон зээлийнх
нь 24.2 хувь нь муудчихсан явж байгаа. Энэ хоёр салбарын дараа барилга жагсч
байна. Барилгын салбарын зээлийн чанаргүйдэл 5.2 хувь. Бусад салбаруудын байдал
ч таагүй дүр зураг үзүүлээд эхэллээ.
Салбаруудын нөхцөл байдал дээр үндэслэж дүгнэвэл эдийн засаг 3.1 хувийн өсөлтөөс ч доошоо орох
магадлал өндөр байна.
-Эдийн засгийн
өсөлт бүр доошиллоо гэхэд хэд орчим хувьтай гарах бол. Багцаа таамаг бий юу?
-Багцаа таамгийг
ийм тийм гэж хэлэх боломжгүй. Өсөлт буурах эдийн засгийн нөхцөл байдал нь
бүрдчихсэн гэж хэлэх байна даа.
-Ам.долларын
ханш оны сүүл гэхэд яг одоогийнх дээрээ байна гэж ойлголоо…?
-Яг одоогийнхоос
бол өснө. Бидний хувьд 2030 төгрөг хүрнэ гэсэн таамаг гаргасан. Гэхдээ нааштай
зүйлүүд бий. Есдүгээр сарын 20-ны Худалдаа хөгжлийн банкны 300 сая ам.долларын
бонд, арваннэгдүгээр сарын 17-ны 25 сая ам.долларын бондыг шийдчихвэл өөр. Үүнээс
өөр бонд босгох хувилбарууд эерэгээр шийдэгдвэл найдлага бий. Тэгвэл ханш
өнөөгийн түвшиндөө байна. Манай байгууллагын хувьд Монгол банк энэ янзаараа
интервенцээ хийгээд байвал гэх мэт хэд хэдэн нөхцөлүүд тавьж хараад ийм таамаг
гаргаад байна л даа.
-Долларын
ханшид эерэгээр нөлөөлөхөөр сайн мэдээ үүнээс өөр байна уу?
-Макро том тоо
харъя гэвэл экспортын жилийн өсөлт 16 хувь байгаа. Харин импорт 26 хувиар
буурсан. Наймдугаар сарын гүйцэтгэлээр гадаад худалдаа 704 сая ам.долларын
ашигтай гарсан. Энэ бол яах аргагүй эерэг үзүүлэлт.
-Оюу толгойн
далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт хийгдээд эхэлбэл ам.долларын ханш
буухад эерэгээр нөлөөлж таарах байх?
-Оюу толгой
нэлээд хүлээлт үүсгэж байгаа. Оюу толгойн хувьд Засгийн газар баталгааны гарын
үсэг хийнэ. Оюу толгойн хүлээлтээр дамжаад ханшид хөдөлгөөн орох нь
гарцаагүй. Асуудал нааштайгаар, цаг
алдалгүй шийдэгдвэл эерэг нөлөө үзүүлнэ. Хөрөнгө оруулалт эхнээсээ ороод ирвэл
ам.долларын ханш буух магадлал өндөр.
-Манай улсын
экспортын гол бүтээгдэхүүн гэвэл нүүрс, алт, зэс, төмрийн хүдэр. Нүүрсний үнэ
навс уначихлаа. Ирэх саруудад сэргэх найдлага байна уу?
-Суурь нөхцөл
байдлуудад шинжилгээ хийж үзэхэд нааштай дүр зураг бага харагдаж байна.
Нүүрсний хувьд ганц Хятад ч гэлтгүй нүүрс экспортолдог улсуудын зардаг хэмжээ
нь буурсан. Эрэлт тал нь ойлгомжтой. Хятад нүүрсний хэрэглээгээ хумих бодлого
хэрэгжүүлээд эхэлчихсэн. Нүүрсний хэрэглээг хумихтай холбоотойгоор хоёр бодлого
явж байгаа. Нэг нь агаарын бохирдлыг бууруулах бодлого. Нөгөө нь нүүрсийг орлох
технологийн бодлого. Усан цахилгаан станц, цөмийн цахилгаан станц зэрэг
нүүрсийг орлох технологиудыг илэрхий дэмжсэн бодлого хэрэгжүүлж байна л даа.
Энэ бодлогынх нь үр дүн тоон үзүүлэлт дээрээ тусгалаа олоод явж байгаа.
-Зэсийн үнэ ч
Хятадын эдийн засгаас хамаараад тааруухан байна гэсэн таамгууд гараад
эхэлчихсэн. Хэр бодитой таамаг вэ?
-Хятадын эдийн
засгийн байдлаас шалтгаалахаас аргагүй. Хятад улс зэсийн 45 хувийг өөрөө
олборлодог. Нийт хэрэглээний 70 орчим хувийг эзэлдэг. Тэгэхээр зэсийн зах
зээлийн гол тоглогч хэн бэ гэдэг нь ойлгомжтой. Хятад бодлогын хүүгээ бууруулах замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих
оролдлогыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эрчимтэй хийлээ л дээ. Үүний үр
дүнд нэг жилийн хугацаатай банк хоорондын хүү нь 4.8 хувь болтлоо буурлаа. Гэвч
эдийн засагт нөлөөлж байгаа эффект нь чамлалттай гарсан. Үр дүн муутай байсан
гэсэн үг. Дараагийн хийсэн алхам нь валютын ханшаа суллах гэж үзсэн. Тэглээ
гээд сайн үр дүн гарна гэж хэлэхэд эрт байна.
-Алтны үнэ дажгүй байх нь уу, яах бол?
-Алтны зах зээл дээр өмнө нь нийтлэг ажиглагдаад байсан зүй тогтол
сүүлийн үед ажиглагдахаа больсон. Өнгөрсөн жилээс эхэлсэн дүр зураг л даа.
Жишээ нь Хятадын уламжлалт баярын үеэр алтны үнэ өсдөг байсан. Өсөөгүй.
Энэтхэгт болдог баярын үеэр бас өсдөг байлаа. Гэтэл тэр үеэр өсөөгүй. Ер нь
алтанд итгэх итгэл массаараа муудаж байна. Дэлхийн улсуудын том гэж хэлэхээр
төв банкууд алтныхаа нөөцөөс зарж эхэлсэн. Үр дүнд нь алтны эрэлт буураад
эхэлчихсэн. Алтны нийлүүлэлтийг харьцангуй тогтвортой гэж үздэг. Нөгөө талаас
эрэлт багассанаас үүдэлтэйгээр одоогийн ханш өртгөө нөхөх үнэ биш болсон. Тийм
учраас цаашдаа алтны олборлолт багасах байх. Олон улсын банк санхүүгийн
байгууллагуудын ерөнхий зураглалыг харахаар алтан дээр өөдрөг таамаг тавихгүй
байна л даа.
-Төмрийн хүдрийн зах зээл манайд бол огцом муугаар нөлөөлчихсөн. Цаашдаа
үнэ өсөх магадлал байна уу?
-Нийлүүлэлт давамгайлсан байдал энэ зах зээл дээр ажиглагдаж байгаа.
Үнийн хувьд өртгөө нөхөж чадахгүй хэмжээнд уначихсан. Тэгэхээр бизнес
эрхлэгчдэд сануулахад түүхий эдийн үнэ өснө гэж төсөөлөх хэрэггүй болчихоод
байна л даа. Төсөв ч ялгаагүй.
-Энэ оны төсөвт төлөвлөсөн зэсийн үнэ өнөөгийн ханшаас 2000 ам.доллараар
их байгаа нь хэтэрхий бодитой биш тооцоолол. Төсөвт эрдсийн үнийг яаж тооцох
ёстой талаар шинжээчийн хувьд байр сууриа хэлээч?
-Нэгэн үе төсвийн бараг 20 хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байсан.
Энэ хувь хэмжээ буурсаар 16 руу уруудсан л даа. Үүнээс ч бууна. 12-13 хувийг л
эзлэх байх. Голлох түүхий эдийн ханш өсөх найдвар тун бага байгаа талаар та бид
хоёр сая ярилаа. Төсөв дээр сценариудыг манайх нэг их хийдэггүй. Уг нь хэд
хэдэн янзаар хийвэл зүгээр. Муу тохиолдолд гэж бий. Үнэ ханш огт өсөхгүй гэсэн
үг. Арай гайгүй, сайн тохиолдол гэсэн байдлаар тусгаж өгөх учиртай. Өмнөх шигээ
тооцоолоод байвал хэцүү. Өнөөгийн байдлаар гэхэд л төсвийн алдагдал 769 тэрбум
төгрөг болчихоод байна. Энэ янзаараа явбал өлхөн их наяд давах эрсдэлтэй.
-Хөрөнгө оруулалт орж ирж байж л ам.долларын ханш суларна. Гадаадын
хөрөнгө оруулалт хэдийнээс идэвхжих бол. Энэ тал дээр таамаг тооцоо хийсэн үү?
-Гадаадын шууд хөрөнгө оруулалт хасах руугаа орж явж байгаад сая нэмэх
рүүгээ орох дүр зураг ажиглагдлаа. Манайхаас гадаадын шууд хөрөнгө оруулалтын
таамаглалыг хийсэн. Гадаадын хөрөнгө оруулалт идэвхжих үе 2018 оны зургадугаар
сараас наашгүй гэсэн тоо бий. Тэр болтол гадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-ий
хасах таван хувь хүртэл муудаж магадгүй гэсэн эрсдэл байгаа.
-Оюу толгойн далд уурхайн санхүүжилт үргэлжиллээ гэж бодъё. Тэгвэл долларын ханшид шууд
утгаараа эерэг нөлөө үзүүлэх үү?
-Оюу толгойг дэмжсэн ямар нэг хөшүүрэг байгаа тохиолдолд шууд утгаараа
эерэг нөлөө үзүүлнэ. Таван толгой төслийг хөдөлгөх гэх мэт мэдрэгдэхээр алхам
хийх хэрэгтэй. Тэгж байж хөрөнгө
оруулагчдын итгэлийг олж авах болов уу. Хөрөнгө оруулагчид наад зах нь л төр засгийн
шийдвэр тогтвортой байх эсэхийг харж байгаа. Бид хэт өөдрөгөөр таамагласан байж
магадгүй. Нэг гэгээтэй таамаглал бий. Хэрвээ Оюу толгой, Таван толгой хоёр
зэрэг хөдөлбөл, энэ том төслүүдийг дагасан хөрөнгө оруулалтыг нэмээд нийтдээ
2.1 тэрбум ам.доллар Монголд ороод ирвэл ам.долларын ханш 1550 төгрөг хүртэл
бууж болно гэсэн математик тооцоо гаргасан.
-Эсрэгээрээ энэ том хоёр төслийн аль алинд нь ахиц гарахгүй бол
ам.долларын ханш яах бол?
-Байдал энэ янзаараа үргэлжилбэл ам.доллар чангарах оргил үе нь тэд байх
болов уу гэсэн таамаг бий. 2060 гэсэн ханш байгаа. Оргил үедээ хүрээд эдийн
засгийнхаа жамаар аяндаа засагдаж эхлэх болов уу. Өөрөөр хэлбэл ханшийн өндөр
өсөлт үргэлжлээд байвал нэг талаасаа экспортыг дэмжиж байгаа юм. Нөгөө талаасаа
импортын бууралтыг дэмжиж таарна. Үр дүнд нь гадаад худалдааны ашиг ханшийн
өсөлтөөр бага багаар хуримтлагдана гэсэн үг. Сая л гэхэд гадаад худалдааны ашиг
704 сая ам.долларт хүрсэн.
Энэ янзаараа оны эцэс хүртэл явбал нэг тэрбум ам.долларын ашигтай гарах
боломж харагдаад байгаа юм. Гадаад худалдааны ашиг нэмэгдэх хэрээр валютын нөөц
тэр хэмжээгээр өснө. Ханшид ийм маягаар нөлөөлөх бололцоо гарч ирнэ гэсэн үг.
-Тэгэхээр ам.доллар 2060
төгрөгөөс дээшээ гарах боломжгүй гэсэн үг үү?
-Шууд боломжгүй гэж хэлэх аргагүй. Давж болно. Одоогийн нөхцөлийг хараад
гаргасан таамаглалыг би сая хэллээ.
-Ирэх оны эдийн засагт энэ л гэгээтэй
байна даа гэж онцлохоор зүйл байна уу?
-Сонгуультай жил эдийн засгийг таамаглахад хэцүү байдаг. Өмнөх
сонгуулийн жилүүд ч тийм байсан. Сонгуулийн жилд бүх зүйл идэвхгүй төлөв рүү
шилжчихдэг. Бизнесийн байгууллагын хөрөнгө оруулалт идэвхгүй болдог. Ийм
идэвхгүй байдалд ийм тийм гэсэн таамаглал гаргах төвөгтэй. Яахав ирэх оны эдийн
засгийн байдлыг арай жаахан өөдрөгөөр харахын тулд бид нэг зүйлийг хүлээгээд
байна л даа. Монгол банк ямар шийдвэр гаргах бол гэдгийг. Бодлогын хүүгээ яах
бол гэдгээс шалтгаалаад байна. Шийдвэр гарчихвал ирэх оны эдийн засгийн ерөнхий дүр зураг
ямархуу байх бол гэдгийг таамаглах боломжтой болно.
-Та бүхэн шиг прогноз таамаг хийдэг улсын хувьд Монгол банк ямар шийдвэр
гаргавал зүгээр бол. Тодорхой төсөөлөл бий байх?
-Мөнгөний нийлүүлэлт хасах руугаа ороод нийт эх үүсвэрүүд маань
хумигдаад ирж буй тохиолдолд эдийн засгийн гурван хувийн өсөлтийг хасах руу
оруулчихгүйн тулд хариу үйлдэл хийх шаардлага Монгол банкинд тулгараад байгаа.
Тэр шаардлага нь юу вэ гэсэн асуулт гарч ирнэ. Товчхон хэлэхэд бодлогын
хүүгээ бууруулах шаардлага гарч ирээд байна л даа. Ингэснээр эдийн засагт
мөнгийг нийлүүлж эхэлнэ гэсэн үг. Зээл олголтын гацчихаад байгаа байдлыг арай
жаахан өөрчилж, сэргээх хандлага руу нь чиглүүлнэ гэсэн үг. Гэхдээ Монгол банк
нэг зүйл хүлээгээд байх шиг байна. Оюу толгойгоос эхлээд бусад дэмжлэг болох
хөшүүргүүдийг хараад байх шиг байна л даа. Тийм хөшүүргүүд найдваргүй байгаа
тохиолдолд Монгол банк бодлогын хүүгээ бууруулах нь эргээд эрсдэл учруулах
магадлалтай.