АНУ-ын Вашингтон хотноо болж буй Дэлхийн банк болон ОУВС-ын ээлжит уулзалтад Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нар оролцож байгаа бөгөөд өчигдөр Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүсийн Дэд Ерөнхийлөгч, хатагтай Викториа Кваква, Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жеймс Андерсон тэргүүтэй Дэлхийн банк, ОУВС-гийн удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар монголын төлөөлөгчид улс орны санхүү, эдийн засгийн өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлуудыг танилцуулж, санхүүгийн хүндрэл бэрхшээлийг даван туулахын тулд маш их зүйл хэрэгтэй байгааг Сангийн сайд Б.Чойжилсүрэн чухалчлан онцлов.
Уулзалтын үеэр манай төлөөлөгчид монголын санхүүгийн бодлого, зохицуулалтын байгууллагуудад Дэлхийн банк, ОУВС-гийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх олон салбарыг хамарсан текник туслалцааны хоёр дахь шатны төслийн саналыг гардуулан өглөө. Банк, Сангийн бүсийн удирдлагууд төслийн саналыг сайтар судлан үзэж, боломжтой бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийлжээ.