Categories
мэдээ цаг-үе

ОУВС-гийн хөтөлбөрийн ачааны хүндийг хувийн хэвшлийнхэн л үүрнэ

ОУВС зурган илэрцүүд

Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлэх өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр тойрсон яриа хөөрөө ид өрнөж байна. Эдийн засгийг нуруундаа үүрч яваа хувийн хэвшлийнхэнд энэ хөтөлбөр яаж нөлөөлөх вэ гэсэн асуулт удахгүй тавигдаад эхлэх байх. Энэ өнцгийг хөндөхөөс өмнө валютын сан юуны төлөө идэвхийлэн ажилладаг, тэдний манайд хэрэгжүүлэх гэж буй хөтөлбөрт ямар эерэг тал байгааг анзааръя.

Валютын сангийн үүссэн түүх нь ерөөсөө л дэлхийн нэгдүгээр дайнаас улбаатай. Шалтгаан нь эдийн засаг. Нэгдүгээр дайнд ялагдсан Герман дайны төлбөр өгөхийн тулд баахан мөнгө хэвлэж шаралхсан нь хэний ч мэдэх түүх. Үр дүнд нь инфляци, ажилгүйдэл хэмжээгээ алдаж, Гитлер засгийн эрхэнд гарч ирж, өнөөгийн манайх шиг биенээ буруутгаж шүүмжилсэн маргаан өндрөө авч, шинэ удирдлага нь асуудлаа эдийн засгийн аргаар шийдэж чадахгүйд хүрэнгүүтээ еврейчүүдийг хөнөөж, дээрэм хийж, сүүлдээ Европ руу дайрч дэлхийн түүхэнд хүсэмгүй өөрчлөлт авчирсан. Санхүүгийн хямрал дайнд хүргэдгийг анзаарсан улс гүрнүүд өөр зуураа ярилцаж хэлэлцээд “Бага дээр нь дарахгүй бол санхүүгийн хямрал халдварладаг юм байна. Нэг улс валютын хямралд орчихоор бусдыгаа татаж унагачих эрсдэл байна шүү. Дайн үүсгэж, дэлхий даяараа үймэхгүйн тулд валют, эдийн засгийн хямралд орсон улсууддаа тусалж байя” гээд ОУВС-г үүсгэсэн түүхтэй. Энгийнээр хэлбэл, валютын санг эрсдэлээс хамгаалах сан гээд ойлгочихож болно. Энэ санд яг НҮБ шиг дэлхийн бүх улс гишүүнчлэлтэй. Бүх улс саналын эрхтэй. Мөн л бултаараа татвараа төлдөг. Ердөө ийм л клуб. Хардахын тулд хардана гэдэг ч юм уу нөгөө талаас нь харъя гэвэл Америк, Япон, Англи энэ клубт маш их мөнгө төлдөг, сангийн ихэнхийг бүрдүүлдэг. Тэр хэрээрээ нөлөө оролцоо, ямар нэг лобби энэ тэр бий гэсэн хардлага гардаг байж мэднэ. Гэхдээ тэглээ гэж хардахад манайх шиг жижиг улсад сэрэмжлэхээр шалтаг, нөлөө гэж юу байхав.

Үнэнийг хэлэхэд бидний зүгээс хардаад байх шалтгаан бага. Учир нь ОУВС биш бид тэдэнд хүсэлт тавьж, гуйж шалж байж энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Анхнаасаа хямарсан энэ тэр гэж элдэв дэмий мэдэгдэл хийж зах зээлд сөрөг сигнал өгөхгүйгээр гарцаа хайгаад олчихсон бол боломж байсан уу гэвэл байсан. Гэхдээ нэгэнт тэгээгүйгээс хойш сангийн хөтөлбөрийг залбирч хүлээж авахаас аргагүй. Цагаа олж хэрэгжиж байгаа хөтөлбөр мөнөөсөө мөн. Хэрвээ валютын сангийнхан толгой дохиогүй бол Монгол гэдэг улс дефольт зарлах байсан. Дефольт зарлачихсан бол гадаадын хөрөнгө оруулалт арван жилдээ баяртай болох байсан. Товчхондоо монголчууд хоёр муу сонголтын арай дээрийг нь сонгочихоод байгаа. Нэг бол дампуурлаа зарла, эсвэл одоо байгаа өндөр өртөгтэй богино хугацаатай зээлээ урт хугацаатай хямд зээлээр солиод амь тариа залгуул гэсэн хоёр сонголтын дөнгүүрийг нь хийчихсэн гээд ойлгочихож болно. Алга ташиж баярлахаар мундаг шийдэл биш, аргаа барахдаа гаргасан шийдвэр.

Сангийн хөтөлбөрийн эерэг талд анхааръя. Бидэнд санал болгосон хөтөлбөрийг хэрэгжүүлсэн улсуудын хувьд эхний хоёр жилдээ хүндэрч байгаад гурав дахь жилээсээ эерэг нөлөө мэдрэгддэг гэх тайлбар дуулддаг. Тэгэхээр өнөө жил, ирэх оныг шүдээ зууж байгаад туулчихвал 2019 оноос өр буурч, төсөв алдагдал багатай батлагддаг болж, зээлжих чадвар сайжирч, валютын ханшийн нөөц өсч магадгүй. Валютын нөөц өсөөд, ханшийн эрсдэл буурчихвал хөрөнгө оруулалт дагаад өсөх нь хэнд ч тодорхой зүйл. Хар ухаанаар бодоход л манайд хөрөнгө оруулах сонирхолтой 200 сая ам.доллартай англи эр валютын нөөц багассан, ханшийн эрсдэлтэй үед лав мөнгөө тас атгачихаад алга тэнийхгүй. Доллароо төгрөг болгож бизнес хийгээд баахан ашиг оллоо ч ногоон валют руу хөрвүүлэхдээ ханшийн зөрүүнд хамгаа алдахыг хэн хүсэхэв. Харин валютын ханшийн нөөц дажгүй, долларын ханш савлаад байхааргүй орчинд бол мань эр итгэлтэй нь аргагүй хөрөнгөө оруулна. Ер нь ирэх өдрүүдэд хэрэгжих хөтөлбөрийн гол зорилго нь валютын нөөцийг өсгөх. Энгийнчилж тайлбарлавал одоогийн 1.5 тэрбумыг гурван тэрбум болгоё л гэж байгаа юм. Ингэхийн тулд хөрөнгө оруулалт татах шаардлага байгаа, гэхдээ өнөөгийн нөхцөлд лав итгэж мөнгөө оруулах хүн гарахгүй гэх мэт авцалдаагүй логикууд бий. Ноён доллар номхорно гэдэгт бас нэг эргэлзээ анзаарагдаж буйг хэлэхгүй орхиж болохгүй. Валютын ханшид төв банк оролцохгүй, зах зээлийн зарчмаараа явна гэсэн албан байр суурь бий. Гэхдээ сангийн хөтөлбөрийн хүрээнд валютын ханш тогтворжино гэх таамаг одоохондоо давамгайлж байна.

Өнөөдөр хөрөнгө оруулагчдыг айлгаж байгаа өндөр өрийн дарамт, хомсодсоор буй валют, өрөө төлж хүчрэхээ больсон бодит нөхцөл хоёр жилийн дараа арилбал хөрөнгө оруулалт гэрлийн хурдаар өсөх боломжтой. Валютын сангийн тавьж буй нөхцөлүүдийг биелүүлж чадвал шүү дээ. ОУВС тухайн орны нөхцөл байдлыг мэдрэхгүйгээр стандарт онол чихэх гээд байдаг гэсэн шүүмжлэлийг учир мэдэх улс хэлдэг. Анхаарахад илүүдэхгүй өнцөг.

Валютын сангийн тавьж буй нөхцөлүүд дунд цагаа олсон, хийх учиртай зөв шаардлагууд цөөнгүй байгаа. Тансаг барааны татварыг нэмэх нь зөв. Том мотортой машин, архи тамхины татвар нэмэгдлээ гээд маньд сүйдтэй нөлөө үзүүлэхгүй. Үрэлгэн төсвөө танахаас аргагүй. Цаг нь болсон. Хэтэрсэн, хүрээгээ тэлсэн халамжуудыг ч цэгцлэх ёстой. Тэтгэвэр, цалингийн нэмэгдэл дээр хэсэгтээ бүсээ чангалахаас өөр гарц байхгүй Бусдын хяналт дор л төсөв, халамжаа цэгцэлж авахгүй бол сонгуулиас сонгуулийн хооронд сэтгэдэг улстөрчдөд ийм зориг хэтээсээ төрөхгүй. Тэр үүднээс нь валютын сангийн хөтөлбөрт алга ташмаар байна.

Хамгийн эрсдэлтэй нь шатахуун. Суурь хэрэглээ болчихсон, инфляцийг галзууруулдаг гол өдөөгч болсон бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд эхэлбэл жаахан хэтрүүлээд зүйрлэхэд зах зээлд шуурга дэгдэнэ. УИХ ирэх сарын 5-нд хуралдаад сангийн нөхцөлүүдийг эхнээс нь хуульдаа тусгаад өөрчлөөд эхлэх нь бол ойлгомжтой. Шатахууны үнэ эгэл иргэдэд нэрмээс, ачаа болохоос гадна хувийн хэвшилд ч нөлөөгөө үзүүлнэ гэсэн гаргалгааг эдийн засаг мэдэхгүй хэн ч хийчихнэ. Инфляци өсөнгүүт хувийн хэвшлийнхний зардал өснө. Нийгмийн даатгал нэмэгдэнгүүт хөдөлмөрийн зардал нь цойлно. Бодлогын хүү өндөр хэвээр байхаар зээл олголтод гэрэл гэгээ харагдахгүй. Банкуудаас зээл гарахгүй байхаар эрэлт багасах нь жам. Тэр дундаа жижиг, дунд үйлдвэрүүд бол шүдээ зуугаад урагшлахаас аргагүйд хүрнэ. Нийлүүлэлт талаасаа зардал өртөг нь өсөөд явчихаар худалдан авалт буурна. Тодруулж хэлбэл төрийн худалдан авалт багасна. Хувийн хэвшлийн худалдан авалт ч ялгаагүй, уруудах цикл рүүгээ орно. Иргэдийнх ч мөн адил. Товчхондоо хувийн хэвшил хоёр талаасаа бахинд орчихно гэсэн үг.

Шинээр орж ирэх хөрөнгө оруулагчдад ямар нөлөө үзүүлэх талаар эдийн засагч Ч.Отгочулуу “Монгол эрсдэлтэй орон учраас хөрөнгө оруулагчид заавал нэг зүйл шаарддаг. Тэр нь Засгийн газрын баталгаа. Энэ хөтөлбөрт орчихоор засгийн шинээр баталгаа гаргаж өгөх боломж хумигдчихаж байгаа юм. Тэгэхээр шинээр орж ирэх гэж буй хөрөнгө оруулагчдад хүнд байдал үүснэ гэсэн үг. Дээр нь дотоодын хөрөнгө оруулагчдад маш том эрсдэл үүсч байгаа. 100 сая төгрөгтэй нэг хүн байлаа гэхэд хадгалуулах уу , бизнес хийх үү гэдэг эргэлзээнд орчихож байгаа юм. Бизнес хийхээр зах зээл хумигдвал шатчих болов уу гэх айдас төрнө. Хадгалуулахаар хүүгийн татвар энэ тэр гэсэн асуудал санааг нь зовооно. Бизнес хийлээ гэхэд ямар ч тохиолдолд төр батлан даасан бол, төсвөөс авна гэсэн итгэлтэй бол хэн ч зориглоод орно. Тэр итгэл, найдвар нь алга болчихлоо. Шинээр орж ирэх сонирхолтой хөрөнгө оруулагчдад тодорхойгүй байдал үүсчихлээ л дээ. Логикоор бодоход ийм сонирхолтой хүмүүс наад зах нь 2-3 жил харна, хүлээнэ гэдэг бол тодорхой” хэмээн ярилаа.

Валютын сангийн хөтөлбөр орж ирж байгаад алгаа ташиж суугаа хэсэг бол том зээлдэгчид. Агуулгыг нь жижигсгэж Бат, Дорж хоёр дээр жишээ аваад харъя. Доржоос 100 сая төгрөг зээлсэн Бат өнөө мөнгөө тансаглаж дуусгачихаад энд тэндээс ахиад зээл аваад цацаад байвал мөнгөө зээлүүлсэн нөхөрт эргэлзээ төрнө өө дөө. Бушуухан миний мөнгийг өгөөсэй гэж залбирч суутал өнөөх нь Дулмаагаас бага хүүтэй ахиухан мөнгө аваад өрийг нь дарах нь тодорхой болчихвол мөнгөндөө гонсойж суусан Доржийн магнай тэнийж таарна. Энэ жишээг арай томсгоод харвал “Чингис”, “Самурай”, “Евро” бонд өгсөн нөхдүүд баярлаж суугаа гэсэн үг. Манай улсын хувьд өнөөдрийн зовлонгоо түр хойш тавьж байгаа л нэг арга.

Компаниудад эерэг байж болох хоёр өнцөг бий. Дефольт зарлаагүй учраас хөрөнгө оруулалт татах боломж нээлттэй байгаа. Одоогоор хөрөнгө оруулалт татаж Монгол гэдэг улсыг сэвхийлгэх боломж уул уурхайд л байна. Хятадын зах зээл дээр нүүрс, зэсийн үнэ дажгүй бол, Таван толгой гэх мэт том төслүүдээ ашигтай хувилбараар хөдөлгөж чадвал, хайгуулын төсөл хэрэгжүүлэгчид гэгээтэй мэдээтэй дуулгаад байвал өөр хэрэг. Хүсвэл татгалзаж болох хөтөлбөр учраас асуудал байхгүйгээр эдийн засгаа тэлээд явах гарц нээлттэй. Хөтөлбөр амжилттай хэрэгжвэл эдийн засгийн макро орчин яваандаа сайжирна. Хувийн хэвшилд нөлөөлөх хоёр дахь сайн тал нь энэ. Бусдаар бол Валютын сангийн хөтөлбөрийн ачааны хүндийг үүрэх хэсэг нь хувийн хэвшлийнхэн л байна даа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *