Categories
мэдээ нийгэм

ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эдийн засгийн төлөв байдал сайжирна гэсэн хүлээлттэй байна

ОУВС зурган илэрцүүдМонголбанкнаас ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн талаарх түүвэр судалгаа иргэдээс авчээ. Бид уг судалгааны тайланг Монголбанкнаас авч иргэд хөтөлбөр болон татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлаар ямар байр суурь, хүлээлттэй байгааг сонирхлоо.

2017 оны дөрөвдүгээр сарын 3-наас 7-ны өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нийт 149 иргэнийг санамсаргүй түүврийн аргаар сонгож, судалгаа авсан байна. Судалгаанд оролцсон иргэдийн 60 хувь нь эмэгтэй, 40 хувь эрэгтэй бөгөөд насны байдлаар нь авч үзвэл:

  • 9 хувь нь 18-25,
  • 38 хувь нь 26-35,
  • 32 хувь нь 36-45,
  • 17 хувь нь 46-55,
  • 5 хувь нь 56-аас дээш гэсэн насны ангилалд хамрагдаж байна.

Ингээд судалгааны үр дүнтэй танилцана уу.

Санал асуулгын дүнгээр судалгаанд оролцогчдын 64 хувь нь ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв, 11 хувь нь буруу гэсэн бол 25 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ. Эндээс харахад иргэд ОУВС-ын хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг дэмжиж байгаа нь харагдаж байна. Спиртлэг ундааны татвар нэмэхийг судалгаанд хамрагдсан иргэдийн дийлэнх буюу 83 хувь дэмжсэн бол 12 орчим хувь нь эсрэг саналтай байна

Судалгаанд оролцсон иргэдийн дийлэнх буюу 87хувь нь тамхины татварыг нэмэх нь зүйтэй, 9 хувь нь нэмэх шаардлагагүй гэсэн бол 3 хувь нь мэдэхгүй гэсэн хариултыг өгчээ. Хүн амын орлогын албан татвар (ХАОАТ)-ыг 5 шатлалтай болгохыг судалгаанд оролцогчдын тал орчим хувь буюу 49 хувь нь дэмжсэн бол 29 хувь нь уг татварыг нэмэх нь буруу гэж үзсэн байна.

Өндөр орлоготой иргэдээс их татвар авахыг судалгаанд хамрагдсан иргэдийн 71 хувь нь дэмжсэн бол 21 хувь нь эсрэг саналтай байна. Мөн түүнчлэн бага орлоготой иргэдээс бага татвар авах нь зүйтэй гэж судалгаанд оролцсон иргэдийн 72 хувь нь хариулжээ.

Хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтод бүлэг (хамгийн бага орлоготой 40%)-ийн хүүхдүүдэд олгохыг судалгаанд оролцсон иргэдийн 40 хувь нь дэмжсэн бол талаас илүү буюу 57 хувь нь эсрэг саналтай байгаагаа илэрхийлжээ. Хэмнэгдсэн мөнгийг хүнсний талон болгож ядуу гэр бүлд олгохыг судалгаанд оролцсон иргэдийн 58 хувь нь дэмжсэн байна.

Жийп машины онцгой албан татварыг нэмэгдүүлэхийг санал асуулгад оролцсон иргэдийн олонх буюу 65 хувь нь дэмжсэн бол 22 хувь нь дэмжээгүй байна. Судалгаанд хамрагдсан иргэдийн талаас илүү буюу 58 хувь нь хос хөдөлгүүрт автомашины татварын хөнгөлөлтийг цуцлах нь буруу гэж хариулжээ.

Судалгаанд хамрагдсан иргэдийн дийлэнх буюу 85 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл (НДШ)-ийг нэмэгдүүлэх шийдвэрийг эрс эсэргүүцсэн байна. Мөн тэтгэврийн насыг нэмэгдүүлэх нь буруу гэж судалгаанд оролцогчдын 58 хувь нь хариулжээ.

Шатахууны онцгой албан татварын хөнгөлөлтийг хүчингүй болгох, хадгаламжийн хүүний орлогоос татвар авах саналыг судалгаанд оролцсон иргэдийн ихэнх нь дэмжээгүй байна.

Санал асуулгад оролцсон иргэдийн 41 хувь нь ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эдийн засгийн төлөв байдал сайжирна гэсэн эерэг хүлээлттэй байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *