Олон улсын сансрын станцад /ОУСС/ зургаан сар орчмын турш ажилласан сансрын нисгэгчид АНУ-ын “SpaceX” компанид бүтээсэн “Crew Dragon” сансрын хөлгөөр өнөөдөр эх дэлхийдээ эргэн ирлээ.
АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэх судлах төвийн /NASA/ гурван сансрын нисгэгч, Японы Сансар судлалын агентлагийн /JAXA/ нэг сансрын нисгэгчийг тээвэрлэсэн хөлөг Флорида муж улсын Панамa хотод орон нутгийн цагаар шөнийн 02:56 цагт газарджээ.
“NASA” сүүлийн 53 жилийн хугацаанд анх удаа шөнийн цагаар хөлгөө газардуулсан нь энэ болж байна. Тодруулбал, хамгийн сүүлд “Apollo 8” хөлөг 1968 оны 12 дугаар сард ийнхүү газардаж байв.
Сансрын нисгэгчид ОУСС-аас өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр хөдлөхөөр төлөвлөж байсан боловч Флорида дахь цаг агаарын нөхцөл муудсаны улмаас хойшлуулсан байна.
Америкийн сансрын нисгэгч Майкл Хопкинс, Виктор Гловер, Шэннон Уокер, Японы Сансрын нисгэгч Сойчи Ногүчи нар өнгөрсөн оны 11 дүгээр сард Флорида муж улс дахь Кеннедийн нэрэмжит сансар судлалын төвөөс “SpaceX”-ийн бүтээсэн хөлгөөр ОУСС-д очсон юм.
Түүнээс өмнө 2020 оны тавдугаар сард Америкийн хоёр сансрын нисгэгч туршилтын нислэгээр ОУСС-д очиж, долоодугаар сард эргэн ирсэн юм. Энэ нь сүүлийн есөн жилд анх удаа Америкийн сансрын хөлгөөр АНУ-ын нутаг дэвсгэрээс жолоодлогот нислэг үйлдсэн түүхэн үйл явдал болсон билээ.
Одоо ОУСС-д долоон сансрын нисгэгч үлдсэн бөгөөд тэдний дөрөв нь өнгөрсөн долоо хоногт “SpaceX”-ийн хөлгөөр очжээ.