Categories
мэдээ нийгэм

ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хороо С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгаж буй асуудлыг хөндөв

Санжаасүрэнгийн Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэх, шүүн таслах үйл явцад ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хороо анхаарал тавьж, хуралдаанаараа ярилцлаа.

Ярилцлагад Монгол Улсын парламентыг төлөөлөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Сумъяабазар нар оролцов.

-Энэ хэрэгт зарим хүмүүсийг сэжигтнээр тооцон, мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдсэн. Одоогоор хоёр шатны шүүх хурал болоод байна. Дөрвөн хүн энэ хэргийг үйлдсэн гэж үзэж, гуравт нь ял оноогоод байгаа. Шүүх хурал хаалттай болсонд олон нийт дургүйцэж, зарим нэг эргэлзээ байгаа талаар санал бодлоо илэрхийлж байгаа. Төрийн нууцад хамаарах мэдээлэл байгаа учраас хаалттай явуулсан гэж шүүх, прокурорын байгууллага тайлбарладаг. Яллагдаж буй хүмүүс Улсын Дээд Шүүхэд өргөдөл гаргаж, хянуулах сүүлчийн шат үлдсэн гэж УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан мэдээллээ.

Парламентчдын хүний эрхийн хорооны гишүүд үйлдлийн сэдэл чухам юу байсан бэ, захиалгат аллага мөн үү, Дээд шүүхийн хурлыг нээлттэй явуулах боломж хэр бол, улс төрийн үйл ажиллагаанд хэргийг ашиглах сонирхол байгаа гэж үзэж байна уу, мөрдөн шалгах явцад эрүүдэн шүүсэн гэсэн мэдээлэл байгаа юу, Парламентчдын хүний эрхийн хорооны гишүүд танай улсад очиж, энэ хэргийн үйл явцтай танилцах боломж бий юү гэсэн асуултууд тавилаа.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

  1. Хэдийгээр бид парламентын гишүүн мөн ч иргэдийнхээ болон Та бүхний адил л мэдээлэлтэй байна. Монгол Улсын Үндсэн хуульд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах үйл ажиллагаанд хэн ч хөндлөнгөөс оролцож болохгүй гэж заасан байдаг.
  2. Шүүх, прокурорын байгууллагаас хэргийг мөрдөн шалгах үйл явц хуулийн дагуу явагдсан. Нийтэд бүрэн ил болгох боломж одоогоор алга гэсэн хариуг бидэнд өгч байгаа.
  3. Мөрдөн байцаах явцад захиалагчийн тухай асуудал гарч ирсэн, түүнийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээс тусгаарлан шалгаж байгаа гэж холбогдох байгууллагууд мэдэгдэж байна.
  4. Хувь хүний хувьд хэргийг улс төрийн зорилгод хэрхэвч ашиглаж болохгүй гэсэн хатуу байр суурьтай байдаг.
  5. Хэрэг хуулийн дагуу, үнэн зөв шийдэгдээсэй, буруутан этгээд зөвөөр тогтоогдож, зохих шийтгэлээ хүлээгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.
  6. Парламентчдын хүний эрхийн хороо Монголд очиж ажиллах боломж нээлттэй. Энэ талаар УИХ-ын удирдлагууд, Монголын парламентын хороонд танилцуулна гэсэн хариулт өглөө.

Уулзалтын төгсгөлд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Сумъяабазар нар ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хороо энэ хэргийг байнга анхааралдаа байлгаж, хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлүүлэх асуудлаар УИХ-тай хамтран ажилласаар ирсэнд талархлаа илэрхийлээд, цаашид ч хамтран ажиллахад бэлэн байх болно гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *