Categories
мэдээ улс-төр

ОУПХ-ны Ази, Номхон далайн бүлгийн чуулганд БСШУС-ын сайд илтгэл хэлэлцүүлнэ

Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ны Ази, Номхон далайн бүлгийн II чуулган Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2019 оны тавдугаар сарын 27-28-нд болно.

Чуулганаар чанартай боловсрол олгох замаар ядуурлыг бууруулах зорилтын хэрэгжилт, эх, хүүхэд, өсвөр насныхны болон нийт иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Тогтвортой хөгжлийн зорилтыг хангаж буй байдал, парламентуудын хүрсэн үр дүн, туршлага, сургамж зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм. Салбар хуралдаануудад Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спорт, Эрүүл мэнд, Байгаль орчин, аялал жуулчлал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нар үндсэн илтгэл тавьж хэлэлцүүлнэ.

Энэ удаагийн чуулганд ОУПХ-ны гишүүн ба гишүүн бус Ази, Номхон далайн бүсийн 40 гаруй орноос 150 орчим төлөөлөгч оролцоно гэж тооцож байгаа юм.

ОУПХ нь 1899 онд байгуулагдсан, дэлхийн 179 парламентыг эгнээндээ нэгтгэсэн, НҮБ-д ажиглагчийн статустай олон улсын томоохон байгууллага юм. Чуулган гишүүн орнуудын оролцоо, хэлэлцэх асуудлын цар хүрээний хувьд томоохонд тооцогдох бөгөөд зохион байгуулах ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулан байгуулсан. Ажлын хэсгийн орлогч даргаар УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол ажиллаж байна. Монгол Улсын парламент олон улс, бүс нутгийн хэмжээний ийм чуулганыг өмнө нь 3 удаа зохион байгуулж байсан бөгөөд өнгөрсөн оны зургадугаар сард“Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын зөвлөгөөнийг зохион байгуулсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *