ОУХМ Сайнбаярын Жамбалжамц “Tour of Thailand” уралдааны аварга болж Монголын дугуйн спортын түүхэнд шинэ хуудас нээсэн амжилтын эзэн боллоо.
Тэрбээр Малайзын мэргэжлийн “Terengganu” багийн тамирчин бөгөөд Спортын төв сургуулиас төрөн гарсан, “Алдар” спорт хороонд бүртгэлтэй, 2021 Азийн чансааны 2 дугаар байрт шалгарсан, холбооны 2021 чансааг тэргүүлэгч дугуйчин билээ.
Тайландын олон улсын олон өдрийн уралдаан нь Олон улсын дугуйн холбоо /ОУДХ/-ны 2.1 ангилал буюу хагас мэргэжлийн багууд оролцдог гэдгээрээ онцлог юм. Монголын дугуйчид ийм ангиллын тэмцээний үе шат /этап/-уудад түрүүлж байсан боловч нийлбэр дүнгээр анх удаа ийнхүү аварга болж байна.
Монголын дугуй холбоо 2022 онд анхны мэргэжлийн багийг байгуулснаар ОУДХ-ны 2.1 ангиллын бүхий л тэмцээнүүдэд орох эрхтэй болж олимпын наадамд оролцох эрхийн оноог цуглуулах боломжтой болж байгаа юм.