Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Оцукаре сама дэсү Хакухо ёкозуна

Намрын шаргал өдрүүд налайсан, корона цар тахлын үргэлжилсэн хатуу хөл хорио зөөлрөх энэ үед Их аварга ёкозуна хакухо М.Даваажаргал хэвлэлийн бага хурал хийж, албан ёсоор зодог тайлахаа мэдэгдлээ. “Оцукаре сама” гэж Японоор гарчиглахын учир гэвэл “Хичээнгүйлэн их зүтгэсэнд талархан мэхийе” гэсэн утгатай үг билээ. Японы ард түмэн, хүн болгон түүнд энэ үгийг давтан давтан хэлж байна. Яахын аргагүй л түүний сумогийн хорин жилийн замнал тэр чигээрээ хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрийн хөлс, нулимс, тэсвэр тэвчээрийн замнал байлаа. Саяхан болж өнгөрсөн хэвлэлийн бага хуралд багштайгаа хойморт сууж, хэвлэл мэдээллийнхэн цугларч, асуултад нь хариулж суугаа тэр тогтуухан бөгөөд тов тодорхой хариулж байгаа нь нэг бодлын сэтгэл нь амарсан ч юм шиг харагдана. Сүүлийн хоёр жил өвдөгний бэртэл гэмтэлдээ шаналан, хоёр ч удаа хүнд мэс засалд орж, эмчийн хатуу анхааруулга, хяналтад байлаа. Арван дөрвөн жил ёкозуна хэмээх алдрын цаана өчүүхэн ч алдаа гаргаж болохгүй, үг хэлээ цэнэх, дохёон дээр ялагдаж болохгүй зэрэг олон хариуцлага, нөр их хараа хяналт дор явж ирсэн дэндүү гялбан гялалзах хэрнээ хатуу, бие сэтгэлээ хянах өргөс ихтэй зам мөр байсан юм. Ерөөсөө л Сумогийн холбооны бамбар болон асах, бүх хариуцлагыг нуруундаа үүрч явсан их аваргын замнал байлаа. Тэрбээр анх 2000 онд Японд хөл тавьж, туранхай жаал хүүг авчих дэвжээ олдохгүй, гологдсоор буцахын урьд орой нь Мияагино дэвжээний багш утасдсанаар түүний хувь заяа орвонгоороо эргэж, сумод эргэлт буцалтгүй орох зам мөр нь шулуудсан юм. Тэр сумогийн түүхэнд байж болох бүхий л рекордыг эвдэж, зуун зуунаар дурсагдах их аваргын мөрийг тод томруунаар үлдээж чадлаа. Хаа ч явсан энэ их гүрэнд бидний цөөхөн монголчууд өөрсдийгөө танилцуулахад л ёс юм шиг сумо бөхийн яриа өрнөдөг. Тиймээс монгол хүн л бол сумо үздэг үгүй нь хамаагүй сумогийн талаар тодорхой ямар нэгэн мэдээлэлтэй байх шаардлагатай ч юм шиг хааяа санагддаг. Түүний дотны сайн анд найз, одоо менежерээр нь ажилдаг Рюүо Санчирболд анх уулзаж байсан тухайгаа ийнхүү хуучилдаг билээ. Түүний халуун дулаахан дурсамжийг хуваалцахад “Нэг өдөр багшийн эхнэр, “Маргааш нэг монгол хүүхэд ирж байгаа, юу гэж бодож байна” гэв. Би ч монгол хүний сураг сонсоод л баярладаг хүн цуг нэг дэвжээнд монгол хүнтэй хамт байна гэж бодохоор л баярлаж, хөөрөх сэтгэл дүүрээд ирэв. Маргааш ирнэ гэхэд нэг л итгэж өгөхгүй байв. Өглөө нь ах нарын угаалгыг хийж дуусгачихаад дэлгүүр рүү зарагдана. Угаалга гэдэг нь ах нарынхаа дотуур өмднөөс эхлээд оймс, хувцас бүгдийг нь угааж, дэлгээд, хатсаныг нь өнгө өнгөөр ялган эвхэж, далд хийхийг хэлнэ. Ах нар заавал тэр дэлгүүрээс тийм ундаа авч ир гэнэ. Тийм хоол ч гэдэг юмуу зараалд нь их гүйнэ дээ. Маргааш өглөө бэлтгэлд өмсөх хувцсыг нь бэлдэж тавина. Хатаана. Өвөл бол өглөө өмсөхөөс нь өмнө брезэнтэн хатуу маваши хайрдаг учир пааранд ээж дулаацуулж байгаад өмсгөнө. Борви бохисхийхгүй дээ. Харумафүжитай уулзчихаад иртэл нэг давхрын зочны өрөөний хаалга хаалттай. Хүн ирсэн бололтой гүнгэр гангар яриа сонсогдож байв. Манай нэг ах, “Нөгөө монгол чинь ирсэн” гэж шивгэнэв. Гүйдэг хаалгыг үл ялиг онгойлгоод хартал том хүн харагддаггүй, нэг жижигхээн хүүхэд сууж байна. За энэ арай барилдахгүй байлгүй дээ. Арай ч дээ гэсэн шүү юм бодогдлоо. За энэ биш байх аа. Нойлын өрөө энэ тэр явсан байлгүй дээ гэж бодоод хүлээгээд зогсов. Гэнэт багшийн дуу гарч, “Санчир ирсэн үү, ороод ир” гэлээ. “Энэ хүүхэд манай дэвжээнд ирж байгаа. Дүүдээ сайхан хандаж, найрсаг сайхан найзууд болоорой. Сайн асраад, дэвжээний дэг журмыг нэгд нэгэнгүй зааж өгөөрэй” гэв. “Аль хүн бэ” гэж асуутал нөгөө жаахан хүүхдийг заав. Хав халзан толгойтой, үс сахал нь ургаагүй, хөмсөг ч үгүй жижигхэн шар банди байв. Тэгээд багшийн эхнэр хоолонд дагуулж гараад, дэвжээний амьдрал эхэлсэн дээ. Удахгүй миний төрсөн өдөр болно доо гэтэл Хакухо “Минийх ч гэсэн болно шүү дээ” гэлээ. Яг адилхан өдөр. Гуравдугаар сарын 11. Үнэмшихгүй, паспортыг нь хүртэл үзэж байв. Надаас хоёр дүү. Сумогоор холбогдсон цаанаасаа тохиосон учрал, хувь тавилан гэлтэй. Энэ хүн үгүй бол би өдий зэрэгтэй ингээд яваа ч бил үү. Хоёуланг нь л тааруулах орон зай, цаг хугацаа цаанаасаа бүрдсэн байсан юм болов уу даа. Хакухог орж ирэхээс өмнө багш биеэр очиж Хахухог хараагүй. Осакагийн “Сэцүзоко” дэвжээнд тав зургаан хүүхэд байна. Тэндхийн Асай багш нэгийг нь авахгүй юм уу гэж л дээ. Багш бол монгол хүүхэд дэвжээнд нь байдаг болохоор учиргүй сонирхохгүй байж. Тэнд долоон хүүхэд ирснээс шилэгдсээр байгаад гурван хүүхэд л үлдэж. Багш нэг л болзол тавьсан гэсэн. Санчираас залуу байвал л авъя. Одоо Санчир нэг жил болчихлоо. Хэл усандаа ч гайгүй, дэвжээний ерөнхий дэг жаяг мэддэг болчихсон, зааж зөвлөх хүн байгаа тул дахиад нэг монгол хүн байсан ч яахав дээ гэж бодсон гэсэн. Надад анх зааж, сургаж байхад хэл усгүй, дэг жаяг огт мэдэхгүй хүнд ойлгуулах гэж түвэгтэй хэцүү байсан юм шиг байгаа юм. Даваа маргааш явах гэж байгаа гээд хэдэн чихэр боов боочихсон, үг дуу цөөтэй хүүхэд байлаа. Гэтэл гэнэт дэвжээн дээр аваад ирчихсэн. Маргааш нь аав, ээж нь онгоцны буудал дээр тосох болчихсон. Багш надад “Гэрийнхнийг нь битгий тос. Дэвжээнд үлдсэн гэж утасдаж хэл” гэв. Гэрийнх нь утсыг өөрөөс нь аваад залгалаа. Одоо бодоход Тамир эгч утас авсан байх. “Даваажаргал гэж хүүхэд манай сумогийн дэвжээнд ирсэн. Санаа зоволтгүй. Хэд хоногоос өөрийг нь яриулах байх аа” гэв. Маргааш харихгүй ээ л гэлээ. Гэтэл сонсож байгаа хүн ч бас гайхна шүү дээ. “Юу гэнээ? Яаж байгаа юм бол” гээд л. За юутай ч ирэхгүй юм байна гэдгийг ойлгуулаад л харилцуураа тавив. Тэр үед би Мөнхбат аваргын хүүхэд ч гэж мэдээгүй. Хоёр, гурван өдөр хоёулаа танилцах маягтай, ганц хоёр үг солилцоод л өнгөрөв. Би түүнд цэвэрлэгээ яаж хийдгээс эхлээд дэвжээний дотоод дүрэм, барилдаан ингэдэг тэгдэг хэмээн зааж эхэлсэн юм. Ойр зуурын юмыг нь зааж, орчуулж хэлж өгөөд л. Харин ах нар бол цэвэрлэгээ буруу ч юм уу дутуу байвал намайг л загнана. “Чи ах нь, адилхан монгол байж энэ хүүхдэд олигтой зааж өгсөнгүй” гээд өмнөөс нь загнуулж байсан. Түүнийг дэвжээнд орсон цагаас би л их зүйл зааж өгөөд байсан юм шиг хэрнээ цаагуураа бол Даваа надад их юм зааж мэдрүүлсэн хүн дээ. Хожим зодог тайлж байх үедээ улам мэдэрсэн дээ. Даваа хоолоо зөв иддэг, биеэ маш сайхан зөв амраадаг. Амжилтын үндэс болсон үндсэн гурван дасгал болох теппог (бэлтгэлийн өрөөний буланд бэхэлсэн гуалинг гараар алгадах, эсвэл мөрөөр түлхэх дасгал) 500 удаа, шиког (хөлөө дээр өргөж байгаад газар хүчтэй буулган дэвсэх дасгал) 500 удаа, сүриашиг (хөлөө чирж алхах) 100 удаа гээд яс хийдэг. Надад хэлэхгүй ч гэсэн зөв үлгэр дуурайлал үзүүлдэг байсан. Тухайн үед би ч өөрөө балчир учраас нэг их тоохгүй. Энэ нэг тэнэг юм ингээд унтаад л байдаг юм гээд л гадуур хааяа шар айраг уугаад тэнэчихдэг байв. Даваа зөв дэглэмтэй, зөв бэлтгэл сургуулилт тогтмол хийдэг байсан учраас өдийд ингэж их аварга болоод сумогийн энэ их том рекордуудыг ээлж дараагаар эвдэж байна. Сүүлд би дээд зиндаанд гарахдаа л ойлгосон юм. Хүн биеэ зөв авч явна гэдэг амжилтын үндэс байдгийг. Бэлтгэл сургуулилтыг бол бид хоёр сайн хийсэн дээ. Өглөө болгон кейконы үеэр зодолдоод ана мана үзэлцээд л хамар амнаасаа цус гаргаад л багшийг болиоч гэтэл нь ноцолддог байсан. Давааг ирэхэд би суурьшаад жил илүү, жин бяр нэмээд томорчихсон 100-аад кг байлаа. Давааг надад хариуцуулсан болохоор би түүнээс заримдаа шалтгаална. Өмнөөс нь загнуулж, зодуулна. Уур хүрээд, хоёулаа хэрэлдэнэ. Тэгээд сүүлдээ пижигнэтэл зодолддог боллоо. Ах нар ч болиулж чадахгүй, байшин нураалаа, гарч зодолд гээд хөөнө. Тэгээд гадаа хоёр тийшээ харж хэсэг суугаад, “Орох уу, зүгээр үү” гээд ордог. Ингэж байтал мань эр маш хурдан сайжраад, бие нь томроод ирсэн юм. Багш “Юу идээд байна аа? Долоо хоноход л кимоно нь багадаад байх юм” гэж гайхна. Даваа идэхээсээ илүү маш бөх унтаж, биеэ амрааж чаддаг. Арван хоёр цаг нам унтчихна. Ах нар ирж өшиглөж үзээд “Энэ чинь амьд юм уу? Цэвэрлэгээгээ хийгээч ээ” гээд л намайг загнана. Манай хүн сайхан нам унтаж л байна. Улам өндөр болоод л, хөнжил нь багадаад хоёр хөл нь гараад ирнэ. Орой дээшээ хараад унтана, өглөө яг тэр хэвээрээ л байна, огт хөдөлгөөнгүй. Би бол хөлбөрнө, элдэв юм бодно, зурагт үзнэ, нойр хүрэхгүй бол орж гарна. Би цохиж барилддаг. Даваа барьж барилддаг. Барилдаан бас таарахгүй. Хоёр биедээ дайсан шахуу улс явах. Зодолдож, барилдаж, өрсөлдөж тулж явсаар хоёулаа ач нач үзэлцдэг байлаа. Зодолдсоор бэлтгэлийн гурав, дөрвөн цаг дороо өнгөрдөг байв. Багш бүр аргаа бараад, “Та хоёр ингэж зодолдох юм бол дуусга” гэдэг байв. Даваа маш их хор шартай. Би ч гэсэн намхан болоод тэр үү, сөхөж ороод цуппари хийдэг. Даваа болохоор цээжээрээ дараад, авч шиддэг. Би давж, гаргахаараа хананд түлхэж, хавсраад толгойг нь доргитол түлхдэг. Даваа намайг давахаараа газар унагаагаад дээрээс нидэрч, чирдэг, хорлонтой. Шарандаа уйлаад суудаг байлаа, дийлэхгүй болохоороо. Даваа байгаагүй бол тэр их хор шарыг би хэзээ ч гаргахгүй байсан байх. Бид хоёр нэг нэгнийгээ үнэхээр их хурцалж байлаа. Нөгөө хэдэн бүдүүн ах нартайгаа барилдаад л байсан бол энэ их хор шар, дийлдэхгүй гэсэн улайрал, махруу хүч гарахгүй байсан юм. Миний хүчийг зуун хувь гаргаж өгсөн. Цолтой бөхчүүд эрх чөлөөтэй, дуртай газраа явж байхыг харчихаад, хоёулаа хурдан дээшээ гарч, цолтой болчихоод гоё газар бие биенээ дагуулж, амттай сайхан хоол идэж явна даа гэж ярьдаг байлаа. Чи эхлээд гарчих. Үгүй ээ. Чи эхлээд гарчих гээд л хоёр биеэ нудраад их ярьдаг байсан юм. Сэтгэл дотроо бол би заавал түрүүлж гарна даа гэсэн бодол тээгээд байдаг. Даваа аливаа юманд их няхуур, хүлээцтэй хандаж, тунгаан боддог. Бид хоёр хааяа шатар тоглоно. Би ч аль ойр идчихмээр байгаа нүдэнд өртсөнийгөө л түлхэнэ. Даваа бол их бодно оо. Би хурдлаач гэж шавдуулж, тэвчээргүй болохоор нүүх болоогүй юу гээд л хүлээж байх хооронд утсаа харна. Даваа хараад л байна. Хэвтэнэ, сууна. Тэгж байж, байж ганц нүүдэл хийгээд л намайг хожчихно. Хакухог 2006 оны тавдугаар сарын башёд анх удаа түрүүлэхэд хажууд нь туг барьж явснаа санаж байна. Өөрөө 50 хувиа ч хийж чадаагүй, гундуухан байхад анд минь тугаа өгсөн юм. Сумогийн ордноос гараад машин дээр суухад цугласан хүмүүсийн алга таших, баяр хүргэх, аппарат, камерын гэрэл гялсхийх нь нисч байгаа мэт, амьсгаа ч авч чадахгүй, үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж байлаа. Өөрөө түрүүлсэн юм шиг болж билээ. Андынхаа туг нь болж, эрвэлзэн дэрвэлзэж хамт байя гэсэн сэтгэл оргилж байсан юм. Анд нөхөртэй байхын жаргалыг хамгийн их мэдсэн, мэдэрсэн, золтой хүн юм аа, би. Андтайгаа өрсөлдөж, муудаж, зодолдож бас урам зориг, эрч хүч авч, андаараа бахархаж, түших багана нь, хамтрагч нь, шүүмжлэгч нь байж үзсэн. Даваа маш их хүлээцтэй, амгалан, тулхтай. Уучлахааргүй юмыг ч уучилж өршөөдөг. Би харин тэвчээр муутай, дургүйгээ хүрвэл хаяад гардаг. Хүнтэй муудвал уурлаад цохих гэдэг. Хоолны газар хүнтэй муудаад ширээгээ авч шидэх гэсэн яг тэр мөчид Даваа миний өөдөөс бултахын аргагүй нэг сайн харж байгаа юм даа. Надад түүнээс сурсан зүйл маш их. Одоо бид харцаараа нэгнээ ойлгодог болж. Хааяа бас зөрөлдөнө. Хэсэг маргаад, өөрийнхөөрөө зүтгээд байсан ч ихэнхдээ Даваагийн зөв байна. Миний зөв байх үед тэр дуугаа хураачихна. Их зөрүүд. Бурууг нь хэлвэл инээгээд өнгөрнө. Мэдэж байна аа л гэсэн үг. Өдөр бүхэн нэгэн хэвийн, нэг давтамжтай амьдралаас ер төвөгшөөхгүй, аварга. Байнгын дасгал сургуулилтыг амьдралаа болгож чадсан. Гадаад руу амрахаар явахдаа ч буудлын өрөөнд ч, хээр майханд ч хөлсөө гартал дасгалаа хийж л байна. Ямар ч үед үл тасална. Өөртөө маш өндөр шаардлага тавьдаг. Сэтгэлийн их тэнхээтэй. Зорьсондоо заавал хүрдэг. Туйлбартай, үнэнч. Энэ бол аварга хүний л мөн чанар юм” хэмээн бахархан өгүүлж суусан юм. Тэрбээр үүрийн таван жингээр босч, өглөө бүрийн үндсэн дасгал болох кейког ягштал хийдэг уйгагүй их хичээл зүтгэл, чөлөөтэй байлгаж, өөрөөр нь бодуулдаг багшийн их хайр, итгэл нь өнөөдрийн энэ их амжилттай нь холбоотой. Багш нь энэ тухай өгүүлэхдээ “Би хэзээ ч дасгал сургуулилтаа хий гэж хэлж үзээгүй. Харин одоо болно. Боль оо гэж хэд хэдэн удаа хэлж байсан” гэлээ. Их аварга “Би их азтай хүн. Гэхдээ тэр аз гэдэг нь зөвхөн нөр их хөдөлмөрлөсөн хүнд л ирдэг” гэж нэгэнтээ хэлж байсан. Сумогийн хорин жилийн замналд түүнд олон ч зүйл тохиолдсон. Цунами газар хөдлөлт, сумогийн эргэн тойронд болж өнгөрсөн олон явдал, корона цар тахал зэрэг үзэж туулсан, мэдэрсэн зүйл тоолж барашгүй. Бас 26 настайгаасаа эхлүүлсэн “Хакухо цом” олон улсын хүүхдийн сумогийн тэмцээнийг санаачлан зохион явуулж аль хэдийнэ 10 жилийн нүүрийг үзжээ. Тэрбээр залуу үеийн залгамж халааг бэлтгэж, мөрөөдөл хүслийг нь бадрааж, жигүүрлэн нисгэх гэсэн халуун хүсэл, сэтгэл түүний дотор дүрэлзэж яваа. Жинхэнэ сумоч бөх байх алдар нэрийг өргөж явсан түүний ард халуун ам бүл, дотны найз нөхөд, ах дүүс, ачлалт аав ээж нь байдаг. Их аварга “Агуу эр хүний ард ухаантай эмэгтэй байдаг” гэсэн үгийг онцлон хэлж, гэргийдээ талархлаа илэрхийлж байв. Хэвлэлийн бага хурлын үеэр хамгийн тод сэтгэлд үлдсэн барилдаанаа дурдвал гэхэд анхны кинбоши (Алтан од) хүртсэн Аварга Асашёорюүг давсан, нөгөөдөх нь үргэлжилсэн 63 давааг зогсоосон Кисеносатод унасан барилдааныг онцлов. Тэр барилдаанаас хойш Кисеносато улам намайг хурцалж, хүчирхэг болгоход тусалсан гэлээ. Эх орон болох Монголын ард түмэндээ юу гэж хэлэх вэ гэсэн асуултад “Аавыг минь хүндлэн хайрладагтай адил намайг ч бас хайрладаг монгол ахан дүүстээ баярлалаа” гэсэн юм. Сумоч болоод Ёкозуна болсон хувь хишигтээ гэхээс илүү багштайгаа учирсан зол заяандаа илүү их талархаж байна. Хуримтлуулж ирсэн туршлага өв хөрөнгө минь билээ. Өөртөө хатуу, өрөөлд зөөлөн, энэрэнгүй зөв, шударга сумочдыг төрүүлэх багш болмоор байна гэв. Залуустаа захихад би олон мэхтэй бөхөөс айдаггүй. Олон сэлэм, зэвсэг агссан бөхөөс л айдаг. Үндсэн дасгалаа ягштал хийдэг. Түүнийгээ дайтах зэвсэг болгож чаддаг. Тэрхүү гаршсан зэвсгээ ахин нэг үйрүүлж, нураагаад дахин цоо шинэ зэвсэг болгож явах ёстой гэж л залуу бөхчүүддээ захимаар байна гэлээ. Одоо Их аваргын замналаас Магаки ояагата хэмээх багш, дасгалжуулагчийн зам түүний урд нээгдэж, сумогийн цоо шинэ түүхийг бүтээж эхлэх нь. Оцукаре сама дэсү. Хакухо ёкозуна.

Х.ЭРДЭНЭЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *