НЭГ.
Отгонтэнгэрийн бараа холдон холдтол харагдана. Эгийн даваанаас, Алтай хотоос харагддаг. Хангайн их уулсын дээгүүр торолзох бараа нь их уулсын дээгүүр, холын замд хүүхдээ үдсэн ээж нь аянчдын бараа тасартал гаднаа зогсох мэт бүртэлзэн торойно. Тэгээд сэтгэл оюун, бодол мөрөөдөл, төсөөллийн ертөнцөд сүмбэрлэн үлдэх бөлгөө.
Отгонтэнгэр уулыг Богд Очирваань хэмээн сүсэглэн залбирдаг. Тэнд Очирваань бурханы орон буй хэмээн мөргөх бөлгөө. Өвөр бэлийн сумыг Отгон гэдэг. Мэдээж, хувьсгалын үед сум орноо Богд Очирваань хэмээн хувьсгалч бусаар нэрлэж болохгүй, “Тэнгэр” энэв тэрэв гэсэн шүтээний утгат нэр оноож болохгүй байснаас тэгсэн биз. Ингээд сумаа “Отгон” хэмээн нэрийдсэн бололтой. Бас Цагаанхайрхан хэмээх сум Отгонтэнгэрийн баруун хаяанд байна. Отгонтэнгэрийн нэрийг цээрлэн Цагаан хайрхан хэмээн авгайлж, сум орноо нэрлэсэн бололтой, тэр хавьд Цагаанхайрхан нэртэй, сүр бараатай өөр уул дуулддаггүйг бодоход. Бодвоос, нутгийнхан Отгонтэнгэр уулаа л Цагаан хайрхан гэхгүй бол өөр ямар уулаа “цагаан хайрхан” гэхсэн билээ.
Ийм уламжлал нэг бус. Нэрээ сольж Чингис хот болсон “Өндөр хаан” ч түүний жишээ санагддаг. Монголчууд Чингис хаанаа л Өндөр хаан гэхгүй бол өөр ямар хааныгаа “өндөр хаан” гэх ч билээ.
Харин Отгон, Цагаанхайрхан хоёрын дундуур орших Шилүүстэй бол манай сум, манай зуслан нутаг Богд Очирвааны баруун өмнөөс сунаж мөргөх мэт сунайсаар Отгонтэнгэрийн бэлийн уул хяр руу хүрдэг бөлгөө. Хуучиндаа манай хэдэн сум Хошууч бээсийн хошуу хэмээх засаг захиргааны нэгэн нэгж байжээ.
-Миний хүү хол газар явахдаа Богд Очирвааньдаа залбирч яваарай гэж эмээ минь захидагсан. Хүн нь элж, захиас нь үлджээ. Бодит ертөнц элж, хийсвэр хорвоо үлддэг ч юм уу гэмээр. Гэтэл “Үгүй ээ. Байгаа болгон байгаа” гэх шиг Отгонтэнгэр хайрхан байсан газартаа дүнхийсээр.
ХОЁР.
Отгонтэнгэрийн бараа ойртохоос ч өмнө харагдана. Ахыгаа сургууль тарахыг хүлээн хамар толгой дээр бараа харж өнжих хайртай дүү шиг… гэрээсээ ирэх хэн нэгнийг мөрөөдөж, хураасан түлээн дээр зогсоод хангайн давааг элтэл ширтэх дотуур байрны жаал шиг.
Тэгээд, удтал хүлээсэн хүнийхээ барааг харсан нүдэндээ итгэж ядан гэрлүүгээ гүйж орох хүүхэд шиг Отгонтэнгэрийн бараа газрын бартаанд тасарна.Ойртохын хэрээр мөрөөсөлт зочноо хүлээж тэсэлгүй гаран орон байх нэгэн шиг нэг ил гарч, нэг далд орно.
…Хаврын нүүдлээр хүүхдийг арганд хийж толгойн тэмээнд ачна. Итгэлт номхон тэмээний зөөлөн алхаанд бүүвэйлүүлэн, дээлээр дулаалсан арганд сууж аялах үнэхээр тавлаг, үлгэрлэн хэлвээс агаарын тээврийн “бизнес ангилал”тай дүйцэх тухлаг аялал. Дээр нь чихэр, еэвэн мэтийн тусгай үйлчилгээтэйг хэлэх үү.
Мэдээ орсон цагаас хойш надад хамгийн их таалагдсан зүйл бол нүүдэл. Сунайсан уул, цэлийсэн талыг туулан чанадад нь гарахын жаргалыг зөвхөн нүүдэлчний хүүхдүүд л мэднэ.
Тэнгэрийн хагасыг халхалсан хяр дээгүүр давахын өмнө ер бусын сэтгэгдэл бие эзэмдэнэ. Давааны хяр үл таних үлгэрийн хотыг түр халхалсан хөшиг мэт. Даваан дээр гарах торгон агшинд эзгүйрэн байсан тэнгэрийн хаяа гайхамшигт шинэ үзэмжээр дүүрнэ. Оргүй хоосны огторгуй агшин зуур дүүрэх мэт… их тэсрэлтийн дараа ертөнц агшин зуур тэлсэн гэдэг шиг…гэгээрэл гэнэт цэлсхийн гийгүүлдэг гэдэг шиг… учир начир нь олдож өгөхгүй байсан зүйлс гэнэт логик дараалал, учир замбараа нь танигдах мэт…зүйрлэхийн аргагүй гоё мэдрэмж төрдөг өө.
Хамгийн холын уул хамгийн түрүүн харагдана. Тэгээд уулнаас уул хүртэлх гайхамшгийг үзэн туулан хамгийн цаад талын даваан дээр гарахын хүсэл эзэмдэнэ. Нүүдэлчин хүн очиж үзэхийн хорхойтой болж өсдөг. Энэ бол танин мэдэхүйн дон. Монголчууд нийтээрээ үзэж танихын хорхойтой үндэстэн.
Чингис хааны цэргүүд зүгээр л нүүж явсан юм шиг. Тэд хорвоо ертөнцийг нүүгээд өнгөрөх, дайраад үзэх учиртай, аялан одох бүх хүнд хүртээлтэй байх учиртай гэж бодсон байх. Тэгээд ямархуу ертөнцөд төрснөө мэдэх сонирхолгүй үндэстэнд дургүйцдэг, хорвоо дэлхийгээ үзэж танихын оронд “шавар хотонд шавааралдан суудаг” гэж тэднийг басамжлан хардагч байсан юм бил үү? Улмаар, өөрөө ч аялдаггүй, бусдыг ч аялуулдаггүй хот балгадтай тулалдахаас өөр аргагүй болдог ч байсан юм уу гэж бодогдом. Чингис хаан эзлэн авсан уудам нутагтаа нэг л уриа түгээсэн нь “хөлөө хүрэх газарт явцгаа. Аюулгүй байдлыг би даана” бөлгөө. Тэр хэлсэндээ хүрч Өрнөөс Дорно хүрэх замаар “толгой дээрээ алтан таваг тавиад шөнөөр явсан ч айх юмгүй” болгосон гэдээг.
ГУРАВ.
Тэмээтэй нүүдэл зогсох, хөдлөх нэн аажим. Орчин цагийн иргэний тээврийн супер онгоцны нисгэгч агаарын хөлгөө газардуулах мэт намбалаг. Мөнөөх “люкс арагт” дугхийж явахад нүүдэл зөөлөн зогсох нь мэдрэгдэнэ. Шар хөтөл юм уу, Зүүнбулагийн даваан дээрээс л ийм явдал болдогсон. Арагнаасаа өндийн харахад хангайн нурууны ширээ шиг тэгш оройтой уулсын дээгүүр мөнгөн гурвалжин мэт Отгонтэнгэр үзэгдэнэ. Уул усны эзэд хангай дэлхийгээрээ тахилын ширээ үйлдээд цагаан титэмт бурхан залсан мэт. Отгонтэнгэрийн олон дүр төрхөөс хамгийн ер бусын байдал нь тэрхүү пирамид маягийн гурвалжин дүр байдал бөлгөө. Магадгүй, хамгийн анхны сэтгэгдэл, хар багаас хоногшсон дүр төрх учраас тийн санагддаг ч байж магадгүй.
Эмээгийн маань дуу ойртон ирж,
-Миний хүүгийн Богд Очирваань гараад ирлээ дээ гэнэ.
Тийм ээ, тэр уул миний уул, бас эмээ болгоны ач хүүгийн уул. Надад анх удаа уул усыг “минийх мэт” хайрлах сэтгэл тэгж төрсөнсөн. Аваад явж болдоггүй, сахиад үлдэх аргагүй, өмчлөөд үлдээх боломжгүй ч гэсэн “миний юм” байж болдгийг тэгэхэд анх ухаарчээ. Энэ хорвоо ч тийм бөлөөг. Эмээ минь үнэн хэлсэн ажгуу.
Би тэр уул хайрханыг өмчлөн суухгүй, үүрээд явахгүй, гэхдээ л тэр бол миний уул. Учир нь би нэг юманд уягдах учиргүй, нэг үнэнд хүлэгдэх явдалгүй, үзэл санааны нүүдэлчин хүн. Үзэж үл барах, таньж үл ханах ертөнц дэлхий өмнө цэлийж байгааг төрөхдөө л мэдэрсэн. Нүүдэлчин хүн таних мэдэхүйн загварт баригдах дургүй. Мөн чанараараа догмын эсрэг. Нүүдэлчид юмыг эсэргүүцэхийн оронд түр хүлээн зөвшөөрдөг. Хүний үзэл санааг шүүн хэлэлцэх, шүүмжлэхийн оронд зөвшөөрөн, бусдыг өөрийн гэсэн үнэнтэй нь орхиод одохыг боддог. Ертөнц шүүн хэлэлцэхэд бус үзээд өнгөрөхөд зориулагдсан гэж хардаг.
Тэд хамгийн өндөр уулын цаана хамгийн өндөр уул байгаа гэдгийг мэдэрдэг. Тийм болохоор, өөрийн уулыг хамгийн өндөр гэж боддог нэгэнтэй маргаж суухын оронд тэнгэрийн хаяа руу замаа хөөхийг эрхэмлэнэ.
Бас хамгийн үржилт нутгийг ч орхиод нүүнэ, хамгийн жаргалтай агшныг ч хаяад босно гэдгээ мэддэг, мянга мянган гайхалтай зуныг зусландаа орхиж дассан шигээ. Алдана гэдэг бол шинийг эрэх шалтгаан, хагацана гэдэг бол илүү сайхнаар учрахын бэлтгэл гэж ухаардаг, мянга мянган зуд гамшгийг өвөлжөөндөө хаяад нүүсэн шигээ…
ДӨРӨВ.
Намар уруудаж нүүтэл Отгонтэнгэрийн бараа үл тасарна. Отгонтэнгэрт ил зусаж буй айлууд тэр зүгт үнсээ үл асгана. Тийш харж “морь харах”ыг цээрлэнэ.
Отгонтэнгэрийн дүр төрх олон янз. Баруун хойноосоо бол тал алман сар хэлбэртэй, торгон ирмэгийг нь цас эмжээрлэнэ. Эс бөгөөс үүлсийг эсгэж ир нь цайрсан алман сүхээ асар тэнгэрүүд газарт орхиж мартсан мэт. Энэ дүр хувирал Даян зуслангаас үзэгдэх бөгөөд монгол төгрөгийн “100” ба “50”тын дэвсгэрт дээр буй.
Харин зүүн өмнөөс нь харахад цагаан хэвнэг хагас хөдөрсөн орон дэлхийн эзэн бээр, газар тохиолдоод хагас хажуулах мэт. Өмнө нь рашаан дүүрэн бадар аяга нь мэлтэлзэх нь тахилгат нуур-Бадар хундага бөлгөө. Ийм дүр байдлыг Отгонтэнгэрийн тахилгад очсон, Бадар хундагаариун нуурийг тольдохоор очигсод мэднэ. Хүн болгонд анх харсан тал нь хамгийн төгс хамгийн эрхэм.
Өндөр газрын араншин таагдашгүй. Дөнгөж саяхан л цэлмэг тэнгэрт сүүмийн байсан Богд Очирваань хайрхан агшин зуур үүлэнд баринтаглуулан бараа тасарна. Гэнэтхэн тэнгэрийн тайзны хөшиг нээгдэх мэт тув тунгалгаар тодрох нь Төвд газрын сүм хийдийн туурган зургуудын “өөрөө тодорсон домогтой” хэмээх тайлбар лугаа адил.
Нутгийн зон олон энэ үзэгдлийг “Отгонтэнгэр дургүй хүндээ харагдах дургүй” хэмээн тайлбарлах дуртай. Хажууд нь удаан байхад ч гэсэн “харагдах”, “үл харагдах” энэ байдал ээлжлэх тул уул ус чамд нэг дургүй нь хүрээд, тэгснээ сайхан загнаад байна гэж хэлэх аргагүй.
Үнэн хэрэгтээ, Отгонтэнгэр хүн бүхэнд харагдана. Гагцхүү, чи харъя гэж хүссэн л байх хэрэгтэй. Үл үзэгдэх байдал бол дүр төрх мөн. Чи Отгонтэнгэрийн үл харагдах дүр төрхийг л харсан байна. Харагдахгүй болгон байхгүй гэсэн үг биш. Чи хайрыг хардаггүй. Гэхдээ түүний байгааг мэдэрч, хайр байгаагийн хүчинд жаргадаг гэдгээ мэддэг.
…“Гишгэж зогсоо газрын минь үргэлжлэл, Гэгээн нарны дорхи чиний эх нутаг…” Оюутан цагийн шүлгийн мөр. Чамд харагдаж байгаа бүхэн Отгонтэнгэрийн нэг үзүүр. Чиний гишгэж байгаа газар чинь Отгонтэнгэрийн хормой мөн. Чи Отгонтэнгэрт очсон бол, энэ мөрүүдийг уншсан бол “Хүү минь, Чиний Богд Очирваань тэр байна”…
2017 оны долдугаар сар