Өнгөрсөн Ням гарагт Хар тэнгист осолдсон Оросын армийн Ту-154 онгоцны нэг хар хайрцгийг шумбагчид олсон тухай мэдээллээ.
Мөн хар хайрцагны орчмоос зорчигчдын цогцсыг нэмж олсон байна. Армийн эх сурвалжийн мэдээлснээр “Эрлийн үеэр онгоцны нисгэгчийн бүхээгт байрлах хар хайрцгийг оллоо. Удахгүй уснаас гаргах болно” гэжээ. Хоёр дахь хар хайрцаг нь онгоцны сүүл хэсэгт байрладаг бөгөөд түүнийг хараахан олоогүй байна.
Эх сурвалж өгүүлэхдээ “Одоогийн байдлаар ослын шалтгааныг хөдөлгүүрт гадны биет нэвтэрснээс үүдэлтэй гэж үзэж байна” гэсэн бөгөөд нисгэгчийн алдаа, техникийн гэмтэл зэрэг хувилбаруудыг мөн шалгаж байгаа гэжээ.
Өнгөрсөн шөнө нэмж гурван зорчигчийн цогцсыг уснаас олсон байна.
Ням гарагт Сочигийн нисэх буудлаас хөөрсөн Ту-154 онгоц Хар тэнгист осолдож, 92 хүн амиа алдсаны дотор алдарт Александровын нэрэмжит армийн найрал дууны чуулгын 64 гишүүн, хэвлэл мэдээллийнхэн, хүмүүнлэгийн ажилтнууд багтаж байсан юм.
Аялалын зорилго нь Сирийн Латакиа дахь Оросын цэргийн баазад шинэ жилийн концерт тоглох байжээ.