Өчигдөр China Eastern Airlines компанийн 132 зорчигтой онгоц Ужоу хотоос холгүй осолдсон тухай мэдээлсэн. Тэгвэл ослоос амьд хүн үлдээгүй тухай Хятадын эрх баригчид мэдэгджээ.
Онгоц даваа гарагийн 13.00 цагт Куньмин хотоос Гуанжоуг чиглэн хөөржээ. Гэвч 14.20 цагийн орчимд 20,000 гаруй фут өндрөөс унаж буй нь радард бичигдсэн байна. Хэсэг хугацаанд хөөрсөн ч ахин маш хурдтайгаар унаж эхэлжээ. Эгц босоо чиглэлд 9500 метр/минутын хурдтай газар мөргөж унасан тул амьд хүн үлдэх магадлал тун бага гэж үзэж байна. Хятадын Иргэний агаарын тээврийн газраас одоогоор хар хайрцагны талаарх мэдээллийг өгөөгүй байна.
Онгоцонд 123 зорчигч, багийн есөн гишүүн байжээ. Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр зорчигчдын гэр бүлийн гишүүд даваа гарагийн орой China Eastern Airlines-ийн Юньнань дахь салбарт ирээд буй. Онгоцонд гадаадын иргэн байгаагүй гэж тус компани мэдэгдсэн байна.