Categories
мэдээ нийгэм

Осолд орсон төрийн алба хаагчдын биеийн байдал хүнд байна

Энэ сарын 21-22-нд шилжих шөнө Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Сангийн яамны албан хаагчид Завхан аймгаас Архангай аймаг хүрэх замд Солонготын даваанд осолдож хүндээр гэмтсэн. Тэдний биеийн байдлыг тодруулахад хүнд талдаа гэсэн хариуг эмнэлгийнхэн өгч байна. Ослын шалтгааныг замын цагдаагийнхан шалгаж байгаа ч эхний байдлаар орон нутагт ажиллаж явсан дөрвөн төрийн албан хаагчийн сууж явсан машин нь Солонготын давааны өвөрт 20:30 цагт гүүрний далангийн эрэг мөргөж осолджээ. Дугуй нь хагарснаас осол гарах шалтгаан болсон бөгөөд “00-79 УБЗ” улсын дугаартай “Ланд круйзер-200″ маркийн автомашинаар зорчиж явсан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын референт Г-ээр ахлуулсан ажлын хэсэгт Сангийн яамны мэргэжилтэн Ц, Ж, Засгийн газрын авто баазын жолооч Б нар явж байжээ.

Осол болсон газарт Архангай аймгийн Онцгой байдлын алба хаагчид, нэг автомашин, цагдаагийн таван алба хаагч, нэг эмч, хоёр сувилагч, аймгийн нэгдсэн эмнэлгийн гурван эмч, хоёр сувилагч очсон бол Завхан аймгийн Онцгой байдлын газрын зургаан алба хаагч, нэг автомашин нийтдээ 26 хүн, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр ажиллав. Мөн Улаанбаатараас 8:42 цагт нисдэг тэргээр 13 хүний бүрэлдэхүүнтэй баг гурван цаг нисч Архангай аймгаас гэмтсэн хүмүүсийг ГССҮТ-д авч ирж эмчилгээ үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *