2020 оны 8 сарын 10-13-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст зам тээврийн ослын шинжтэй 780 дуудлага бүртгэгджээ.
Ослын улмаас нийт 16 хүн гэмтэж, 4 хүн амиа алджээ.
Хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл:
Явган зорчигч мөргөх хэлбэрээр -11
Унадаг дугуйтай зорчигч мөргөх хэлбэрээр-2
Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-2
Мөргөлдөх хэлбэрээр-1 тус тус бүртгэгдсэн байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2020.08.10-ны 09.45 цагийн орчим Увс аймгийн Улаангом сумын 6-р баг “Арын дөрвөн зам” гэх газар асфальтан замд улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоциклын жолооч У нь явган зорчигч Б-г мөргөж, онхолдон жолооч 21 настай, эрэгтэй У нас барсан.
2020.08.12-ны 10.20 цагийн орчимд Өмнөговь аймаг Даланзадгад сумын 1-р баг “Морь бариа” гэх газар асфальтан замд Toyota Fielder автомашины жолооч 34 настай, эрэгтэй Б нь замын хажуугийн шон мөргөж, онхолдсоны улмаас нас барсан.
2020.08.12-ны 04.00 цагийн орчимд БГД-ийн 2 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө, ТБД андуудын урд замд Toyota Allion маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч 44 настай, эрэгтэй О-г мөргөж амь насыг хохироосон.
2020.08.12-ны өдрийн 04.25 цагийн орчимд СХД-ийн 17 дугаар хороо Энхтайваны өргөн чөлөө, 32-р байрны урд явган хүний гэрэл дохиотой гарцан дээр марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч, эрэгтэй, 25 настай, Н-ыг мөргөж амь насыг хохироосон.
Мөн дээрх өдрүүдэд явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 412, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 102 жолоочид хуулийн дагуу хариуцлага тооцжээ.
Замын хөдөлгөөнд оролцогчид аюулгүй байдлаа хангах, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгөх, мөн хөдөлгөөн эхлэх үедээ тээврийн хэрэгслийн ард болон урд хэсэгт саад байгаа эсэхийг шалгахыг анхааруулж байна.
Д.СУВД-ЭРДЭНЭ