Герман улсын канцлер Олаф Шольц тус улс Оросын байгалийн хийн нийлүүлэлтээс хамааралгүй болсон гэж зарлав. “Европ даяар хийн хэрэглээгээ 15 хувиар танах зорилгыг биелүүлж чадсан гэдгийг зарлаж байгаадаа таатай байна. Энэ бол Европын эв нэгдэлд болон Оросын хийнээс ихээхэн хамааралтай байсан манай улсын хувьд маш чухал ач холбогдолтой мэдээ” гэж Шольц Бундестагт үг хэлэхдээ мэдэгдэв. “Бид Оросоос хамааралтай байсан. Харин одоо бид энэ хамаарлаас чөлөөлөгдөж, ирэх өвлийг бэлтгэл сайтай угтаж байна” гэж канцлер онцолжээ. Тэрээр мөн энэ үеэр эрчим хүчээ хэмнэсэн Германы ард иргэдэд талархал илэрхийлээд “Одоо бид хийн хэрэглээний таналтаа 20 хувьд хүргэхийг зорьж байна. Бидний хэмнэсэн киловатт цаг бүр эрчим хүчний аюулгүй байдлыг маань нэмэгдүүлж байгаа” гэж хэлжээ. Дараа нь тэр эрчим хүчний нийлүүлэлтээ зэвсэг болгон ашиглаж буй Москвагийн эрх баригчдыг шүүмжилсэн байна. “Балтын тэнгисийн Умард Урсгал, Умард Урсгал 2 дамжуулах хоолойнуудад осол гарахаас аль эрт Орос улс тодорхойгүй шалтгаанаар хийн нийлүүлэлтээ зогсоогоод байсан юм. Тиймээс Путиний Орос найдвартай худалдааны түнш нэгэнт биш болсон” гэж Шольц мэдэгджээ.
Украины газар нутагт Оросын цэрэг халдан довтолсноос хойш Герман улс Оросын эрчим хүчнээс хамаарлаа бууруулах арга хэмжээнүүдийг авч эхэлсэн юм. Өнгөрсөн хугацаанд хийн нөөцөө өөр эх үүсвэрээс бүрдүүлэх, хэрэглээгээ танах зэрэг арга хэмжээнүүдийг авснаар ирэх өвлийг бүрэн даваххуримтлалтай болоод байна.