Categories
гадаад мэдээ

Оросын төв телевизээр дайныг эсэргүүцсэн сэтгүүлчийг Германы хэвлэл ажилд авчээ DNN.mn

ОХУ-ын төрийн мэдлийн “Первый канал” буюу 1-р сувгийн мэдээллийн хөтөлбөрийн шууд дамжуулалтын үеэр студид орж ирэн, Украин дахь түрэмгийллийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн сэтгүүлч Германы хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллахаар болжээ.
Овсянникова өнгөрсөн сард хийсэн эсэргүүцлийнхээ дараа 1-р сувгийн редакторын албан тушаалаа орхисон ч Франц улсаас санал болгосон улс төрийн орогнолоос татгалзсан билээ. Тэрээр аюулгүй байдлынхаа төлөө эмээж байгаа ч Орост үлдэхийг хүсэж буйгаа мэдэгдээд байсан юм.
Тэгвэл Германы “Die Welt” сонин түүнийг Украин, ОХУ дахь нөхцөл байдлыг газар дээрээс нь мэдээлэх сурвалжлагчаар ажилд авсан бөгөөд тэрээр телевизийн сувагт нь ч мөн хувь нэмэр оруулах аж. “Welt” группийн Ерөнхий редактор Ульф Поршардт энэ шийдвэрийн талаар “Овсянникова шууд дамжуулалтын үеэр эсэргүүцлээ илэрхийлснээр төрийн хэлмэгдүүлэлтэд өртөх аюулд орсон ч сэтгүүлчийн хамгийн чухал ёс зүйг хамгаалсан. Би түүнтэй хамтран ажиллах болсондоо баяртай байна” хэмээн тэмдэглэжээ.
43 настай Марина Овсянниковагийн хэлснээр, Оросын цагдаа нар түүнийг саатуулж, 14 цагийн турш байцаан, хоёр өдөр унтуулаагүй бөгөөд эцэст нь 30 мянган рублийн торгууль ногдуулсан байна. Гэвч одоо түүнийг нэмэлт мөрдөн байцаалтад хамруулж, олон жилийн хорих ял оноох эрсдэлтэй хэвээр байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *