Categories
гадаад мэдээ

Оросын цэргийн командлагч Украинд явуулж буй дайныхаа эцсийн зорилгыг тайлбарлажээ DNN.mn

ОХУ-ын төв цэргийн тойргийн командлагчийн үүрэг гүйцэтгэгч, хошууч генерал Рустам Миннекаев өчигдөр Свердловск мужид болсон батлан хамгаалах салбарын хуралд оролцохдоо тус улсын Украинд явуулж буй дайны эцсийн зорилгыг тайлбарласан тухай ТАСС агентлаг мэдээлжээ.

Түүний тайлбарласнаар Украины дорнод болон өмнөд хязгаарыг эзэлж, тогтмол хяналтаа тогтоох нь “цэргийн тусгай ажиллагаа”-ны үндсэн зорилго гэнэ.

Хоёрдугаар сарын 24-нд Украин улсын газар нутагт халдан довтлохдоо Путин тус улсыг нацист дэглэмээс бүрэн чөлөөлөх зорилтыг зарлаж байсан юм. Тэгвэл генерал Миннекаевын ярьснаас харвал анхны энэ зорилго өөрчлөгдсөн бололтой.

“Тусгай ажиллагааны хоёр дахь үе шат эхэлснээс хойш Оросын зэвсэгт хүчний тавьж буй нэг гол зорилго бол Донбасс болон өмнөд Украинд бүрэн хяналтаа тогтоох юм. Ингэснээр бид Крымийн хойгтой хуурай газраар холбогдож, бас бусад улс орнууд руу хөдөө аж ахуй, металлургийн бараа бүтээгдэхүүн тээвэрлэдэг Хар тэнгисийн боомтуудыг нь эзэлснээр Украины эдийн засагт том цохилт өгөх болно” гэж Миннекаев ярьжээ.

Тэрбээр цааш нь ярихдаа “Өмнөд Украинд хяналтаа тогтоосноор бид Транснистрийн бүс нутагтай холбогдоно. Тэнд бас орос хэлтэй хүн ам дарлагдан зовж байгаа гэсэн баримт бий” гэсэн байна.

Транснистр нь Зөвлөлт Холбоот Улс задарснаас хойш Москвагийн дэмжлэгтэй салан тусгаарлагчдын хяналтад байгаа Молдовын газар нутаг юм.

Энэ бүс нутагт одоо Оросын 1,500 цэрэгтэй анги тогтмол байрладаг. Транснистрт байгуулагдсан хагас сая орчим хүн амтай, Тирасполь нийслэлтэй Приднестровская Молдавская Республика гэгддэг тоглоомын улсыг олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрдөггүй, Молдов улсын нэг хэсэг гэж үздэг.

Хэрвээ Миннекаевын ярьсан үнэн бол Оросын арми Украины томоохон боомт хот Одессыг эзлэхээр төлөвлөж байгаа бололтой.

Одесс нь Украины баруун өмнөд эргийн гол боомт, тус улсын гурав дахь том хот юм.

Миннекаев өчигдөр хэлсэн үгэндээ Орос улс бүх дэлхийтэй тулалдаж байгааг бас дурдсан байна.

Генералын ярьсан зүйлийн талаар өчигдөр сэтгүүлчид Кремлийн хэвлэлийн албанаас тодруулахад тайлбар өгөхөөс татгалзжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *