Нобелийн энх тайвны шагналт, “Новая газета” сонины ерөнхий редактор Дмитрий Муратов пүрэв гаригт Оросын Самара хотоос Москва хотын чиглэлд галт тэргээр зорчих үедээ халдлагад өртсөн байна.
Тэрээр өөрийн сошиал хаягаар дамжуулан энэ талаар мэдээлсэн юм. Түүнийг галт тэрэгний купенд зорчиж явах үед үл таних хоёр итгээд гэнэт халдаж, ацетон тосон будаг цацсан байна. Тэрээр будагны хордлогын улмаас нүд нь улайж, хорсож байна гэжээ.
Москва хотын цагдаагийн байгууллагын мэдээлснээр халдлага үйлдэгч этгээдүүдийг эрэн сурвалжлах ажлыг эхлүүлсэн бөгөөд одоогоор хэн болохыг нь тогтоогоогүй байгаа аж.
Дмитрий Муратов ОХУ цэргийн хүчээр Украинд түрэмгийлсний дараа Украины дүрвэгчдэд зориулан хандивын үйл ажиллагаа зохион байгуулсан явдал нь халдлагад өртөх шалтгаан болсон байж болзошгүй гэж таамаглаж байгаа юм. Учир нь халдлага үйлдэгчид түүн рүү будаг цацахаасаа өмнө “Муратов, үүнийг хөвгүүдийнхээ төлөө” гэж хашгирсан аж.
Тэгвэл Европын холбооны Гадаад харилцааны дээд комиссар Жозеп Боррел энэ асуудлаар “Дмитрий Муратов халдлагад өртсөн явдал нь Оросын чөлөөт сэтгүүлчдийн аюулгүй байдал, хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд дахин халдсан үйлдэл боллоо. Европын холбоо ОХУ дахь хараат бус, чөлөөт сэтгүүл зүйг тууштай дэмжих болно” гэж мэдэгдсэн байна.
Новая газета сонин нь эрэн сурвалжлах сэтгүүлзүй, улс төрийн нийтлэлээрээ олон улсад танигдсан, Кремлийг шүүмжлэгч Оросын цөөн хэдэн чөлөөт хэвлэлийн нэг юм. Дмитрий Муратов олон жил ардчилал, хүний эрх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний төлөө тэмцэж ирсэн нэгэн. Түүний энэхүү зүтгэлийг үнэлэн 2021 онд Нобелийн энх тайвны шагналыг гардуулсан юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн сарын эхээр Хэвлэл мэдээллийн тухай болон Хуурамч мэдээлэлтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үүнд, ОХУ-ын үндэсний аюулгүй байдал, тэр дундаа Украин дахь цэргийн ажиллагааны талаар худал мэдээлэл тараасан тохиолдолд 15 жил хүртэл хорих, зэвсэгт хүчний нэр хүндийг гутаасан тохиолдолд 13 мянган ам.доллараар торгож, гурван жил хорих ялаар шийтгэх заалт тусгасан явдал нь хэвлэл мэдээллийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг илт боомилсон шийдвэр юм.
Мөн гуравдугаар сарын 28-нд ОХУ-ын Харилцаа холбоо, мэдээллийн технологи, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хяналтын алба буюу Роскомнадзорын зүгээс Новая газета сонин болон вебсайтад нийтлэгдсэн Украины дайны талаарх мэдээллүүдийг устгахыг шаардаж, тэгээгүй тохиолдолд дээрх хуулийн хариуцлага тооцохоо мэдэгдэн, үйл ажиллагааг нь хориглосон билээ.
Улмаар Новая газета сонины сэтгүүлч, сурвалжлагч болон ажилчид өнгөрсөн сард “CNN”, “BBC”, “Bloomberg” зэрэг олон улсын хэвлэлүүдийн нэгэн адил ОХУ-ыг орхин гарч, редакцын үйл ажиллагаагаа гадаад улсаас үргэлжлүүлэх болсон.
Эх сурвалж: Novaya Gazeta Europe,