Украины талаас хил давж ирсэн хорлон сүйтгэгч бүлэгтэй Белгород мужийн нутагт тулалдаан болж байна гэж Оросын албаныхан мэдээлжээ. Москвагийн эрх баригчид Украины дайн эхэлсэн цагаас хойш тус улстай хил залгаа Белгород мужид “терроризмтой тэмцэх дэглэм” тогтоогоод байгаа юм. Өмнө нь 1999-2009 онуудад Чеченьд ийм дэглэм тогтоож байсан билээ.
Тус мужид өрнөж буй үйл явдлын талаар ерөнхийлөгч Владимир Путинд илтгэсэн гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ. Мөн галын шугамаас иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эхлүүлснээ Белгород мужийн захирагч Вячеслав Гладков мэдээлсэн байна. Тэрбээр “Нөхцөл байдал маш хүнд байна. Нутгийн оршин суугчдын ихэнхийг нүүлгэн шилжүүлсэн. Манай зэвсэгт хүчин ойрын хугацаанд үүргээ биелүүлж манай нутгийг чөлөөлж дуусна гэдэгт би итгэлтэй байна” гэжээ. Путиний дэглэмийг эсэргүүцэгч “Оросын Эрх чөлөөний Легион” болон “Оросын сайн дурын корпус” нэртэй зэвсэгт бүлэглэлүүд Белгородын нутаг дэвсгэрт гурав дахь удаагаа нэвтэрснээ хүлээсэн байна. Тус бүлгийн “Телеграм” хуудсанд нийтлэгдсэн дүрс бичлэгт цэргийн дүрэмт хувцастай нэгэн “Орос улс эрх чөлөөтэй болно! Үр хүүхдүүдээ амар амгалан, эрх чөлөөтэй орчинд өсч торниулахыг бид хүсч байна” гэжээ. Харин Украины эрх баригчид Белгородод болж буй үйл явдалтай огт холбоогүй гэдгээ илэрхийлсэн байна.“Украин улс Оросын Белгород мужид өрнөж буй үйл явдлыг анхааралтай ажиглаж байна. Гэхдээ манай тал үүнд оролцоогүй. Тоталитар дэглэмтэй улс орны цорын ганц хөдөлгөгч хүч партизаны хөдөлгөөн байдаг шүү дээ” гэж Украины ерөнхийлөгчийн зөвлөх Михаило Подоляк бичсэн байна.
Украины талд 2014 оноос байлдаж буй ОХУ-ын иргэдээс бүрддэг “Оросын Эрх Чөлөөний Легион”, “Оросын сайн дурын корпус” бүлэглэлүүд танк, хуягт тээвэрлэгчээр ОХУ-ын хилээр нэвтэрч Белгород мужийн Козинка, Грайворон хоёр тосгоныг эзлэн авч бэхлэлт байгуулан тулалдаж эхэлсэн байна. Мөн Белгородын батлан хамгаалах болон хүчний байгууллагын удирдлагын байшинг дроноор довтолсон аж. Энэ нь цэргийн гэхээсээ улс төрийн үйл ажиллагаа юм. Учир нь Путины дэглэмийг эсэргүүцсэн оросуудаас бүрдсэн зэвсэгт хүчин Белгород мужийг Кремлээс тусгаарлан БНБУ болгох гэж байна гэсэн үг юм. Энэ явдал орос иргэдэд ямар сэтгэгдэл төрүүлэх нь ойлгомжтой. Харин цэргийн хувьд Орост II фронт нээгдсэн учир Украины хилээс Москва хүртэл ямар ч орос цэрэг, бэхлэлт байхгүй байгаагаас болж Кремль Украинд байлдаж байгаа дайчдаасаа энд цэрэг шилжүүлэн авчирна гэсэн үг. Энэ нь Украины сөрөг довтолгоонд бэлтгэж байгаа цэргээ хөдөлгөнө гэсэн үг учир Москвагийн хувьд тун ч таагүй явдал юм.
Г.АМАРСАНАА