Украины хямралтай холбоотой эдийн засгийн хоригийн улмаас энэ сарын эхээр газрын тосны үнэ сүүлийн 14 жилийн хамгийн өндөр түвшинд хүрээд байсан юм.
Тодруулбал баррель газрын тосны үнэ $130 дөхөж байжээ.
Харин Мягмар гарагт $100-аас доош буурч, $99 хүрсэн байна. 2008 онд Оросын цэрэг Гүржийн нутаг дэвсгэрт халдах үеэр баррель газрын тосны ханш $146 хүрч байсан юм.
Энэ удаагийн бууралтад Орос-Украины яриа хэлэлцээнд ахиц дэвшил гарсан тухай мэдээ нөлөөлжээ. Бас газрын тосны томоохон хэрэглэгч Хятад улсад коронавирусийн халдвар дэгдэж, олон сая хүн хатуу хөл хорионд шилжсэний улмаас газрын тосны эрэлт буурах айдас нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
Эдгээрээс гадна ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров 2014 онд байгуулсан Ираны цөмийн гэрээг сэргээхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь нөлөөлжээ. Хэрвээ гэрээг сэргээвэл Иран улсын газрын тосны экспортын хориг цуцлагдаж, нийлүүлэлт нэмэгдэх юм.
Сүүлийн өдрүүдэд дэлхий даяар эрчим хүчний хямрал нүүрлэж, газрын тосны үнийн өсөлтийг хязгаарлахын тулд өрнөдийн орнууд Саудын Араб зэрэг олборлогч орнуудад гарцаа нэмэгдүүлэхийг уриалж байна.