Categories
гадаад мэдээ

Орос, Украины дайны нөхцөл байдал DNN.mn

Оросын арми Донецкийн баруун хэсэгт хүчээ зузаатгаж байгаа нь шинэ давшилт хийж магадгүй гэдгийг нотолж байна гэж Америкийн дайн судлалын хүрээлэн(ISW)-гийн шинжээчид мэдэгджээ.

Херсон мужийн баруун эргээс татан авсан Оросын байлдааны ангиудыг Донбассын янз бүрийн бүс нутагт шилжүүлж, оросууд байлдаж буй цэргийнхээ хүчийг бэхжүүлээд байгаа билээ. Оросын цэргүүд амжилт олж чадна гэдгээ өөрийн иргэдэд батлан харуулахын тулд Донецк мужийн баруун хэсэгт тасралтгүй довтолгоо хийж байна гэж Дайны судалгааны хүрээлэн(ISW) бичжээ. Уг хүрээлэнгийн судлаачдын үзэж байгаагаар Оросын цэргүүд Луганск мужийн ар талын бүсээс хүнд техникээ фронтын шугам руу шилжүүлж эхэлсэн гэнэ. Хүйтэн өвөл эхэлж газар хөлдсөн тул Украины Луганск, Донецк мужуудын фронтын бүх шугамын дагуу Оросын армийн хөдөлгөөн мэдэгдэхүйц идэвхжсэн аж.

Бахмут хотыг эзлэх гэсэн Оросын довтолгоо тавдугаар сараас өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Өнөөдөр энд Донецкийн хойд болон баруун хэсэгт орших Украины хяналтад байгаа Авдийвка, Маринка суурингийн төлөөх тулалдаан ид өрнөж байна. Оросын анги нэгтгэлүүд мөн Луганск мужийн Сватово, Кременная сууринг эзлэхээр оролдож сөрөг довтолгоо хийсээр байна. “Тэд 30-аад хүнтэй хэсгүүдээр ар араасаа өдөр, шөнөгүй тасралтгүй довтолж биднийг шахаж гаргахыг оролдож байна. Ингэж халз довтолж цэргүүд нь олноороо амиа алдах нь тэдэнд огт хамаагүй. Тэд биднийг тал бүрээс довтлохыг хичээдэг. Тэд яг л кинон дээр гардаг, саадыг тоохгүй урагш зүтгэдэг зомбинууд шиг авирлаж байна” гэж Бахмутыг хамгаалж буй Украины Зэвсэгт хүчний байлдагч хэлсэн байна. Мөн хөлсний цэргийн “Вагнер ЧВК”-ийн удирдагч Евгений Пригожин Бахмутын ойролцоо цуст тулаан болж байгааг батлан “Дайсан бидэнд маш хүчтэй эсэргүүцэл үзүүлж байна. Магадгүй ийм хүчтэй эсэргүүцэл өнгөрсөн зууны түүхэнд ч гарч байгаагүй байх” гэж хэлсэн байна. Түүнээс “Правда.ру”-гийн сурвалжлагч “Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Бахмутын ойролцоох Опытное тосгоныг та нарыг эзэлсэн гэж олон дахин мэдээлж байгааг та баталж чадах уу?” гэж асуухад Пригожин: “Чи асуудлын дээгүүр харайгаад гарчихлаа. “Вагнер”-ийн дүрэмд ямар нэг газрыг эзэлснээ хоёр өдөр хэнд ч битгий хэл. Дайсан сөрөг довтолгоо хийхгүй болсны дараа л тугаа мандуулж, энэ тухай бусдад мэдэгд” гэж заасан байдаг гэж хариулсан байна. Оросын анги нэгтгэлүүдийн Донецк мужид давших, Луганск мужид сөрөг довтолгоо хийх оролдлогын эрчимжилт сар орчим үргэлжилж байгаа юм. Гэхдээ шинэ довтолгоо явуулах боломж байгаа ч Оросын цэргүүдийн үр дүнгүй байлдаан хэвээр байгаа бөгөөд тэд ойрын саруудад стратегийн ач холбогдолтой газар нутгийг эзлэн авах боломжгүй гэж “ISW”-ийн мэргэжилтнүүд дүгнэсэн байна. Их Британийн Батлан хамгаалахын штабын дарга адмирал Энтони Радакин Хатан хааны батлан хамгаалах нэгдсэн судалгааны хүрээлэн(RUSI)-д үг хэлэхдээ “Генералууд нь армийнхаа байлдах чадварыг хадгалахын тулд эзэлсэн газар нутгаа буцаан өгөх шаардлагатай болсныг тайлбарлан Путинд загнуулж байсан. Одоо тэд Путинтэй үүнээсээ ч илүү, хэцүү яриа өрнүүлэх ёстой болсон” гэж хэлсэн байна. Радакин мөн “Путинд генералууд болон сайд нар нь юм хэлэхээс эмээж байгааг онцлон хэлье. Оросын армид их бууны сумны хомсдол нүүрлээд байна. Энэ нь Оросын армийн хуурай замын довтолгоо амжилттай явуулах чадвар хурдацтай буурч байна гэсэн үг” гэж хэлжээ. “Үүнд ямар ч нууцлаг зүйл байхгүй. Путин 30 хоногийн дайн хийхээр төлөвлөж байсан ч Оросын их буунууд бараг 300 хоног буудаж байна. Түүний нөөц хадгалдаг шүүгээ хоосон болсон байна. Ёс суртахуун, үзэл баримтлал, бие бялдрын хувьд Путины армийн хүч шавхагдаж байна” гэж тэр нэмж онцолсон байна. Оросын арми их буугаар дайснаа юу ч үгүй болтол буудаж, цэргүүдээ халз дайруулж их хохирол амсаж, дайснаа ялдаг уламжлалтай. Иймээс тэдний их буу сумгүй болох аваас ямар ч олон цэрэгтэй байсан оросууд ялах ямар ч боломжгүй болно гэсэн үг юм.

Энэ дайнд хэд дараалан хүнд цохилт амссан Орос улс цаг хугацаа хожиж, цэргийн хүчээ цуглуулах шаардлагатай байгаа нь ойлгомжтой. Боксчин хүнд цохилт авсны дараа тэр түүнд ямар ч муу зүйл тохиолдоогүй гэдгийг өрсөлдөгчдөө харуулахыг хичээн улам дайрдаг. Оросын арми яг ийм байдалд орчихоод байна.

Украины Зэвсэгт хүчний командлагч, генерал Валерий Залужный “The Economist” сэтгүүлд “Оросууд тодорхой хэсэгт зогсолтгүй довтолж, биднийг дахин дайрахыг болиулах гэж чадах бүхнээ хийж байна. Тэд өдөр шөнө ялгалгүй, тасралтгүй довтолж байгаа нь мэдээж бидэнд маш муу зүйл. Гэхдээ энэ нь тэдэнд стратегийн ялалт авчирах гарц биш. Энэ нь зүгээр л тэнд байгаа Украины цэргүүдийг туйлдуулж буй түр зуурын явдал” гэж хэлсэн байна. Залужный Донбасс мужид Оросын арми стратегийн ялалт хийж чадахгүй гэж үзэж байгаа ч Украины бусад нутаг дэвсгэр, тэр дундаа Киевийг булаан авах төлөвлөгөөгөө орхиогүй, тэд ингэх гэж шинэ нөөц бэлдэж байна гэдэгт эргэлзэхгүй байна гэж мэдэгдсэн. Тэрээр “Путин маршал Жуков шиг “цэргийн цогцос шидлэх”-ийн тулд дахин нэг сая хүнийг элсүүлсэн ч хүссэн үр дүндээ хүрэхгүй. Тиймээс бидний асуудал бол юуны түрүүнд эзлэн авсан шугамаа барьж, илүү газар нутгаа алдахгүй байх явдал. Энэ бол гол зүйл. Яагаад гэвэл газар нутгаа чөлөөлөх нь эзлэгдэхээс 10-15 дахин хэцүү” гэж хэлсэн байна. Үүнийг олон улсад “хүчтэйгээ нуун хүчгүй харагдах тактик” гэдэг бөгөөд генерал Залужный Оросын армийн удирдлагыг төөрөгдөлд оруулж, барууны ардчилсан улсуудын улстөрчдийн Украинд цохилтын зэвсэг нийлүүлэх ажлын замыг засч байна гэж ойлгох нь илүү үнэнд ойртоно. Учир нь өнөөдөр үүсээд буй Оросуудын сул тал гэвэл юуны өмнө тэд дайсны байрлал руу довтлохдоо хамгаалж буй талаас хэт илүү, их хохирол амсаж буй явдал. Өнөөдөр Оросууд халз довтолж өдөрт дунджаар нэг батальон буюу 1200 цэргийн хохирол амсаж байна. Энэ нь Кремлийн суртал ухуулагчид өөрөөр итгүүлэхийг оролдож байгааг үл харгалзан амь үрэгдэж буй Украин, Орос цэргийн харьцаа 1:5, 1:10 ба түүнээс дээш байна гэсэн үг. Мөн ялангуяа өвлийн улиралд дайрагч талаас тулалдааны талбарт шарх, гэмтэл авсан цэргийн амьд үлдэх магадлал эрс буурдаг. Иймээс Украины арми шархадсан хүмүүсээ зөөх чадвартай маш хурдтай, хөдөлгөөнт бүлгүүдээр довтлон амжилтад хүрч байсан. Харин ийм боломж Оросын армид байхгүй.

Бас украинчууд оросуудыг дандаа гэнэдүүлэн довтолсон нь тэдэнд амжилт авчирсан. Харин өнөөдөр оросууд хаагуур ямар хүчээр довтлох гэж байгааг украинчууд алган дээрээ тавьсан юм шиг харж байна. Энэ нь довтлох талын ялах гол хүчин зүйлийн нэг дайснаа гэнэдүүлэх хүчин зүйл оросуудын хувьд байхгүй болсон гэсэн үг. Бас тэдний довтолгоог өөрсдөөс нь хамаагүй илүү зэвсэг, хэрэгслээр хангагдсан, эх орон, гэр орон, аав ээж, эхнэр, хүүхдээ хамгаалж, чөлөөлөх гэсэн чин хүсэл эрмэлзлэл дүүрэн, барууны сургалтыг давж бүрэн зэвсэглэсэн дайсан нь тулалдахад бэлэн хүлээж байна. Донбасс дахь Оросын байлдааны ажиллагаа эрчимжсэн нь Херсоноос суларсан, цэргийн ангиудыг энд татан авчирсантай холбоотой. Гэтэл Херсоноос Украины Зэвсэгт хүчний цөөнгүй анги, нэгтгэл бас суларсан. Тэд одоо хаана байгааг оросууд байтугай Украины иргэд ч нээлттэй эх сурвалжаас мэдээлэл авч мэдэх боломж алга байна. Энэ нь тэд хаана ч гэнэт гараад ирж болно гэсэн үг.

Барууны болон Оросын цэргийн шинжээчдийн онцолж буй өөр нэг хүчин зүйл бол Орос нийгэм өөрсдийн цэргийн алдагдлыг огт тоодоггүй явдал. Оросын армийн командлалын хувьд энэ нь магадгүй сайн тал болох байх. Орос иргэд цэрэг эрсийн үхлийг бус дайн яагаад үр дүнгүй явагдаад байгааг л юун түрүүнд асуудаг түүхэн уламжлалтай. Энэ нь Украины их буу, пулемёт руу халз довтлон амь үрэгдэгсдийн ар гэрийнхний хувьд мэдээж эсрэгээр ойлгогдох байх хэмээн найдахаас өөр арга байхгүй гэсэн үг. Юу болохыг цаг хугацаа бидэнд харуулна.

Эцэст нь сануулахад, өнөөдрийн Бахмут хот орчмын тулалдааныг барууны шинжээчид Сталинградын тулаантай адилтгаж байна. Үнэндээ бол энд Курскийн цүлхэний тулаантай адил зүйл болж байгаа билээ. Курскийн тулаанаар яг үнэндээ оросууд Германы армийг ялаагүй тэнцсэн юм. Учир нь тэнд оросууд хэтэрхий гэмээр их хохирол амссан. Харин бага хохирол амссан Германы арми дахиж том довтолгоон хийх цэрэг, техникийн нөөцгүй болж дайнд эргэлт гарсан билээ. Тэгвэл энэхүү дайралтын дараа Оросын цэрэг дахин том довтолгоон хийх зэвсэг хэрэгсэл, техникийн хувьд ямар ч боломжгүй болох нь нэгэнт тодорхой болчихоод байна.


Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *