Categories
гадаад мэдээ

Орос нь үгүй Давосын чуулган DNN.mn

Цар тахлын улмаас хоёр жил дараалан хойшлогдсон Дэлхийн эдийн засгийн ээлжит 52 дугаар чуулга уулзалт тавдугаар сарын 22–26-ны өдрүүдэд Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо болж өндөрлөв. Давосын гэж нэрлэж хэвшсэн Дэлхийн Эдийн Засгийн Чуулга уулзалт 1971 оноос хойш жил бүрийн нэгдүгээр сард болдог уламжлалтай бол энэ жил анх удаа тавдугаар сард зохион байгуулагдаж бас улс төр, бизнесийн ганц ч орос төлөөлөгч оролцоогүй нь онцлог болов. Энэ удаагийн чуулга уулзалт “Түүхэн эргэлтийн цэг: Засгийн газрын бодлого ба бизнесийн стратеги” сэдвийн хүрээнд болж нийт 306 үндсэн болон салбар хуралдаанд улс төр, эдийн засаг, бизнес, эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн байгууллагуудын 2500 орчим төлөөлөгч оролцон хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Төр, засгийн тэргүүний түвшинд 50 гаруй улс, засгийн газруудын төлөөлөл болсон 300 гаруй төлөөлөгч дэлхийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх байр сууриа илэрхийлсэн бол хувийн хэвшлийн 1250 гаруй төлөөлөгч хамгийн ирээдүйтэй технологи, бизнес гараа болон бусад шинэлэг санаачилгуудыг танилцуулсан байна.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй манай Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тавдугаар сарын 23-ны өдөр болсон “Аялал жуулчлалын талаар дахин бодож, сэргээх нь”, “Эмзэг зах зээлийн эдийн засгийг бэхжүүлэх нь”, “Ардчиллын ирээдүй” зэрэг хуралдаануудад оролцов.

Энэ удаагийн чуулганы уур амьсгалыг Украины дайны асуудал бүрэн эзлэв. Пакистаны ерөнхий сайд “Та нар Украин, Украин л гээд байх юм. Дэлхий ганц Украин биш шүү дээ. Азид асуудал их байна” гэж хэлээд ч тусыг эс олов. Чуулганд үндсэн илтгэлийг Еврокомиссын дарга Урсула фон дер Ляйен, НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг болон бусад улсын төрийн тэргүүнүүд тавьж хэлэлцүүлэв.

Урсула фон дер Ляйен Оросын нефть, хийн эсрэг Европын холбооны хориг холбооны улсуудыг эрчим хүчний “ногоон шугамд” ороход тусална гэдэгт итгэлтэй байна гээд хэдийгээр Унгар, Словак, Чех улсууд эсэргүүцэж байгаа ч удахгүй Оросын эсрэг эрчим хүчний зургаа дахь хориг арга хэмжээ авагдах болно гэж мэдэгдэв. Мөн тэрээр Орос үр тариа болон эрчим хүчний хангамжийг зэвсэг болгон ашиглаж байгааг эрс шүүмжлэв. Урсула фон дер Ляйен Оросын шантажийн эсрэг Украины үр тариаг зөөвөрлөх “хамтарсан маршрут” гэх тээврийн шинэ зам нээх гэж буйг мэдэгдэн бид Оросын нефть, хийн занганаас гараагүй байж үр тарианы занганд орж болохгүй гэсэн юм. Мөн тэрээр Европын холбооны түүхэнд байгаагүй 10 тэрбум еврогийн тусламжийг гурав дахь улс болох Украинд үзүүлэх болсныг зарлан Орос “стратегийн уналтад” орж харин Украин Европын холбоонд элсэн улсаа хамтын хүчээр шинээр сэргээн босгож, энэ улс хууль дээдэлсэн, хараат бус шүүхийн тогтолцоотой болж авлига, олигархиас үүрд ангижирна гэдэгт итгэлтэй байна хэмээн үгээ өндөрлөв.

НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг “Эрх чөлөө чөлөөт худалдаанаас чухал. Үнэт зүйлээ хамгаалах нь ашиг орлогоос чухал” гээд бид урт удаан хугацааны амар амгалан байдлаа түр зуурын эдийн засгийн ашгаар солих ёсгүй гэж мэдэгдэв. Тэрээр Орос, Хятад гэх мэт авторитар улсууд эдийн засгийн давуу талаа хэрхэн зэвсэг болгож буйг анхааруулаад эдгээр улсад өндөр технологи олгохгүй байх ёстой гэж анхааруулав. Йенс Столтенберг бид НАТО-гийн гишүүн улсуудын алга дарам газрыг ч хамгаалах болно гээд өнөөдөр тус эвслийн 100 мянган цэрэг байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд байгааг сонордуулж Украины дайн бол олон улсын дэг журмыг шинэчлэх “шийдвэрлэх мөч” гэж хэлэв. Мөн Финлянд болон Швед улсууд НАТО-д элсэх гэж буй нь Европын аюулгүй байдал хүчээр айлган сүрдүүлэх явдлын эсрэг зогсож чадаж буйн илэрхийлэл гэж мэдэгдэв.

Польшийн ерөнхий сайд Матеуш Моравецки “Владимир Путин Украины ургацыг дэлхий дахинд шантаажлах зэвсэг болгож байна.1933 онд Сталин яг ийм үйлдэл хийсэн” гэж мэдэгдэв. Украин үр тариагаа экспортолж чадахгүй байгаа нь дэлхийн зах зээлд хүнсний үнэ өсөхөд хүргэсэн. Энэ нь экспортоос хамааралтай улс орнуудад өлсгөлөнд нэрвэгдэх төлөв бий болгоод байгаа юм. Моравецкий Путин санаатайгаар хүнсний үнэ, тээвэрлэлтэд нөлөөлж, Африкийн хойд хэсэгт өлсгөлөн үүсгэн дэлхийд өөрийн хүчээ мэдрүүлэх гэсэн түүний стратегийн үйл ажиллагаа гэж мэдэгдэв.

Давосын чуулганд Германы канцлер Олаф Шольцын тавьсан илтгэл Киевын талын эрс шүүмжлэлийн бай болов. ХБНГУ-д суугаа Украины элчин сайд Андрей Мельник “Энэ илтгэл Герман улс бидэнд хүнд зэвсэг нийлүүлэх байх гэсэн том горьдлогыг хөсөрдүүллээ. Өнөөдөр зэвсэггүйгээс украинчууд их хохирол амсаж, үхэж үрэгдэж байхад Олаф Шольцод улстөрчийн манлайлал, эр зориг дутлаа” гэж мэдэгдэн өөрийн твиттер хуудсанд сум ачсан эмгэн хумсны фото зургийг “Украинд ирж буй Германы зэвсгийн тусламж” гэсэн тайлбарын хамт нийтлэв. Эмгэн хумс гэснээс энэ чуулганы үеэр оросууд Донбасст хятадууд Солонгосын дайнд хэрэглэж байсан “болжморын дайн” явуулсан юм. Болжморын дайн гэдэг нь өдөр шөнө алгасалгүй, цаг минут ч зогсохгүй цэргийн хүчээр дайрч эсрэг талаа өөрийн цэргийнхээ хүүрээр дарж ялахыг хэлдэг. Оросууд тэрэгний гол хийх гээд шүдний чигчлүүртэй үлддэг модчины үлгэр шиг 1800 км фронтоо 10 км болгон багасгаж, Украины Донбасс мужийг бус Севердонецк хот орчмын буюу эмгэн хумс мэт цүлхэн газарт Украины армийн хэдэн мянган цэргийг бүслэх гэж бүхэл бүтэн долоо хоног завсар зайгүй довтолж өөрийн цэргүүдийг хиаруулан “одоохон бүслэх гэж байна” гэж зогсоо зайгүй сурталдсан ч зорьсондоо хүрч чадсангүй. Хайран залуус. Хайран ч цэрэг эрс. Оросууд яагаад ингэж өөрийн цэргээр “махан овоо” босгоод байсан нь Давосын уулзалтын явцад тодорхой болов. Учир нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, энх тайвны Нобелийн шагналт, 99 настай Хенри Киссинжер энэхүү чуулганд цахимаар оролцож “Оросуудыг бүү буланд шах. Ингэвэл оросууд хятадуудтай тас тэврэлдэхээс өөр аргагүй байдалд орно. Бидэнд урт хугацааны энх тайван хэрэгтэй. Үүний тулд барууны улсууд Оросыг дайнд ялагдуулах зорилгоосоо татгалзаж, Украин төвийг сахисан “гүүр” улс болж Оростой хэлэлцээ явуулан маргаантай газар нутгийн асуудлаа энхийн замаар шийдэх ёстой” гэж уриалсан юм. Украины Оросуудад түр зуур хүчээр булаагдаад буй газар нутгийг жүүд Хенри Киссинжер “маргаантай газар нутаг” гэсэн нь зарим улстөрчдийг төдийгүй улс төр судлаачдыг галзууруулах шахав. Тухайлбал, нэрт математикч эрдэмтэн, улс төр судлаач, нийтлэлч Андрей Пионтковский “Оросуудын мөнгөөр 30 жил тэжээгдсэн Киссинжер бүр зөнөчихөж. Оросын төлөөлөл болсон Франц, Герман, Италийн улстөрчид үнэн нүүр царайгаа таниулж байна. Дэлхийн II дайны дараа Сталины хүсэлтээр Германы офицеруудад янхны газар байгуулж өгөхөөс өөр олигтой зүйл хийгээгүй Францыг ялагч улсын тоонд АНУ, Англи тун ч дургүй оруулсан. Үүнээс хойш францууд “аугаа улс” болж Оросын хатгаасаар АНУ, Англид дандаа гай болж ирсэн. Украины дайны дараа АНУ, Англи, Украин гурав дэлхийг “дахин хуваахад” голлох үүрэг гүйцэтгэн Франц, Герман, Итали гурав гортигны гадна үлдэх учраас ингэж нохойтож байна” гэж мэдэгдэв. Энэ ч харин худлаа шүү. Учир нь манай ерөнхий сайд асан С.Баярын хэлсэнчлэн өнөөдөр Украинд болж буй дайн бол дэлхийн дэг журмын өчигдөр, маргааш хоёр халз тулж, өнгөрсөн, ирээдүй хоёр дайтаж байгаа явдал. Бүхнийг хүчээр шийддэг, том нь жижгээ дээрэлхэж ирсэн өчигдөр. Бүхнийг хуулийн дагуу шийддэг, том жижиг гэлтгүй бүгд ижил тэгш эрхтэй байх гэсэн маргааш. Энэ хоёр эсрэг тэсрэг зарчим, хандлага Украины газар нутаг дээр өнөөдөр үхэх сэхэхээ үзэн тулалдаж байна. Энэ дайн дарангуйллыг системийн хувьд устгаж бүх улс тэгш эрхтэй болно. Тэгвэл яагаад Франц, Герман, Итали улсууд дайныг зогсоож, Украиныг Оростой энхийн гэрээ хийх ёстой гэж гэнэт уриалаад Путинтэй утсаар яриад унав?

Энэ гурван улс ингэж Оросын “хөлд сууж” байж гацаад байсан үр тариа, ургамлын тосыг Хар далайн боомтуудаас гаргуулж байгаа юм. Эдгээр тээврийн онгоцны ихэнх нь энэ гурван улсынх. Гэхдээ энэ тийм чухал зүйл биш. Хамгийн гол нь эдгээр үр тариа, ургамлын тос гацаанаас гарснаар Африк болон Исламын ядуу улсууд өлсгөлөнгөөс аврагдана. Эдгээр улсад өлсгөлөн нүүрлэвэл цагаачид энэ гурван улс руу цутгаж одоогийн удирдлага нь ээлжит бус сонгуулиар мулт үсэрнэ. Бас цаг алдалгүй, хүйтрэхээс өмнө хэрэгцээт хийн нөөцөө Оросоос авах боломжтой болж байгаа юм. Цаад үнэн учир нь энэ. Яаж ч уриалаад Украин Оростой хэлэлцээ хийж газар нутгаа өгөхгүй нь тодорхой. Иймээс Франц, Герман, Итали улсууд болон 99 настай жүүд Хенри Киссинжерийн түмэн зөв. Харин Германаас Украинд өгөх хүнд зэвсэг нийлүүлэх ажил удааширч буй нь үнэн. Угаасаа Герман, Япон хоёр Үндсэн хуулиараа өөр улсад зэвсэг нийлүүлэх ёсгүй байсан. Энэ хоёр улс Украинд өнөөдөр тусалж байгаа нь өөрөө маш том дэвшил. Германчууд бусад улсад бөөнөөр нь зэвсэг нийлүүлж байсан ямар ч туршлага ерөөс байхгүй учраас ингэж янз бүрийн саад үүсээд байгаа хэрэг. Украин Оростой энхийн хэлэлцээ хийх тухайд Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон “Чиний хөлийг зууж, талыг нь залгичихаад байгаа матартай хэлэлцээ хийх ямар ч боломжгүй. Ийм “нөхөр /Путин/”-т яасан ч итгэж болохгүй” гэж мэдэгдэв.

Украины ерөнхийлөгч Зеленский Давосын чуулга уулзалтад цахимаар оролцож өлсгөлөнг таслан зогсоохын тулд хүнс экспортлогч ардчилсан улсуудын хамтарсан, хүний эрхийг дээдэлж, олон улсын худалдааны дүрмийг удирдлага болгосон шинэ байгууллага байгуулахыг санал болгов. Мөн тэрээр дайны дараа Украины сэргээн босголтод оролцохыг бүх улсад уриалж Оросын эсрэг бүрэн хориг арга хэмжээ авахыг бас уриалав.

Ерөнхийлөгч Зеленскийг үг хэлсний дараа чуулганд оролцогсод бүгд босон алга ташихад ганцхан Хятадын төлөөлөгчид алга ташихгүй сууж байсан. Энэ бол Хятадын төр, засаг Украиныг эсэргүүцэж Оросыг дэмжиж буйн илэрхийлэл гэж АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Бүгд найрамдах намын төлөөлөгч Майкл Маккол мэдэгдэв.

Давос хотод оршдог “Оросын сурталчилгааны төв” гэж нэрлэгддэг байшинд энэ удаагийн чуулганы үеэр Украинд орос цэргүүдийн үйлдсэн гэмт хэргүүдийг харуулсан фото зургийн үзэсгэлэнг олон нийтэд дэлгэн үзүүлэв. Ийнхүү Орос улс оролцоогүй Дэлхийн эдийн засгийн ээлжит 52 дугаар чуулга уулзалт дуулиан шуугиантайхан болж өндөрлөв.

Г.АМАРСАНАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *