Categories
гадаад мэдээ

Орос, Хятад хоёр Евразийн тулах цэг, олох төрхийг төсөөлж эхлэв

Оросууд, дэлхийн II дайнд нацизмыг ялахад оруулсан хувь нэмрээ Эх орны аугаа дайн гэдэг. Сталинград, Курскийг мэдэх хэн болгон энэ аугаа дайн ялалтыг авчрахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэснийг мэднэ. Ялалтын баярыг нүсэр тэмдэглээд өнгөрлөө. Харин дэлгэцээр арай товч харагдсан ч хэтийн ач холбогдлоороо чухал байж болзошгүй бас нэг үйл явдал урд өдөр нь болов. Тэр нь Москвад зочилсонХятадын дарга Си Жиньпин, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нарын хийсэн хэлэлцээ, хоёр талын гарын үсэг зурсан баримт бичгүүд байлаа.

Эдгээрийн нэг нь, бараг гол нь, Армен, Беларус, Казахстан, Оросыг (Киргизстан бас нэгдэв) эгнээндээ нэгтгэсэн Евразийн эдийн засгийн холбоо (ЕЭХ) ба Хятадын санаачилсан Торгон замын эдийн засгийн бүс (“Торгон зам”) хоёрыг бүтээн байгуулах ажлыг “нийцэлдүүлэх” чиглэлээр хамт­­ран ажиллах тухай Хамтарсан мэдэгдэл байв. “Нийцэлдүүлэх” гэдэг нь хараа­хан нийлүүлэх тухай асуудал биш гэдгийг “сопряжение” гэдэг ховордуу үг хэрэглэсэн нь харуулав. Хэдий тийм ч Си Евразийн эдийн засгийн интеграц ба Хятадын санаачилгын хооронд “огтолцох цэгийг” эрэлхийлэх хэрэгтэй тухай ярьж, Путин тэдгээрийг “нэг нэгийгээ зохицолдоонтойгоор нөхөх бололцоотой” хэмээн тэмдэглэснийг бодоход талууд Евразид харилцан ашигтайгаар хамтран ажиллах сонирхолтой байна. Ирэх он жилүүдэд эдгээр санаачилгуудыг бодитойгоор хэрэгжүүлэх нь гол ажил байх болов уу.

“Торгон замын” саналыг дотроо агуулсан Нэг бүс, Нэг зам (НБНЗ) хэмээгдэх Хятадын удирдлагын санаачилгын тухай саяхан Улаанбаатарт болсон Монгол, Хятадын судлаачдын уулзалтаар Хята­дын судлаачид дэлгэрэнгүй ярив. Тэдний хэлснээр, энэ нь стратеги төдий бус, “хамтдаа хамтын ажиллагааны чиглэлүүдийг тодорхойлох, хамтдаа тэдгээрийг хэрэгжүү­лэх, улмаар хамтдаа хөгжих” гэсэн үзэл санаан дээр тулгуур­ласан “хамтдаа хожих” үзэл баримтлал байх ажээ. Зорилго нь Хятадын бүс нутгуудыг илүү тэнцвэртэй хөгжүүлэх, Азийн орнуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, энх тайван, хөгжлийг урагшлуулахад ор­шино. Энэ санаачилга дэл­хийн хоёрдугаар дайны дараа өрнөд Европыг босго­ход зориулсан АНУ-ын Маршал­лын төлөвлөгөөнөөс ялгаатай нь нэг том гүрэн нэг бүс нутгийг хөгжүүлэх хаалттай проект бус, угтвар нөхцөлгүй, бүгдэд нээлттэй, харилцан ашигтай санаачилга гэнэ.

НБНЗ нь 2013 онд Си Жиньпиний Казахстан, Индо­незид айлчлахдаа зарласан Торгон замын эдийн засгийн бүс, XXI зууны далайн торгон зам хэмээх санаачилгыг нэгтгэн томъёолсон ойлголт. “Бүс” гэдэг нь Хятадын Шиан-аас авахуулаад Төв Азиар дайран Москва, Европ руу хар зам, төмөр зам, газрын тосны ба байгалийн хийн хоолой, бусад дэд бүтцийн сүлжээг босгох төслүүд юм. “Зам” гэдэг нь Өмнөд ба Зүүн-Өмнөд Азиас Зүүн Африк, цаашилбал, Газар дундын тэнгисийн умард хэсэг хүртэлх далайн замын дагуу боомт, эрэг орчмын дэд бүтцийг барих төслүүд. НБНЗ нь дэд бүтцээр хязгаарлагдахгүй, санхүүгийн интеграц, нээлттэй худалдаа, бодлого зохицуулалт, Мэдээллийн торгон зам зэргийг бас хөгжүү­лэх зорилготой. Хятадын са­наа­чилсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк, Шинэ торгон замын сан зэргийн санхүүгийн шинэ бүтцүүд НБНЗ-ийг ч санхүүжүүлэхэд зориулагдах ажээ. Зарим тооцоогоор, Азид дэд бүтэц хөгжүүлэхэд жилдээ 800 тэрбум орчим ам.доллар дутдаг байна. НБНЗ нь нийт дөрвөн тэрбум гаруй хүн амтай жар гаруй орныг хамрах төлөвтэй, санаачилгын хувьд үүнийг шийдэхэд хувь нэмэр оруулна. Харин засаглал, соёл, санхүү, геополитикийн шинжтэй сорилтуудыг гэтлэн давах шаардлага гарч болзошгүйг судлаачид тэмдэглэдэг.

Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын 1994 онд санал болгосон ЕЭХ нь Евразийн эдийн засгийн интеграцийг хөгжүүлэх Оросын гол проект. Түүний зорилго нь гишүүн орнуудын хооронд бараа, үйлчилгээ, хөрөнгө, ажиллах хүчний чөлөөтэй урсгалыг хангаж, эдийн засгийн салбаруудыг уялдаа, зохицуулалттай хөгжүүлж, улмаар эдийн засгуудынхаа өрсөлдөх чадварыг хангахад орших ажээ. ЕЭХ нь Торгон зам шиг тив дамнан тэлэхгүй, чухамхүү Евразийн бүс нутагт өрнөх проект юм. ЕЭХ, Торгон зам хоёрыг өрсөлдөгчид гэж үзэх нь байсан ч дээр дурдсан Хамтарсан мэдэгдэлд ОХУ,“Торгон замыг” дэмжиж байгаагаа илэрхийлж, түүнийг урагшглуулахад нягт хамтран ажиллана гэдгээ мэдэгдсэн. “Өрсөлдөөний” тухай яриа хамтын ажиллагаанд зам тавьж өгчээ. Оросын хэвлэлдБээжин ЕЭХ-той субъектынх нь хувьд яриа хэлэлцээ өрнүүлэх сонирхолтой болсныг тэмдэглэж, Евразийн хөгжлийн урсгал баруун зүгээс зүүн зүг рүү явдаг байсан бол одоо зүүн зүгээс баруун зүг рүү явах төлөвтэй гэжээ. Чингэхдээ ЕЭХ-ны цаашдын институционал хөгжил, санхүүжилтийн эх үүсвэрийг хангахыг гол асуудлаар тодруулж байна.

Москва-Казаний хурдны төмөр замыг барихад Хятадаас хөрөнгө оруулах болсон нь хоёр тал эрчим хүчний эх үүсвэрээс гадна тээврийн салбарт ач холбогдол өгч буйг харуулав. Оросын Валдайн хэлэлцүүлгийн клуб-ээс гаргасан Төв Евразийг цогцлоохуй илтгэлд Хятад, Орос, Төв Ази, Европыг холбох тээвэр-логистикийн салбарыг онцолсон байдаг. Тус илтгэлд “Төв Еврази” хэмээх ойлголтыг нэвтрүүлж, түүнийг “босгох” нь соёл иргэншлээрээ Оростой ойр Европтой харилцаагаа хөгжүүлэх, Номхон далайн Ази руу чиглэх бодлогоо үргэлжлүүлэхийн хамт Оросын шинэ стратегийн нэгэн хэсэг байх учиртайг тэмдэглэжээ. Энэ стратегид ЕЭХ-ийг НБНЗ-тэй “нийцэлдүүлэх” бодлого чухал үүрэгтэй байх төлөвтэй. Илтгэлд НБНЗ-ыг эдийн засгийн, геополитикийн, аюулгүй байдлын агуулгатайг дурдсан. Эдийн засгийнх нь ойлгомжтой бол геопо­литикийн хэмжүүр нь Хятад өөрийнхөө “дундад улсын” статусыг эргүүлж авахад орших ба аюулгүй байдлын хэмжүүр нь “экстремизм, тер­роризм, шашны фундамен­тализмын нийгмийн бааз суу­рийг” сулруулахад оршино хэмээжээ.

Дашрамд дурдахад, “Төв Ев­разид” Монголыг бас хамруулжээ. Хамрагдах цэгийн нэг ньарав гаруй жилийн өмнө хөгжиж байсан гэх “Том Алтай” хэмээгдэх Орос, Хятад, Казахстан, Монголын хил залгаа нутгийг хөгжүүлэх төсөл байж болох юм байна. Харин тээврийн дэд бүтцийн зураг, төсөөлөлд Монголын тал дундуур давхиж байгаа шинэ зам харагдахгүй байна. Евразийн хамтын ажиллагаанд хэтдээ Энэтхэг, Турк, Иран, Өмнөд Солонгос ч хамрагдах бололцоотойг мөн дурджээ. Өмнөд Солонгос, Евразийн санаачилга хэмээх саналыг тухайн үедээ гаргаж байсан.

Сүүлийн үед том гүрнүү­дийн өндөр, дээд хэмжээний олон уулзалт болов. Энэ зун Оросын Уфа-д БРИКС (Орос, Хятад, Энэтхэг, Бразил, Өмнөд Африк), Шанхайн хамтын ажиллагааны байгуулагын дээд хэмжээний уулзалтууд болж Си, Путин хоёр дахин учирна. Тэр үеэр Энэтхэг, Пакистан хоёр ШХАБ-ын гишүүн болвол ШХАБ Еврази дахь хамгийн том байгууллага болох төлөвтэй. Саяхан Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Хятадад айлчлав. Энэтхэг НБНЗ-д ерөнхийдөө хүйтэн хандаж ирсэн. Ирэх намар Бээжинд дэлхийн хоёрдугаар дайн дууссаны 70 жилийн ойн томоохон арга хэмжээ болно. Оросын Ерөнхийлөгч түүнд оролцохоо мэдэгдсэн. Баяр дууссаны маргааш нь шахуу Си Жиньпин АНУ-д төрийн айлчлал хийхээр мордоно. Түүнээс өмнө Японы Ерөнхий сайд Шинзо Абэ тэнд төрийн айлчлал хийж, цэргийн харилцаагаа бэхжүүлсэн. НБНЗ-г төдийлөн таалдаггүй Японы Засгийн газар Азийн дэд бүтцийг хөгжүүлэхэд 100 тэрбум ам.доллар гаргахаа мэдэгдсэн нь Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны хөрөнгөтэй дүйцэхуйц юм. Путины Японд айлчлах эсэх тухай асуудал бас байдаг.

Том гүрнүүдийн эдгээр уулзалт, айлчлал, хэлэлцээ, ажиллагаанууд улс төр, эдийн засгийг буюу геополитик, гео-эдийн засгийг ихээхэн тодорхойлж байдаг. Орос, Хятад хоёр энэ бүхний дунд Евразийн тулах цэг, олох төрхийг төсөөлж эхлэв бололтой.

Олон улс судлаач Н.ТУЯА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *