Орон сууцны найман хувийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэд олон байдаг ч урьдчилгаа төлбөрт өгөх бэлэн мөнгө байхгүйгээс болоод хамрагдаж чаддаггүй. Тэгвэл сүүлийн үед зарим барилгын компаниуд шинээр ашиглалтад орсон орон сууцаа борлуулахдаа, урьдчилгаа төлбөрт нь хашаа байшин, мал болон бусад хөрөнгийг авч эхэлж байгаа юм байна. Энэ талаар сурвалжлахаар эхлээд үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниудтай холбогдож мэдээлэл авлаа. Тодруулбал, “Актив зууч” үл хөдлөх хөрөнгө зуучлалын компанийн менежертэй холбогдож энэ талаар тодруулахад “Манайхаар зуучлуулдаг барилгын компаниуд нэлээд бий. Гэхдээ ихэнх нь урьдчилгаа төлбөртөө бэлэн мөнгө авдаг. Зарим нэг нь зээлээр биш, шууд зарах тохиолдолд машин, хуучин орон сууц, газар зэргийг оролцуулж бартер маягаар борлуулах тохиолдол байдаг. Яг урьдчилгаанд нь хашаа байшин, мал авна гэсэн орон сууц одоохондоо алга. Тийм нөхцөл ер нь бол гарч эхэлж байгаа юм билээ. “Содон хороолол” шинэ орон сууцаа найман хувийн зээлд хамруулахдаа урьдчилгаанд нь мал, хашаа байшин авч байгаа гэж байсан. Гэхдээ тэднийх манайхаар зуучлуулдаггүй болохоор нарийн зүйлийг мэдэхгүй байна” гэв.
Харин “Тэнхлэг зууч” үл хөдлөх хөрөнгийн компанийн маркетенгийн менежертэй холбогдоход “Орон сууцны урьдчилгаа төлбөрт мал, машин, хашаа байшин авч байгаа компани одоохондоо мэдэгдээгүй байна гэв. Мөн “Марко Агенси” үл хөдлөх зуучлалын компанитай холбогдоход “Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол, “Шинэ Монгол” ахлах сургуулийн ойролцоо байдаг “Хийморь-13” орон сууцны хороололд нэг, хоёр, гурван өрөө байруудыг мал, машин, үл хөдлөх хөрөнгө, бага метр квадраттай байраар солих, зээлээр авах тохиолдолд ярилцаж байгаад урьдчилгаанд нь бусад үл хөдлөх хөрөнгө болон машин, мал оролцуулж болно гэж байгаа. Дээрх орон сууцны нэг метр квадрат нь нэг сая 950 мянга гэж байна. 37.5 метр квадрат хоёр өрөө байрнаас эхлээд 65 метр квадраттай гурван өрөө зэрэг сонголтууд байгаа.
Мөн өөр компанийн бэлэн мөнгөөр биш, бартер солилцоогоор зарж болно гэсэн ганц нэг байр бий. Уулзаж ярилцаад, байраа үзээд авахаар болбол дээрх байрнуудаас боломжийн нөхцөлөөр сонгож авч болно. Харин бэлэн мөнгөөр авна, эсвэл урьдчилгаагаа бэлнээр төлнө гэвэл нийслэлийн бүх дүүрэгт бүх төрлийн сонголттой маш олон байр бий” гэж ярилаа. Ингээд “Хийморь-13” орон сууцны хорооллын борлуулалтын албаны менежертэй холбогдоход “Шинэ орон сууцны урьдчилгаа төлбөрт мал машин, хашаа байшин оролцуулах боломж одоохондоо байхгүй. Хувь хүмүүс тийм нөхцөлөөр орон сууцаа зарж байгаа байх. Мөн “Содон хороолол” орон сууцаа борлуулахдаа урьдчилгаанд нь хашаа байшин, мал оролцуулж байна гэх мэдээлэл байсан” гэлээ.
Иймээс “Содон хороолол”-ын борлуулалт хариуцсан менежер Г.Батбаяраас дараахь тодруулгыг авлаа.
-“Содон хороолол” орон сууцны урьдчилгаа төлбөрт таван хошуу мал болон хашаа байшин авдаг болсон юм байна. Ямар малыг хэдэн төгрөгөөр үнэлж авах вэ?
-Орон сууцны 20 хувийн урьдчилгаа төлбөрт мал болон хашаа байшин оролцуулж болно. Үлдсэн 10 хувийн урьдчилгааг бэлэн мөнгөөр төлнө гэсэн үг. Ингэхдээ үхэр, хонь, ямаа голдуу авна. Малыг яг тухайн өдрийн ханшаар нь авна. Жишээлбэл, махны зах дээр хонины мах хэдэн төгрөгийн үнэтэй байна, яг тэр үнээр нь бодож авна гэсэн үг. Мах авч болно. Амьд хонийг ч мөн тухайн өдрийн ханшаар авна. Манайх 22-ын товчооны ойролцоо мал, мах хүлээн авах цэг байгуулах гэж байгаа, тэндээ төвлөрүүлээд авна гэсэн үг.
-Байр ямар үнэтэй байна. “Содон хороолол”-ын аль ч байрнаас сонгох боломжтой юу?
-Тийм ээ, сонголттой. Манай орон сууц нэг метр квадрат нь сая 700 мянга гэж байна. Доод тал нь 47 сая 498 мянган төгрөгийн үнэтэй нэг өрөө байр байна. Иргэд хөнгөлөлттэй нөхцөл болон мал, байшин, машин зэргийг оролцуулж байр авах санал тавиад байгаа учраас ийм ажлыг эхлүүлээд байна. Мөн урьдчилгаа төлбөртөө машин тооцуулж өгч болно. Хүмүүс барьцаанд тавина гэж ойлгоод байгаа. Тийм биш. Урьдчилгаа мөнгөндөө өгнө гэсэн үг. Гэхдээ орон сууцны найман хувийн зээлд хамрагдах нөхцөлийг хангасан хүмүүст ийм боломж байгаа гэсэн үг. Харин хөдөөний малчид болон бусад аж ахуйн нэгж, байгууллагын нэр дээр байр авахаар бол 50 хувиа бэлэн төлөөд дараа жилд нь ямар ч хүүгүйгээр үлдэгдэл 50 хувиа хувааж төлөх боломж бий.
-Хашаа байшинтай айлууд хашаа байшингаа урьдчилгаа төлбөрийнхөө 20 хувьд өгнө гэсэн үг юм байна. Хашаа байшинг нь хэдэн төгрөгөөр яаж үнэлэх вэ. Ийм нөхцөлөөр байр авах сонирхолтой олон хүн байна уу?
-Энэ сард манайх “Содон хороолол”-ын орон сууцны урьдчилгаа төлбөрийн 20 хувьд хашаа байшин, мал мах авна гэж албан ёсоор реклам явуулаад, ийм нөхцөлийг олон нийтэд танилцуулсан. Мөн нэмээд хэлэхэд, машин ч оролцуулах боломж бий. Иргэд маш их сонирхож байна. Орон сууцтай болох хүсэлтэй ч урьдчилгаа мөнгөгүйгээсээ болоод найман хувийн зээлд хамрагдаж чаддаггүй юм байна. Орон сууц худалдан авахаар байр сонирхож байгаа иргэд болон энэ нөхцөлийн талаар тодруулах хүмүүс олон байна. Тиймээс манай борлуулалтын байр ачаалал ихтэй байгаагаас болоод бид хүн бүхэнд хүрч нарийн тайлбарлаж чадахгүйд хүрч байна. Мөн зарим иргэд хашаа, байшин, малаа барьцаанд тавьчихаад, орон сууц авч болох юм байна гээд буруу ойлгож ирээд байна.
-Содон хороололд хэдээс хэдэн өрөө байрны сонголт байгаа вэ?
-Нэг, хоёр, гурван өрөө байрнууд бий.
-Найман хувьд хамрагдах боломжгүй ч орон сууц зээлээр аваад төлөөд байх чадвартай, малчдад зориулсан зээлийн нөхцөл бий юу?
-Энэ удаагийн хашаа байшин, мал, машин оролцуулж, урьдчилгаа төлбөр авах нөхцөл нь найман хувийн зээлд хамрагдахад бэлэн болчихсон. Зээлийн бүх нөхцөлийг хангасан. Банкнаас зээл олгох боломжтой гэсэн хүмүүст зориулсан байгаа. Яагаад гэхээр, иргэд энэ хямралын үед тэр бүр гар дээрээ бэлэн мөнгөгүй байгаа учраас манай компани ийм ажил хэрэгжүүлж байгаа юм. Угаас иргэд байр авах өөр ямар хөнгөлөлттэй нөхцөл, боломж байна гэж их асуудаг. Малчдад хүртэл зориулсан зээлийн нөхцөл шаардлагатай байгаа нь харагдаж байгаа. Малчид улсад татвар төлдөг ямар нэгэн компанийн нэр дээр байр аваад, байрныхаа 50 хувийг бэлнээр юм уу, мал оролцуулж төлөөд, үлдсэн 50 хувийг нь нэг жилийн дотор төлөх боломж бий. Мөн малчид болон найман хувьд хамрагдах боломжгүй байгаа иргэдэд зориулсан зээлийн нөхцөлийг судалж, эрэлхийлж байна. Иргэдээ боломжтой нөхцөлөөр байртай болгохын тулд болон борлуулалтаа өсгөх зорилгоор манайх байж болох хөнгөлөлттэй нөхцөлийг цаашид хийж хэрэгжүүлнэ гэж байгаа.
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Г.Батмөнх энэ талаар ямар сэтгэгдэлтэй байгааг сонслоо.
-Орон сууц худалдан авахдаа урьдчилгаанд нь мал, хашаа байшин өгөх боломжтой болж байгаа юм байна. Энэ танд ямар санагдаж байна.
– Орон сууц худалдаж авах хүсэлтэй байдаг ч иргэд бид урьдчилгаа төлбөргүйгээс болоод худалдан авч чадахгүй байна. Манайх гэхэд хашаа байшинтай. Тухайн компани нь бидний мал, хашаа байшинг хэдэн төгрөгөөр үнэлэх нь чухал. Хашаа байшингаа зөвхөн урьдчилгаанд нь өгөөд, зээлээр байр авчихлаар сар бүр төлөх мөнгө нь өндөр бол бас хэцүү. Банкны өр гэдэг чинь бас их хариуцлага шүү дээ.
-Танай хамаатнууд дунд хөдөө орон нутагт байдаг хүмүүс бий юу. Хөдөөнийхөн мал оролцуулж байр авах сонирхолтой байдаг юм болов уу?
-Байлгүй яахав. Мал ч байсан хамаагүй, ямар нэгэн боломжийн нөхцөлөөр байр авах юмсан гэдэг. Гэхдээ орон сууц арай л үнэтэй санагдаад байдаг юм. Нэг, хоёр өрөө байр худалдаж авна гэдэг чинь жирийн малчдад бас амар зүйл биш шүү дээ. Зээлээр авлаа гэхэд сар бүр мөнгө төлөх нь тогтсон цалингүй хүмүүст хэцүү. Тэгэхээр барилгын компаниуд малчдад зориулсан нөхцөлөөр орон сууцаа борлуулах арга хэмжээ авбал зүгээр байх. Эхнээсээ мал оролцуулж болно гэж байгаа нь сайн хэрэг.
Мөн Сонгино хайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Д.Оюунаас дараахь зүйлийг тодрууллаа.
-“Содон хороолол” орон сууцны 20 хувийн урьдчилгаа төлбөртөө таван хошуу мал, хашаа байшин авдаг болжээ. Үүнийг та сонирхож үзсэн үү?
-Мал болон хашаа байшинг хэдээр үнэлж авч байгаа юм. Зах зээлийн ханшаар авах хэрэгтэй байх. Тэгэхгүй бол зах зээлийн ханшаас хамаагүй бага, тал үнээр нь авбал малчид дургүй байна. Сүүлийн үеийн орон сууцнууд зах зээлийн үнээс давсан үнэтэй байгаа. Түүн шигээ малчдыг хохироох арга биш байгаа гэж бодож байна. Яг нарийн нөхцөлийг нь сонсоогүй болохоор хэлж мэдэхгүй байна. Эсвэл зах зээлийн ханшаар мал авна гэвэл заавал “Содон хороолол”-д төлөх хэрэг байна уу. Мал авдаг газар нь тушаагаад бэлэн мөнгөө төлж болно шүү дээ гэв.
Н.ГАНЧИМЭГ