Шинээр орон сууц худалдан авсан иргэн бүр татварын хөнгөлөлт эдэлдэг. “Хувь хүний орлогын албан татварын хууль”-ийн 16 дугаар зүйлийн 16.1.12. зааснаар “Хувь хүн өөрийн орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар анх удаа хувьдаа орон сууцны барилга барих, эсхүл худалдан авахад зарцуулсан 30.0 сая төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгөтэй тэнцэх орлогыг албан татвараас чөлөөлнө” гэж заасан байдаг.
Тиймээс энэхүү хөнгөлөлтийг эдлэхийн тулд хоёр дугаар сарын 15-ны өдрөөс өмнө холбогдох материалаа бүрдүүлж, оршин суугаа дүүргийнхээ татварын албанд өгөх ёстой юм.
Бүрдүүлэх материалд:
-Хорооны засаг даргын тодорхойлолт
-Цахим үнэмлэхийн хуулбар
-Татвар төлөгчийн иргэний орлого, татварын бүртгэлийн дэвтэр
-Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
-Ажлын газар болон цалингийн тодорхойлолт
-Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, байрны ордерын хуулбар
-Байр худалдах, худалдан авах гэрээ
-Байранд төлсөн мөнгөний баримт
-ҮХХ борлуулсны 2 хувийн татвар төлсөн баримт
-Танд зээл олгосон байгууллагын тодорхойлолт
-Таны хадгаламжийн дэвтэр, виза картны хуулбар зэргийг бүрдүүлнэ.
Эдгээр бичиг баримт нь анх удаа орон сууцны хөнгөлөлт эдлэх гэж буй иргэд бүрдүүлэх юм. Нэг зүйл анхааруулахад иргэд шинээр орон сууц худалдаж авахдаа худалдах, худалдан авах гэрээ хийлгүй бэлэглэлийн гэрээ байгуулах тохиолдол их байдаг. Энэ тохиолдолд хөнгөлөлт эдлэх боломжгүй болдог байна.
Бэлэглэлийн гэрээ байгуулахаар хүн амын орлогын албан татвараа төлсөн ч үл хөдлөх хөрөнгийн татвараа төлөөгүй байдаг учраас хөрөнгөө нотлоход асуудал үүсдэг аж.