Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А-295 дугаар тушаалаар “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг шинэчлэн баталсан бөгөөд, тус журмын дагуу санхүүжилтээ хэвийн олгож байна гэж Монгол банкнаас мэдээлэв.
Одоо мөрдөгдөж буй журмын дагуу санхүүжүүлэх орон сууцны ипотекийн зээл нь дараах гол нөхцөлтэй байна:
- Орон сууцны ипотекийн зээлийн хугацаа 360 хүртэл сар;
- Орон сууцны ипотекийн зээлийн хүү жилийн 8%,
- Зээлийн зориулалт нь орон сууц худалдан авах;
- Урьдчилгаа төлбөр 30%-аас доошгүй, зээл ба үнэлгээний харьцаа /ЗҮХ/ 70%-аас дээшгүй;
- Өр, орлогын харьцаа /ӨОХ/ өрхийн татварын өмнөх орлогын 45%-аас хэтрэхгүй;
- Худалдан авах нийтийн зориулалттай орон сууцны талбайн хэмжээ 80м2-аас ихгүй;
- Зээлийн урьдчилан төлөлт хийх боломжтой байх (гэрээнд тусгаснаар);
- Бүрэн хорогдох, тогтмол хүүтэй байх юм.
Шинэ журам хэрэгжиж эхэлснээс хойш орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийг Монголбанк өөрийн өмчлөлд байгаа ипотекийн зээлээр батаалгаажсан бонд (ИЗББ)-ын үндсэн болон купоны төлбөрийн эргэн төлөлтийн орлогоор санхүүжүүлж байна.
- 2016 оны 11 дүгээр сард 64.7 тэрбум төгрөгийг нийт 1072 зээлдэгчид олгосноос хөтөлбөрийн хүрээнд 50.7 тэрбум төгрөг, банкуудын өөрийн эх үүсвэрээр 14 тэрбум төгрөгийг тус тус олгожээ.