-Барилгын компаниудад залилуулсан иргэд холбоонд нэгдэнэ-
Барилгын компаниудын барьж, ашиглалтад оруулж буй орон сууцны чанар болоод м/кв-ын зөрүүтэй холбоотой гомдол тасрахаа больсон. Энэ асуудлаар өнөөдөр барилгын компаниудаас болж хохирсон иргэдийн төлөөлөл “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийсэн юм.
Барилгын компаниуд иргэдэд худалдаж буй орон сууцныхаа м/кв-аас дутааж, худалдаж байгаа талаарх гомдлыг иргэд өнгөрсөн жилээс хойш их гаргах болсон юм. Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар 2013 оны арванхоёрдугаар сараас хойш 50 орчим барилгын компанид хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар 560 гаруй иргэний орон сууцны м/кв-аас 4-20 метр талбайг дутаасан буюу гурав орчим тэрбум төгрөгийн хохирол учруулсаныг тогтоож, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хариуцлага тооцохоор торгууль ногдуулж буй. Мөн үүн дээр барилгын чанарын асуудал нэмэгдэх юм.
Тэгвэл энэ бүх хугацаанд барилгын компаниудын чанаргүй барилга, иргэдийг м/кв-ын зөрүүгээр мэхэлдэг байдалтай тэмцэхээр холбоо байгуулах тухай өнөөдрийн хурлаар онцоллоо. Орон сууц захиалагчдын хохирогчдын холбоонд одоогоор дээрх байдлаар хохирсон 11 иргэн нэгдэхээ илэрхийлээд байгаа талаар тус холбоог үүсгэн байгуулагч Ч.Пүрэвзана хэлсэн юм.
Эдгээр 11 иргэний хувьд янз бүрийн байдлаар хохирч үлдсэн гэх бөгөөд нарийн шалгаж үзэхэд иргэдэд гэрээнд зааснаас дутуу м/кв-тай байр зарсан, ашиглалтад өгөөд удаагүй байр нь хана, таазнаасаа цууралт өгсөн зэрэг зөрчил илэрч, иргэдийг хохироосоор байгаа ажээ. Тиймээс урьд нь хохирсон иргэд ганцаараа хохирлоо барагдуулахаар хөөцөлдөж, үр дүнд хүрдэггүй байсныг өөрчлөх хэрэгтэй болсныг хурлаар онцолж, хохирогчдыг нэгтгэн хамтдаа тэмцэхээр болсон байна. Одоогоор уг холбоог байгуулах эрх зүйн баримт бичгийг бүрдүүлэн холбогдох шатны байгууллагуудад хандсан бөгөөд барилгын компаниудад залилуулсан иргэдийг холбоондоо элсэхийг уриалж буй. Холбоог байгуулж, хүмүүсийг эгнээндээ нэгтгэсний дараа чухам аль компани хэдий хэмжээгээр хэдэн иргэнийг хохироосныг нарийн тогтоож, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон тухайн барилгын компанид мэдэгдэх юм байна. Хэрвээ энэ нь үр дүнд хүрэхгүй бол цаашлаад хууль, хяналтын байгууллагуудад хандаж, шаардлагатай бол жагсаал хийнэ гэдгээ өнөөдрийн хурлаар мэдэгдлээ.