Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр даргалж, хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан.
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.
Хуралдааны эхэнд Засгийн газраас 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн.
Монгол Улсын Их Хурлын 2003 оны 54 дүгээр тогтоолоор баталсан Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж хөгжүүлэх үндсэн чиглэл”-д үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогын хүрээнд гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, оюуны багтаамж өндөртэй технологийг хөгжүүлэх, бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэх, дэлхийн зах зээлд Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрлэл, технологийн паркийг байгуулахаар анхны бодлогын бичиг баримт батлагдсан. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль 2009 онд батлагдаж, парк байгуулах эрх зүйн үндсийг тодорхойлсон гэдгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар танилцуулгадаа дурдав.
Мөн тэрбээр, цаашид үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаанд мөрдөж буй бодлогын болон хууль эрх зүйн баримт бичгүүд хоорондын давхцал, зөрчлийг арилгах, хэрэгжүүлэх механизмыг тодорхойлох, үйлдвэрлэл, технологийн паркт хөрөнгө оруулалт татах, паркийн нэгжийн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, тасралтгүй хөгжлийг хангах, улмаар паркийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүсээд байгааг танилцуулгадаа онцолсон.
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлтийг оруулснаар хууль хоорондын давхцал, зөрчлийг арилгаж, хуулийг хэрэгжүүлэх механизм оновчтой болж, паркийн үйл ажиллагаанд төрийн зүгээс бодлогын болон татвар, санхүүгийн дэмжлэгийг үзүүлэх хууль эрх зүйн орчин бүрдэнэ. Түүнчлэн сургалт, судалгаа, шинжилгээний үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж нутагшуулах, технологийн тасралтгүй хөгжлийг хангах үйл ажиллагааны талаарх зохицуулалтууд бий болж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд техник технологийн дэвшлийг ашиглах нөхцөл бүрдэж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэж, үйлдвэрлэл цогцолбороор хөгжин, ажлын байр нэмэгдэн, улмаар бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг түргэсгэнэ гэдгийг салбарын сайд танилцуулгадаа дурдсан.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Я.Содбаатар, Д.Тэрбишдагва, Л.Энх-Амгалан, Д.Эрдэнэбат, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах асуудал сүүлийн 30 жил яригдсан ч үр дүнд хүрээгүй байгаа шалтгааныг тодруулахын зэрэгцээ үйл ажиллагаа явуулж байгаа парк байгаа эсэхийг илүүтэй лавласан.
Ажлын хэсгийн зүгээс Үйлдвэрлэл, технологийн паркийн үзэл баримтлалыг 2003 онд, хуулийг нь 2009 онд баталсан. Парк байгуулах асуудал Хүнс, хөдөө аж ахуйн яамны харьяанд байж байгаад 2014-2016 оны үед Аж үйлдвэрийн яамны эрхлэх асуудлын хүрээнд, 2016 оноос хойш хүнд үйлдвэрийн асуудал ньУул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд, хөнгөн үйлдвэрийн асуудал нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяанд хамаарч, хоёр хуваагдсан. Тэгэхдээ Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль нь Засгийн газрын тухай хуулийн зохицуулалтай зөрчилтэй байдаг тул хуулийн төсөлд зөрчил, давхардлыг арилгах өөрчлөлт оруулсан гэсэн тайлбарыг өгч байлаа. Мөн хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх паркийн зөвшөөрлийг таван аж ахуйн нэгж авсан байдаг ч өнөөдрийн байдлаарүйл ажиллагаа нь техник эдийн засгийн үндэслэлээ хийж дуусаад, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын түвшинд байна. Олон улсын туршлагаас харахад дэд бүтэц нь бэлэн болсон газраа паркийн үйл ажиллагаагаа татдаг. Монголд паркын ажил удааширч байгаа шалтгаан нь дэд бүтцийн асуудалтай холбоотой гэж байлаа.
Ингээд Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжив.
Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнээс 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойшхи 16 жилийн хугацаанд үүргээ тодорхой хэмжээгээр гүйцэтгэсээр ирсэн боловч хуулийн зохицуулалтыг бүхэлд нь шинэчлэх шаардлага гарсан. Энэхүү хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй асуудлууд байгааг төсөл санаачлагч гишүүн дурдав. Тухайлбал, орон сууцны байшингийн ашиглалтын хугацаанд дээвэр, цахилгаан шат зэрэгт их засвар хийх үед их хэмжээний хөрөнгө шаардагдах үед, оффисийн зориулалттай барилгуудын өмчлөгчдийн дундын өмчлөл, түүний ашиглалт, хамгаалалттай холбоотой асуудлууд, иргэд, төрийн байгууллага, төрийн бус байгууллага, мэргэжлийн байгууллагуудын ажлын харилцан уялдаа холбоог хангах, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байна. Түүнчлэн Монгол Улсын хүн амын ихэнх хэсэг нь гэр хороололд амьдарч байгаа байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд авч үзэхэд хүн амын 58 хувь буюу 205431 өрх гэр хороололд амьдарч байгаагийн 56 хувь нь 1 хашаанд 2 түүнээс дээш өрх амьдарч байна. Тэдгээр өрхүүдийн орчны аюулгүй байдал, тохижилт, цэвэрлэгээ, инженерийн шугам сулжээний ашиглалт хамгаалалт нэн тулгамдсан зайлшгүй шийдвэрлэх асуудал хэвээр байсаар байгаа нь гэр хороололд сууц өмчлөгчдийн холбоо байгуулах хэрэгцээ үүсээд байна. Мөн Сууц өмчлөгчдийн холбоо нь оршин суугчдадаа явуулж буй үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгдөггүй тул оршин суугчид бүрэн хяналт тавих боломжгүй, үнэ тарифыг үндэслэлгүй тогтоодог, орон сууцны зориулапт, төлөвлөлтийг дураараа өөрчилж байгаад хяналт тавьдаггүй энэ талаарх хариуцлагын механизм сул, иргэдээс болон дундын өмчлөлөөс орсон түрээсийн төлбөр зэрэг мөнгөн хуримтлалыг зориулалтын бус зүйлд зарцуулдаг зэрэг олон зөрчил дутагдал байгааг төсөл санаачлагч гишүүн дэлгэрэнгүй танилцуулсан.
Хүндрэлтэй асуудлыг бусад холбогдох хууль тогтоомжид нийцүүлж шийдвэрлэх, хууль хэрэгжих явцад гарч буй хууль зүйн болон практикийн зөрчлийг арилгах, зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн болон сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан байна. Шинэчилсэн найруулгын төсөлд СӨХ-ны менежментийг боловсронгуй болгох эрх зүйн орчинг сайжруулах замаар бодитой үр дүнтэй ажиллах, хариуцлагын тогтолцоог бүрдүүлнэ. Сууц өмчлөгчдийн холбоог иргэдийн эрүүл, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, оршин суугчдын эрх ашгийг хамгаалах, оршин суугчидтай нягт уялдаа холбоотой, нээлттэй, ил тод ажиллах үүрэгтэй байгууллагынх нь хувьд эрх, үүргийг тодорхой болгон сууц өмчлөгч ба оршин суугчийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, иргэний эрх үүргийг дээшлүүлэн, хувийн хэвшлийн үйл ажиллагааг сайжруулж, эдгээрийн хоорондын ажлын харилцан уялдаа холбоог хангах, дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, хамгаалалтын талаарх харилцааг зохицуулахаар тусгасан гэж байлаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Д.Тэрбишдагва, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс гэр хорооллын иргэдийн дунд Сууц өмчлөгчдийн холбоог байгуулах, цаашлаад гэр хорооллыг амины орон сууцны хороолол болгож, төлөвлөлт, ипотекийн зээлд хамруулж эрх зүйн байдлыг дээшлүүлэх шаардлагатай гэсэн саналуудыг хэлж байлаа. Түүнчлэн хуулийн төсөлд аймаг орон нутгийн гэр хорооллын асуудлыг тусгасан эсэхийг лавласан.
Төсөл санаачлагч гишүүн хариултдаа, улсын хэмжээнд нийт 1022 Сууц өмчлөгчдийн холбоо үйл ажиллагаа явуулж байгаагаас нийслэлд 881, орон нутагт141 байгаа бөгөөд гэр хороололд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа холбоо байхгүй байна. Гэтэл дундын өмчлөлийн асуудал гэр хороололд адилхан байдаг тул эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай.Өргөн барьсан хуулийн төсөлд гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийн эрх зүйн зохицуулалт болон сууц өмчлөгчдийн холбоог байгуулахаар тусгаж өгснөөр уг хууль нийт иргэдэд үйлчлэх болсноороо онцлог болсон гэж байлаа.
Ингээд Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн үзэл баримтлалыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.