Categories
мэдээ нийгэм

“Орон нутгийн замын хяналт хөдөлгөөний соёл-2019” нэгдсэн арга хэмжээг өнөөдрөөс эхлүүлжээ

Урин дулаан, амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан нийслэлээс орон нутаг, орон нутгаас нийслэл рүү чиглэгдсэн хөдөлгөөний эрчим эрс нэмэгдэж хөдөлгөөнд оролцогчдын сахилга хариуцлагагүй болон МУ-ын ЗХД-ийн зүйлт, заалтуудыг зөрчсөний улмаас тухайн зам, орон нутаг дахь зам тээврийн ослын тоо нэмэгддэг.

Иймд Тээврийн цагдаагийн албанаас орон нутагт гарч буй осол аваараас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар өнөөдөр /2019.06.14/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Цагдаагийн байгууллагын “хар цэг”-ийн судалгаагаар аль аймагт зам тээврийн осол ихэвчлэн гарч, хүний амь нас эрүүл мэнд хохирч буйг тогтоодог байна. Уг судалгаагаар Баян-Өлгий, Баянхонгор, Төв аймагт зам тээврийн ашиглалтын эсрэг гэмт хэрэг 2-2.5 дахин өссөн, хэргийн улмаас амь насаа алдсан хүний тоон үзүүлэлт Архангай, Баянхонгор, Булган,Төв аймагт 2-2.6 дахин өссөн үзүүлэлт гарчээ.

Цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлсэн ажлын үр дүнд 2018 онд осол ихээр гарч буй “Хар цэг”-ийн 16 газрыг алга болгожээ. Цаашид ч аюултай цэгүүдэд тэмдэг тавьж анхааруулах бус алга болгохыг зорьж ажиллаж байгаа гэдгийг Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан онцоллоо.

“Орон нутгийн замын хяналт хөдөлгөөний соёл-2019” нэгдсэн арга хэмжээг өнөөдрөөс эхлүүлжээ. Энэ арга хэмжээг зам тээврийн ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын соёлыг дээшлүүлэх, сахилга хариуцлагыг сайжруулах зорилгоор Тээврийн цагдаагийн албанаас сүүлийн жилүүдэд тогтмол зохион байгуулж байгаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *