Одоогоос хоёр жилийн өмнө Замын цагдаагийн албаны ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Ж.Энхбат “Өдрийн сонин”-д ярилцлага өгөхдөө “Энэ байдлаараа явбал 2020 он гэхэд Улаанбаатар хотын замын түгжрэл тэг зогсолт хийхэд хүрнэ. Нэн даруй шаардлагатай арга хэмжээ авч, өөрчлөлт хийхгүй бол аюул ойрхон байна” гэж анхааруулж байсан. Гэвч хотын удирдлагууд, төр засгийн зүгээс замын түгжрэлийг бууруулахад зөвхөн шүлсээ үсчүүлж, хий хоосон худлаа ярихаас өөрийг хийлгүй 2020 онтой золгон улмаар намрын сар дундаа орж Улаанбаатар хот өнөөдөр гамшгийн хэмжээнд хүрчихээд байна. Зуны хэдэн сар хөдөө гадаагүй тэнэж, аялж, амарч зугаалж явсан монголчууд есөн сар дөхүүлж, сургууль цэцэрлэг орох үед даргатай цэрэгтэйгээ, томтой жижигтэйгээ, хөдөө хот гэлтгүй бүгд нийслэл рүүгээ яарч иртэл замын хөдөлгөөн нэгэнт ачааллаа даахаа больж тэг зогсолт хийж угтсан юм.
Замын түгжрэл ийнхүү гамшгийн хэмжээнд хүрсэн учир Улаанбаатар хотын удирдлагуудад өөрийн гэх толгой, эрх мэдэл гэж байдаг юм бол яг одоо л зоригтой алхам хийж бодлого боловсруулмаар байна. Төр засгийн зүгээс нялганаж, нялцганаад байлгүй хатуу арга хэмжээ авах хэрэгтэй. Авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх тухай асуудал өнгөрсөн жил яригдсан ч сошиалаар “замын төлбөр нэмэх гэлээ” гэж бүгд дайрсаар байгаад болиулсан. Сайндаа ч биш Ардын намын дарга Ерөнхий сайд У.Хүрэлсүх, хотын дарга байсан одоогийн Их хурлын гишүүн С.Амарсайхан нар 2020 оны сонгуулийг бодож, ард түмэнд таалагдахын тулд татвар нэмэхээ больж, жигтэйхэн сайн хүмүүс болцгоож ээлжит жүжгээ тавьсан. Гэвч авто зам ашигласны татвар нэмэгдсэнээр улс оронд ямар ашигтай байсныг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхийн яриа бидэнд хэлээд өгнө. Замын татварыг нэмэхийг хүчингүй болгосон НИТХ-ын хуралдаанд тэрээр “Авто замын төлбөрийг нэмнэ гэдэг нь өдөртөө 276 төгрөг төлөөд Улаанбаатар хотын замаар зорчиж болно гэсэн логик ойлголт. Манай иргэд нэг жилийн настай зам гэж шүүмжилдэг. Тэгэхээр ганцхан жилийн настай авто зам тавимааргүй байна. Явган хүний замыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Сүүлийн 10 гаруй жилд 27 км дугуйн зам барьсан. Тиймээс 2020 оны төсөвт 100 км явган хүний зам, 100 км дугуйн зам барихаар төлөвлөсөн. Энэ мэт зүйлээс шалтгаалж замын хураамжийг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн юм. Нийслэлд автомашин ашигласны төлбөрийг нэмж, авто замыг сайжруулахаар шийдвэрлэсэн. Хэрэв өнгөрсөн жил энэ санал дэвшээд явсан бол хэн ч эсэргүүцэхгүй байсан. Зургаан сарын дараа сонгууль болох учраас нийслэлээс санаачилсан ажлыг таслан зогсоож байна. Энэ бол цэвэр улстөржилт” гэж хэлж байсан. Үүний хариуд С.Амарсайхан “Ерөнхий сайдын үг, үүрэг бол төрийн бодлого. Тиймээс түүний багт ажиллаж хариуцлага хүлээдэг хүний хувьд асуудлыг оруулж ирж байна. Дээд доод шатандаа ажлаа уялдуулж явах жишгийг тогтоож байгаа юм” гэж улс орны хувь заяаг бус зөвхөн өөрийгөө бодсон, амиа хоохойлсон, Хүрэлсүхийн даалгавраар хөдөлж байгаа гэдгээ хэлсэн байдаг. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын дундуур авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх хуулийн төслийг хүчингүй болгосноор Хүрэлсүх дахин нийгмийн баатар болж, цахим ертөнцөөр дүүрэн алга ташилт үргэлжилж, Ерөнхий сайдын даалгаврыг амжилттай биелүүлсэн хотын дарга Амарсайханы нэр хүнд ч өсч, ард түмэндээ хайртай дарга болж мандсан. Түүний горыг бид энэ намар тэг зогсолтоор амсаж байна л даа. Популизмын хариу ард түмэнд ингэж л ирдэг.
Тэгэхээр хотын даргын үүрэг гүйцэтгэж байгаа Ж.Батбаясгалан тэргүүтэй нөхдүүдэд өөрийн гэх толгой байна уу гэж асуугаад байгаа юм. Хэрвээ байдаг юм бол зоригтой алхам хиймээр байна. Ерөнхий сайд үүрэг өгсний дагуу хотын удирдлагууд замын түгжрэлийг бууруулах төлөвлөгөө боловсруулснаа саяхан олон нийтэд мэдээлсэн. Үүнд, сургуулийн автобусны тоог 200-гаар нэмнэ. Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 266 сургуулиас 71 нь автобустай байна. Ингэснээр 160 хүүхдийн дөрвөн мянга нь автобустай байдаг энэ тоо өөрчлөгдөнө. Мөн нийслэлийн гурван бүсэд хувааж авто зогсоолын нэгдсэн системийг хэрэгжүүлэх, ажлын газар нь ойролцоо байдаг хөрш айлууд ажил руугаа нэг машинаар зорчих байдлыг анхаарах, түгээлтийн машиныг шөнийн цагаар явуулах, зах худалдааны газруудыг оройн цагаар ажиллуулах, буруу рультэй машин хилээр оруулахыг хориглох зэрэг урьд өмнө яригдаж байсан асуудлуудыг боловсруулсан байна лээ. Бид сүүлийн 10 жил ингэж яриад алхам ч урагшлаагүй өнөөдрийг хүрсэн.
Замын түгжрэлийг багасгах бодитой нэг арга бол хөдөөний жолооч нарыг хотод явуулахыг болиулах хэрэгтэй. Үндсэндээ орон нутгийн үнэмлэхээр хотод жолоо барихыг хориглох тийм шийдвэрийг хотын удирдлагууд нэн даруй гаргамаар байна. Хоёр мянгаад оны эхээр сум бүрт жолооны курс ажиллаж морь мотоциклиос өөр юм бараг сандайлж үзээгүй хөдөөнийхөн хөгшин залуу, эр эм гэлтгүй бүгд жолооны үнэмлэхтэй болоод авсан. Ингэж хөдөө суманд хониор худалдаж авсан үнэмлэхтэй нөхөд хотод орж ирээд бөглөө таглаа, аваар ослын үүр уурхай болж байна. Энэ байдлыг таслан зогсоох цаг нь болсон. Дэлхийн улс орнууд ялангуяа Америк зэрэг орнуудад жолооны үнэмлэх тухайн бүс нутагтаа хүчинтэй байдаг. Жишээлбэл, Калифорни мужийн үнэмлэхтэй хүн Вашингтон ДС-д жолоо барих эрхгүй, өнөөх үнэмлэх нь хүчингүй болдог. Тэгээд заавал шалгалт өгч жолоо барих эрхээ авдаг. Мэдээж шалгалт нь ямар нэгэн хүнд сурталгүй, түргэн шуурхай шийдэгдэнэ. Дэлхийн орнуудын ийм зарчмыг бид баримтлахгүй бол хэдэн малаараа, эсвэл ээж аав, эмээ өвөөгийнхөө тэтгэврийн зээлээр приус аваад уначихсан залуучууд хотын төвд хээр хөдөөнөө, адуу малдаа явж байгаа юм шиг дүрэмгүй аашилдаг. Хөдөөний жолоочид хот орж ирээд, жолоо барих эрхгүй яах болж байна гэсэн асуулт тулгарна, түүнд гайхаад байх зүйл огтоос байхгүй. Хотын захад машинаа тавиад автобусаар төв рүү нэвтэрч ажил албаа амжуулчих, тэгээд л болоо. Хөдөөнийхөн хотод явахаа больчихоор, дээрээс нь автобус 1 дүгээр эгнээгээр явчихаар бөглөө таглаа гэж байхгүй, бухимдах зүйлгүй ажил хурдан шуурхай бүтнэ. Сумын дарга даамал байсан, мөн аймгийн төвд алба хашиж байсан нас тогтсон хүмүүс жолоо барьж хотод ирэхдээ хотын захад машинаа тавиад хотын үнэмлэхтэй үр хүүхдээ дуудаж байдаг. Тэгэхээр энэ бол бүрэн болох хувилбар мөн.
Дээрээс нь бүсчлэлийн асуудлаа авч үзэх нь зөв. Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр түгжрэл үүсэх гол шалтгаан түүнээс хэрхэн ангижрах зэрэг судалгаанд суурилсан замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах бүсчлэлийн танилцуулгыг өнгөрөгч оны зургадугаар сард хийсэн. Тэрээр “Нийслэлд байнгын хөдөлгөөнд оролцож байгаа автомашины тоо энэ чигээр өсөөд байвал удахгүй тэг зогсолт хийнэ” гэдгийг мөн анхааруулаад нийслэлийн авто замын хөдөлгөөн, авто замыг А, В, С гэсэн гурван бүсчлэлд хуваах, нийтийн тээврийн маршрутын зохион байгуулалтыг оновчтой болгох, явган хүн, унадаг дугуйн замыг бий болгох, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын системийн хоцрогдлыг арилгах зэрэг дөрвөн асуудал дээр тун яаралтай арга хэмжээ авахыг хэлж байв. Бүсчлээд, хотын төвдөө татвар өндөр тогтоох гэдэг хамгийн зөв алхам. Авто замын түгжрэлийг богино хугацаанд оновчтойгоор бууруулсан улс орнуудын жишгийг харахад ерөөсөө бүсчлээд татвар өндөр тогтоосон байдаг. Шведийн Стокгольм хотын удирдлагууд ажлын өдрүүдэд өглөөний 6:30-аас оройны 6:30 цагийн хооронд хотын төв болон хүн ам ихээр төвлөрсөн хэсгүүдэд зорчих тээврийн хэрэгслүүдээс бүсчлэлээс хамааран 1.19-3.24 евро буюу 11-30 швед кроны татвар авч эхэлсэн. Ингэснээр замын түгжрэл 25 хувиар буурч өдөрт 300 мянган орчим ам.доллар улсын төсөвт нь хуримтлагддаг тооцоо гарчээ.
Манай хотын удирдлагууд автобус олноор гаргана, гэвч суух хүн олдохгүй нь гэх зовлон тоочоод байгаа. Энэ асуудлыг Испанийн хотууд тун ухаалгаар шийдсэн байдаг. Хотын төвийн авто зогсоолуудыг маш өндөр төлбөртэй болгоод өгөхөөр жолоочид өөрийн эрхгүй машинаа орхиж автобусаар зорчдог болсон байна. Бүсчлэл тогтоож зам ашигласны татварыг өндөр байлгахгүй бол Улаанбаатарын төвөөр машин унаж сэлгүүцсэн залуучууд дүүрэн. Үүний баталгаа нь хотын төвийн замд урагшаа эргэх гэж дайрч ороод баахан түгжээ үүсгэж, хэрүүл уруул болсны дараа гэнэт хойшоо давхиад явчихдаг. Урагшаа эргэх аминд тулсан ажилгүй байсан юм бол яах гэж ингэж бусдадаа тээг саад болдог байна зүхээд хоцордог.
Судлаач О.Одбаярын Хотын замын хөдөлгөөнийг бууруулах 21 стратеги судалгаанд “Замын хөдөлгөөнд оролцогч жолооч бүр явах маршрутаа тодорхой болгосноор замын ачаалал буурах боломжтой. Товчхондоо явах маршрут тодорхой бус байгаагаас үүдэн жолооч замын хөдөлгөөнд зорилгогүй мэт оролцох тохиолдол бий” гэдгийг оруулсан байна лээ. Мөн “Хувийн таксины үйлчилгээг эрх зүйн хувьд журамлаж нэгдсэн тогтолцоог бий болгож дуудлагын журамд оруулснаар үйлчлүүлэгч хайж хотын төвөөр сэлгүүцэх нь багасна. Албан байгууллага ажилтан албан хаагчдын нэгдсэн тээврийг бий болгох нь замын түгжрэлийг бууруулах нэг арга зам юм. Тухайлбал, 32 хүний суудалтай бага оврын автобусаар нэг байгууллагынхан зорчвол түгжрэл өндөр хувиар буурах тооцоо бий” зэргээр гаргасан байсан. Мөн З.Гантогоо гэж мэдээллийн технологийн судлаач “Түгжрэлийг бууруулах технологийн таван шийдэл”-ийг дэвшүүлснийг сонирхуулъя. “GPS-д холбосноор тээврийн хэрэгслүүдээс байршил, дундаж хурд, байнга явдаг маршрут тухайн байршлын тээврийн хэрэгслийн тоог цагаар харах, хөдөлгөөний шилжилтүүдийн мэдээллийг цуглуулах боломж бий болно. Эдгээр мэдээлэл хуримтлагдсанаар их хэмжээний Big data үүснэ. Уг дата дээр боловсруулалт хийж дараах шийдвэрүүдийг гаргахад ашиглаж болно. Үүнд, тээврийн хэрэгслүүдэд тухайн үеийн замын ачааллын талаар мэдээлэл өгөх. Ингэснээр жолооч өөр зам сонгож түгжрэл саарна. Мөн авто замыг төлөвлөх, удирдах, замуудын урсгал чиглэл эргэлт зэргийг оновчтой зохион байгуулах боломж үүснэ. Авто замын хөдөлгөөнийг бүхэлд нь хянах зорилгоор газарзүйн мэдээллийн системийг ашиглах боломжтой. Мөн хиймэл оюун ухаан ашиглан камерын бичлэг, хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүдээс цугларсан дата зэрэг дээр тулгуурлан хиймэл оюуны алгоритмууд ажиллаж хөдөлгөөнд оролцож буй жолоочид хамгийн хурднаар хүрэх замыг санал болгох боломжтой” гэдгийг технологийн үүднээс нь тайлбарласан байна. Иргэдэд, мэргэжлийн судлаачдад ийм олон санал, судалгааг байгааг хотын удирдлагууд анхаарах хэрэгтэй. Түүнээс буруу рультэй машин оруулахгүй гэдэг үлгэрээ хэдэн жил ярих вэ.
С.Амарсайхан 2025 он гэхэд замын түгжрэлийг 50 хүртэлх хувиар бууруулж, нийтийн тээврийн салбарын хөгжлийг олон улсын түвшинд хүргэнэ гэснийг, агаарын дүүжин тээвэр болон соронзон галт тэрэгний ТЭЗҮ-г хийж дууссан ба Францын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр энэ дөрөвдүгээр сард эхлүүлнэ. 2021 оны зургадугаар сард эхний маршрут буюу Баянхошуу Ханын материал, 3,4 дүгээр хороолол чиглэл ашиглалтад орно гэж хэлснийг бид мартаагүй. Дээрээс нь “Тусгай замын автобусыг эхлээд Нисэх, Долоон буудал чиглэлд 15 буудалтайгаар хийнэ, такси үйлчилгээний хувьд хүүхэд хүргэлтийн такси, ВИП такси, чиглэлийн такси зэргийг шинээр нэвтрүүлнэ гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хэлснийг мартаагүй байгаа. Энэ нөхдүүдийн хэлсэн нь зүгээр поп амлалт төдий байлгүй. Харин орон нутгийн нутгийн үнэмлэхээр хотод жолоо бариулахгүй байх, мөн бүсчлэл тогтоож татвар тавих, авто зогсоолын төлбөрийг өндөр тогтоож, иргэдийг нийтийн тээврээр явуулах зэрэг зохицуулалтыг юун түрүүнд хийхийг дахин сануулъя. Ийм ажлуудыг түргэн шуурхай хийхгүй бол замын тэг зогсолтыг шийдэж чадалгүй өвөлтэй золгож аюул улам нүүрлэнэ.