Categories
мэдээ нийгэм цаг-үе

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөлд 1.1 сая санал иржээ DNN.mn

НЗДТГ-ын дарга И.Баатархүү Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх төслийн талаар иргэдийн санал асуулгын үр дүнг төлөөлөгчдөд танилцуулав.

Нийслэл, дүүргийн ОНХС-гийн хөрөнгөөр ирэх онд хийх төсөл, хөтөлбөрт тусгах иргэдийн саналыг орон даяар энэ оны 4 дүгээр сарын 15-наас 6 дугаар сарын 15-ны хооронд цахимаар авахад 1.140.376 санал ирүүлжээ. Үүнд нийтийн эзэмшлийн талбайд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх тохижилт, тоглоомын талбай байгуулах, камержуулалт, гэрэлтүүлэг, автомашины зогсоолыг нэмэх, өрхийн эрүүл мэндийн төв, сургууль, цэцэрлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийг нэмж, гадна талбайн тохижилтыг сайжруулах, авто замыг засаж шинэчлэх, орон сууцны байрны дээвэр, засвар хийх, худаг, усан санг нэмэх, ногоон байгууламж бий болгох, үерийн ус зайлуулах суваг, шуудуу, хоолой хийх, нийтийн бие засах газар барих, сэргээн засах, тохижуулах гэсэн санал хамгийн их байв.

Энэ оноос төсөл, хөтөлбөрт иргэдийн саналыг улс даяар цахимаар авах ОНХС-гийн удирдлагын мэдээллийн систем, ОНХС гар утасны аппликейшн хөгжүүлж, нэвтрүүлээд байна. Тус аппликейшн ашиглан иргэд саналаа өгөхөөс гадна аймаг, нийслэл, сум дүүрэгт хуваарилагдсан ОНХС-гийн төсөв, иргэдийн санал, тендер шалгаруулалт, ажлын явц, санхүүжилтийн хуваарь, хууль, эрх зүйн мэдээлэл авах, тухайн хөрөнгө оруулалтад өргөдөл, гомдол гаргах олон талын дата мэдээллийг гар утас, цахимаар авах боломжтой болсон юм.

НИТХ-аар нийслэлийн өмчид барилга, байгууламж бүртгэн авах, бүртгэлээс хасах тухай асуудлыг хэлэлцэв. Тодруулбал, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж, энэ онд ашиглалтад оруулсан СБД-ийн 1 дүгээр сургуулийн өргөтгөл, 116-р цэцэрлэгийн барилгыг нийслэлийн өмчид бүртгэхийг хэлэлцэн, олонхын саналаар баталжээ. Мөн АХБ-ны хөнгөлөлттэй зээл, нийслэлийн төсвийн хөрөнгөөр СХД-ийн 7, 8, 9, 10, 28-р хороонд барьсан ус, дулаан дамжуулах төвийн 6 барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэлээ.

Барилга акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах хүрээнд БЗД-ийн 5, 14-р хорооны нутаг дахь 2 барилга буюу тус дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй өрхийн ЭМТ-ийн хуучин барилгыг актлах, нийслэлийн 30-р сургуулийн гараашийг буулгасан тул өмчийн бүртгэлээс хаслаа. Түүнчлэн БЗД-ийн 17, 20-р хорооны нутагт байрлах “Орхон түшээ мөрөн” өрхийн эмнэлгийн хуучин барилга, Гачуурт тосгоны өрхийн ЭМТ-ийн барилгыг бүртгэлээс хасах тогтоолын төсөл баталсныг нийслэлийн Сургалт, судалгаа олон нийттэй харилцах газар мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *