Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж байгаа “Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах” МОН 9192 төсөлд Төв аймгийн Борнуур, Сэлэнгэ аймгийн Ерөө, Дархан-Уул аймгийн Орхон, Увс аймгийн Улаангом сумын 300 гаруй ногоочид хамрагдан төслийн үр шимийг хүртсээр байна.
2021 онд короновирусийн нөхцөл байдлын улмаас төсөл хэрэгжүүлэх нэгж болон зөвлөх багаас ногоочдод орон нутагт нь очиж газар тариалангийн мэдлэг олгох, чадваржуулах сургалтаа зохион байгуулах боломжгүй болсон тул дөрөвдүгээр сард агротехнологийн 5 сургалтыг цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа.
Сургалтаар “Хамгаалалттай хөрсний ногооны аж ахуйн үйлдвэрлэлийн агротехнологи” сэдвээр ХААУ-ын доктор, сургагч багш Я.Оюунчимэг, “Бордооны хэрэглээ үйлдвэрлэл” сэдвээр ХААИС-ийн багш доктор, дэд профессор Б.Амарсанаа, “Хүнсний ногооны үйлдвэрлэлийн ургамал хамгааллын менежмент” сэдвээр ХААИС-ийн багш Д.Банзрагч, “Хүнсний ногооны үр үржүүлгийн технологи” сэдвээр Дархан-Уул аймгийн Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн доктор Ж. Байгалмаа, “Усалгааны арга технологи, менежмент” сэдвээр доктор, зөвлөх Д.Чандмань нар орчин үеийн дэвшилтэт технологийг орон нутгийн хөрсөнд нэвтрүүлэх агротехнологийн аргаас заасан юм. Сургалтад дөрвөн сумын 885 ногоочин хамрагдсанаас 557 нь эмэгтэй хүмүүс байлаа. Сургалтын үеэр ногоочид өөрсдийн өмнө тулгарч байгаа хүндрэл бэрхшээлээ багш нартаа хуваалцан тохирох шийдлүүдийг олж авч байв.
Үрслэгийн сургалт зохион байгууллаа
Мөн “Монгол ногоо” төслийн хүрээнд Хэнтий, Ховд, Төв аймгийн Зуунмод, Сэргэлэн сум, Чингэлтэй дүүргийн 60 орчим иргэдэд үрслэгийн сургалтыг цахимаар зохион байгууллаа.
Иргэд ийнхүү сургалтад хамрагдсанаар хүнсний ногооны нэр төрөл, үр сортоо сонгох, хүлэмж болон ил талбайн чанартай үрслэг хийх мэдлэг чадвараа сайжруулж, хашаандаа ногоо тарих талбай, ногооны хэмжээ, нэр төрөл, хүнсний хэрэглээгээ нэмэгдүүлж, өрхийн амьжиргаа сайжруулах зэрэг чухал үр дүнтэй байлаа.