Categories
гадаад мэдээ

Орландод болсон халдлагын үеэр 50 хүн амиа алджээ

Өнгөрсөн ням гарагийн үүрээр зэвсэгтэй этгээд Флорида мужийн Орландо хотын ижил хүйстнүүдийн шөнийн клубт халдаж 50 хүний амийг хөнөөн 53 хүнийг шархдуулсан хэрэг гарлаа. Вашингтоны засаг захиргаа уг хэргийг терроризм гэж үзэн мөрдөж байгааг өчигдөр Ерөнхийлөгч Барак Обама мэдэгджээ.

Хэргийг үйлдсэн этгээд нь 29 настай Омар Матин болохыг олж тогтоосон бөгөөд тэрээр тусгай тасгийнхантай буудалцаж байгаад алагдсан байна. 2007 онд Виржиниад болсон аллагаар 33 хүн алагдаж, 17 хүн шархадсан нь хамгийн том хэрэгт тооцогдож байжээ. Энэ удаагийн халдлага ийнхүү Америкийн түүхэн дэх хамгийн том аллага болж байгаа юм байна.

Матин нь шөнийн клубыг барьцаалж цагдаа нарт янз бүрийн шаардлага тавьж байсан гэнэ. Үүрийн таван цагт буюу хэрэг гарснаас гурав орчим цагийн дараа тусгай тасгийнхан клубт нэвтэрчээ. Тэр шөнө клубт 320 орчим хүн үйлчлүүлж байсан байна.

Исламын улс бүлэглэл хэргийг зохион байгуулсан болохоо өөрийн мэдээллийн суваг болох Амак Ньюсээр дамжуулан мэдээлсэн байна. Мэдээлэлд дурдсанаар уг хэрэг нь “Халифатын цэргийн хийсэн ажил” болохыг тайлбарлажээ. Албаныхны мэдээлж байгаагаар Омар Матин нь Бямба гарагийн орой 911 дугаарт залгаж өөрийгөө Исламын улс бүлэглэлд үнэнч гэдгээ илэрхийлж, ярианыхаа үеэр Бостоны марафоны халдлагын талаар дурдаж байсан ажээ.

Омар Матин Исламын улс бүлэглэлтэй холбоотой гэж сэжиглэгдэн 2013, 2014 онуудад шалгагдаж байсан бөгөөд Холбооны мөрдөх товчооны бүртгэлд байсан гэнэ. Тэрээр халдлагад ашигласан нэг гар буу болон нэг урт бууг хэдхэн өдрийн өмнө хуулийн дагуу худалдаж авсан байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *