“Орхон голыг хамгаалах хөдөлгөөн”-өөс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дэмжлэг үзүүлэхийг хүсчээ. Энэхүү хүсэлтдээ “Орхон голын өнөөгийн бохирдол, экологийн сүйрэл”-ийг онцлон бичсэн байгаа юм.Орхон голын сав газар буюу голын эхэн дээр компаниуд алт олборлолт явуулж байгаа юм. Олборлолт нь газрын хэвлийг хөндийлж, усны урсац, бохирдолд нөлөөлж байна. Улмаар олборлолт явуулж эхэлснээс хойш Орхон гол бохирдож, хүн мал ундаалахын эцэсгүй боллоо. Өнөөдөр Орхон голоос ундны усаа авч байгаа нутгийн иргэдийн бие дээр салхин цэцэг шиг тууралт гарч, эмнэлэгт үзүүлэхээр онош нь тодрохгүй байна. Түүнчлэн хүүхдүүдийн гэдэс маш ихээр өвчилж байна.Орхон гол 5 аймгийн 134 сум, багийн нутгаар дамжин тэтгэж, Сэлэнгэ голд цутгадаг учраас энэ нь үндэсний хэмжээний бөгөөд төрийн эрх баригчдын хэмжээнд шийдвэрлэх ёстой асуудал юм. Нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, бохирдлоос шалтгаалаад байгаль орчинд учирсан хохирлыг тооцуулах, гэм буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэх үүргүүдийг холбогдох газруудад өгсөн ч бодит байдалд хууль хэрэгжихгүй байгаа нь ноцтой зөрчил.Усны нөөц эрс багасахад алтны олборлогчид дур мэдэн ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах, хүссэн газартаа хэн ч хамаагүй гүний худаг гаргах, томоохон гол мөрнүүдийг хаягдлаар булж бохирдуулах зэрэг хүний хүчин зүйл нөлөөлж байна гэдгээ тэд дээрх хүсэлтэд онцолжээ.