Орхон аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны зургадугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар шийдвэрийн дагуу Г.Батдэлгэр даргатай Орхон аймгийн Сонгуулийн хорооноос Д.Доржпүрэв тэргүүтэй нэр бүхий 28 иргэнийг сонгох, сонгогдох эрхийг зөрчин сонгуульд оролцуулахаас татгалзсан билээ. Тэдний хувьд Орхон аймгийн ИТХ-д Ардчилсан намаас нэр дэвших хүсэлтэй байсан юм. Тэгвэл Орхон аймгийн сонгуулийн хороо хууль зөрчиж дээрх иргэдийн сонгогдох эрхэд халдсан болохыг Дээд шүүхийн Хяналтын шүүхээс тогтоосон байна. Тиймээс Орхон аймгийн ИТХ-ын сонгуулийг дахин явуулахыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 302 тоот тогтоолоор баталжээ.
Үүний дагуу Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид болон Орхон аймгийн Сонгуулийн хороонд “Хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах тухай” албан бичиг ирүүлжээ. Уг албан бичигт Орхон аймагт ИТХ-ын сонгууль дахин явуулах болсон үндэслэлээ “Нэр дэвшигчийг бүртгэсэн эсхүл бүртгэхээс татгалзсан талаарх сонгуулийн хорооны шийдвэрийг шүүхийн шийдвэрийн дагуу хүчингүйд тооцсон болон нэг буюу хэд хэдэн тойрогт явагдсан сонгуулийг хүчингүйд тооцсон” хэмээн тодорхойлжээ. Эндээс харвал тус аймгийн ИТХ-ын сонгууль дахин явагдах нь тодорхой болж байгаа юм. Харин Сонгуулийн тухай хуульд заасны дагуу нөхөн сонгуулийг 2018 оны зургадугаар сарын 24-ний өдөр зохион байгуулахаар болсон байна.
О.Тэнгэр