Categories
мэдээ нийгэм

Орхон аймагт 640 хүүхдийн багтаамжтай сургууль ашиглалтад орлоо

Эрдэнэ багт шинээр баригдсан 640 хүүхдийн багтаамжтай 20 дугаар сургууль нээлтээ хийлээ. Энэ нь улсын хэмжээнд буй олон улсын стандартад нийцсэн жишиг гурван сургуулийн нэг юм.

Тус сургуулийн барилгыг барихад улсын төсвөөс 4.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд гүйцэтгэгчээр нь “Тэнгэрийн тэмдэг” ХХК ажилласан байна. Тус сургуульд 1-12-р ангийн 21 бүлэгт 610 хүүхэд нэг ээлжээр хичээллэнэ. Тэд бүгд Эрдэнэ багийн хүүхдүүд юм. Барилга зургаан настнуудад зориулсан хичээлийн танхим, унтах, амрах, тоглох өрөөтэй. Хичээлийн 16 танхим, 6 кабинет, спорт, урлагийн зал, усан бассейнтай. Эрдэнэ багт ашиглалтад орж буй 20-р сургуулийн захирал Л.Очирсүрэн хэлэхдээ “Манай сургуулийн анги танхим, ширээ, сандал, сургалтын хэрэглэгдэхүүн, бие засах өрөөнүүд бүгд олон улсын стандартад нийцсэн. Ер нь бүх талаар хүүхдийн сурах, хөгжих таатай орчин болж чадна” гэсэн юм.

20 дугаар сургуулийн барилгын ажил 2014 эхэлсэн боловч хөрөнгө оруулалт зогссон шалтгаанаар ажил нь саатаад байсан.Тиймээс Эрдэнэт хотоос УИХ-ын гишүүнээр сонгогдсон О.Содбилэг болон орон нутгийн удирдлагууд Сангийн яаманд удаа дараа хүсэлт тавьснаар хөрөнгө оруулалт хийгдэж ийнхүү ашиглалтад орлоо. Түүнчлэн уг барилгын дулаан, цэвэр усны асуудлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэсэн юм.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ энэ бол алслагдсан багт оршин сууж буй хүүхдүүдэд боловсролын үйлчилгээг чанартай хүргэх чиглэлээр хийж том ажил гэдгийг онцоллоо. Тус сургууль нь 60 гаруй багш, ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *