Categories
мэдээ нийгэм

Орхон аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа А.Батбаяр тэргүүллээ

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын удирдах ажилтны сургалт, зөвлөгөөн гурван өдөр үргэлжилж өндөрлөлөө. Сургалт зөвлөгөөний үеэр Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд, Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийж, “Гэмт хэргийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх арга зүй”, “Удирдах ажилтны сэтгэл зүйн бэлтгэл”, “Алба хаагчийн сахилга хариуцлага, мэргэжлийн ур чадварт нөлөөлөх нь” сэдвээр мэргэжлийн байгууллагын багш нар сургалт зохион байгууллаа.

Зөвлөгөөний төгсгөлд Монгол улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч цагдаагийн хурандаа С.Баатаржав нар төв орон нутгийн цагдаа, дотоодын цэргийн удирдах албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгч, 2018 онд манлайлан ажилласан байгууллагын удирдлагуудад шагнал гардуулсан юм.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын соёлыг төлөвшүүлэх, алба хаагчдын хариуцлага, харилцаа, хандлагыг дээшлүүлэх, иргэдийн цагдаад итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулсан “Байгууллагын соёлыг дээшлүүлье” аянд идэвх санаачилга, үр бүтээл гарган ажиллаж, тэргүүн байранд Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Цогтбаяр, дэд байранд Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, гуравдугаар байранд Архангай аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Э.Золбаатар нар шалгарч шагнагдлаа.

Алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлийг хангах “Эрүүл цагдаа хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд идэвх, санаачилга, үр бүтээл гарган ажиллаж, тэргүүн байрт шалгарсан Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Мэдээлэл,шуурхай удирдлагын төвийн дарга, цагдаагийн хурандаа Н.Амарзаяа, дэд байрт Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч хурандаа Ц.Гансүх, гуравдугаар байранд Төв аймаг дахь цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Ганзориг нар тус тус нар шалгарч мөнгөн шагналаар шагнагдсан юм.

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 2018 онд дэвшүүлсэн зорилтыг хангахад идэвх санаачлага, үр бүтээл гарган ажиллаж, байгууллагын үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээний ерөнхий дүнгээр хангалттай үнэлэгдэн, аймаг дахь цагдаагийн газар, хэлтсүүдээс Орхон аймаг дахь цагдаагийн газрын дарга цагдаагийн хурандаа А.Батбаяр нар шалгарсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *