Улс Монголын нэр нүүр, сор болсон залуучууд Отгонтэнгэр хайрханы оргилыг эзэлж яваад харамсалтайгаар амь эрсэдлээ. Дэлхийн ноёлог их уулсын оргилыг эзэлнэ гэдэг зөвхөн уулчдын бус хүн төрөлхтний эрэлхэг шонхруудын хийдэг ажил юм. Өөрийн бүтээн цогцлоосон ертөнцтэй, үзэл бодолтой, эр зориг, хүсэл тэмүүлэл, элгэн халуун сэтгэлтэй тийм л зоримог дайчин хөвгүүд охидын эрсхэн босдог талбар юм. Эзэн Чингисийн хүлэг баатрууд ийм л байсан болов уу гэж бодохоор ир бяр, ур ухаан жагссан 17 залуу амиа алдлаа. Өөрийн эрхгүй зүрх шимширч, гол харлаж байна. Гадаад дотоодын их дээд сургуульд боловсрол эзэмшсэн, нийгэмд зөв сайхан зүйлийн үлгэр дууриалал болсон, Монголын хөгжил дэвшлийн түүчээ болон гялалзах идэр шонхруудаа цэл залуухнаар нь бид алдлаа.
“Тэднийг ууланд хэн авир гэсэн юм. Дуртайдаа явсан хүмүүс, одоо яая гэхэв. Дахиж битгий ийм балай зүйл санаж сэдээсэй” гэх үзэл нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллээр их явж байна. Хүн төрөлхтөн хэзээ ч явсан замаасаа буцдаггүй. Сансрын хөлөг дэлбэрээд шатаж унаж байхад хажуунаас нь дахиад сансар огторгуйг эзлэхээр нэг эрэмгий шонхор хөлөгтөө суугаад хөөрөн нисдэг. Хэрвээ сансрын хөлгийг шатсан гээд хориглох нь шонхрынхоо далавчийг хуйхлахтай ижил.
Хүмүүний амьдралын ийм л хуулийн дагуу Монголын мянга мянган эрэлхэг залуусын оргил эзлэхийн төлөөх дараагийн цуваа харууслын нулимсаа арчаад хөдөлж таарна. Оргил гэж зөвхөн уулыг ч хэлж байгаа юм биш. Өмнөө байгаа агуу их зорилго, оргил бүхний оройг эзлэх монголчуудын бахдам амжилтын цуваа тасрахгүй ээ. “Алхааг чинь сонсч байна, амьсгалыг чинь мэдэрч байна, баатрууд минь” гэх найрагчийн шүлгээр эл туурвилаа төгсгөе. Амиа үл хайхран оргил бүхнийг эзэлсэн алтан шонхруудынхаа өмнө мэхийн ёсолъё.