Categories
мэдээ цаг-үе

Ордосын тэмдэглэл

1. Далан хар уул далан ногоон уул болжээ. Арван жилийн өмнө энэ уулын үзэсгэлэнг бахдан биширсэн сэн, эдүгээ оргил сүндэр өөд нь мөшгөөрлөн ургасан багил ногоон ойн сэрүүн сэрмүүн өнгөнд нь мэлмийгээ баясгаж явчухуй. Ногоон өнгө гэгч халууныг сэрүүцүүлэгч өнгө ажу. Эрээнээс Хөх хот хүрэх зам энхэл донхол үгүй нь унаа тэрэг болоод түүгээр зорчигчдод юутай таатай. Далан хар уулнаас сугаран гарч ирвэл Хөх хот цэнхэр униар дунд дуниартан тосов. Өндөр барилгууд нь тэнгэр шорлож, давхар замууд нь хэдэн тийшээ мурилзан оджээ. Хөх хот шинэ дүүргээр хаяагаа тэлжээ. Ордос нутаг зорьж яваа бидний хэдэн зохиолчид унаа юугаа юүлэн сольж Дуншен тойрогт хүрч хоноглохоор яаравчлан хөдлөв. Замын хоёр талаар эгнэсэн модод дуулалдан үдмүй. Далан хар уул ногоолин өнгөөр номирон дагамуй. Үдшийн гялаан гялбалзаж байхад аяны замаа эвхэн саатав.

2. Дуншен тойргийн Монгол дунд сургууль дээр Өвөрмонголын алдарт уран бичлэгтэн Хаванжав багшийн тигийн эрдэм шинжилгээний хуралд оролцож Хятад улсын, улсын дэсийн монгол уран бичлэгийг өвлөн уламжлагч Хайрхан багшид Улаанбаатарын их сургуулийн “Зочин профессор”ын батламжийг уншин гардуулах үүрэг хүлээсэн минь дурсамжтай хором байв. Өмнөд Монголын өөртөө засах орны найман муж орноос ирсэн уран бичлэгтэн багш, эрдэмтэд монгол уран бичлэгийг монгол сургуулиудын сургалтын хөтөлбөрт оруулах санал санаачилгыг энэ хурлаас дэвшүүлэн тавьж байгаа аж. Хурлын завсарлагаагаар яруу найрагч С.Оюунчимэг хүмүүст бүчүүлэн зураг хөрөг татуулан инээмсэрч зогсох бүлгээ. “Талын монгол айл” дууны шүлгийн зохиогч гэдгийг өөрөөс нь сонссон тэд ихэд бахдан биширчээ. Зам зуур аялал жуулчлалд зориулан барьсан хөх халзтай өргөө гэрүүд хэдэн арваараа харагдсан билээ.

3. “Эрдэнийн товч” номд зориулсан ордон музейг энэ номын зохиогч Саган сэцэний төрсөн нутаг Ордосын Үүшин хушууны “Их шаварт”ад 1997 онд бүтээн босгожээ. Саган сэцэн бол Батмөнх даян хааны гутгаар хүү Барсболд хааны угсаа гарлын тайж хүн болой. Түүний туурвисан “Хаадын үндэсний эрдэнийн товч”-ийн нэгэн хувилбар болох хуйлмал эхийг Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Онходын Жамьяан 1924 онд авга хошуунаас олж авчирсныг Монгол Улсын Засгийн газар 2012 онд хосгүй үнэт өвд бүртгэсэн байдаг. Ар, Өвөр Монголд төдийгүй дэлхийн монгол судлалын ай савд өөрийн алдар суугаа нэгэнт дуурсгасан “Эрдэнийн товч” номын ордон музей нь тус номд босгосон өнө мөнхийн дуулал болжээ. Цогцолбор бүхэлдээ Саган сэцэний “Эрдэнийн товч” номын гүн утгаар цацран гэрэлтжээ. Дэлхийн Монгол судлаачид чухам л энэ зүгт эрдмийн жолоогоо дугтран залж, сүүтэй дөрөөгөө чимээлэн мордох нь гарцаагүй аж.

4. Ордос хошуунд хоёр малчин айлд зочилсны анхных нь бэсүд Алтанбилигийнх. Түүний ах, яруу найрагч Хасбилигийн шүлгүүд “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн хуудаснаа гарч байсан нь таван жилийн өмнө юм. Ах дүү хоёр төрсөн тооноттоо “Билгийн сан” номын өргөө байгуулж, “номын овоо” босгожээ. Номын өргөөнд нь Гаанжуур, Даанжуураас эхлээд энэ цагийн Ар, Өвөр Монгол зохиолчдын зохиол бүтээл дүүрэн. “Номын овоо”-нь энд тавигдсан номын нэрийг сийлсэн чулуугаар өрөгдөн боссон байна. Бид ч өөр өөрсдийн номоо энэхүү “Билгийн сан” номын өргөөнд дурсгал болгон өгөв. Малчин Алтанбилиг бидний номыг баяртайгаар хүлээн аваад“Та бүхний номын нэр бичигдсэн чулуугаар “номын овоо” минь өндөрлөгдөн дээшлэх болно” гэв. Чөлөөт Зохиолчдын Холбооны дэд тэргүүн, “Амьдрах ухаан” төвийн захирал яруу найрагч С.Чулуунбаатар, түүний хүүзалуу шүлэгч Мөнхсайхан нар Сэлэнгэ нутагтаа номын шинэ өргөө байгуулж, номын овоо босгох мөрөөдлөө энд зангидав бололтой. Бид ч бас тэрхүү номын өргөөнд нь сэтгэлийн болоод эд хөрөнгийн хандив өргөхөө амлацгаав. Мөрөөдөл биелдэг орчлонсон билээ. Нөгөө нь Отогийн өмнөх хошууны Намс балгасны малчин Мэргэнчулууных болой. Тэднийд бид хонины мах зооголж, нэрмэл аягалуулж, дуу хуур үүсгэн хөгжилдсөн билээ. Зохиолч, аялгуу зохиогч Доржсүрэн аман хуураа эгшиглүүлж, яруу найрагч, орчуулагч Д.Бор богино шүлгүүдээ цоглогхон дуудсан болой. Бивээр гэрийн эздэд “алтан Чингис” сархадаа дээдлэн барьж, зээ хүүд нь “Нарны алга” номынхоо англи, орос хэл дээр хөрвүүлэгдэж, худам монгол бичиг, кириллээр хэвлэгдсэн хувийг дурсган, олон хэлтэй эрдэмтэй хүн болохыг ерөөсөн болой.

5. Отогийн өмнөд хошууны Ажил мэргэжлийн дунд сургууль бол Өмнөд Монголдоо алдартай сургууль. Энд олон мэргэжлээр хүүхдүүд сурч байна. Монгол Улсаас ч хүүхэд ирж суралцдаг аж. Энэ сургуулийн захирал Наянтай бол чухам л эрийн дээд эр хүн бүлгээ. Бие бялдар товируун, үг яриа цэцэн цэлмэг, сэтгэл санаа дэлгэмэл, дэлгэр зочломтгой тэрбээр сайхан дуулна, нөхөрлөлөө дээдэлдэг зан нь юм бүхэн дээр илэрнэ. Улаанбаатарын их сургуулийн захирал, доктор профессор С. Байгалсайханы эртний анд, ажил төрлийн холбоотон Наянтай захирал биднийг буцан буцтал сайхан сэтгэлийнхээ гэгээн хоргонд заланхан дээдэлсэн болой. Эрдүү чанга дуутай,түүний орлогч Хувьсгалтыг ч энд бас дурдалтай. Ордос нутгийн хөгжмийн зохиолч Баянцэнгэл өөрийн зохиосон “Мөнгөн хундага” дуугаа дуулж биднийг хөгжөөсөнсөн. Яруу найрагч Л. Сэлэнгэмөрөн Ордос нутаг сайхан эрчүүдтэй юм хэмээн шүүрс алдаж, уянгын шүлэг тэрлэсэнээ ч уншсан билээ. Энэхүү ажил мэргэжлийн дунд сургуулийн цогцолбор нь хэд хэдэн хичээлийн байр, биеийн тамирын болон урлаг соёлын ордон, сурагчдын дотуур байр, сонгодог монгол бичгийн музей, хоолны газар зэрэг 4-5 давхар олон байшин барилгаас бүрдэнэ. Бидний сонирхлыг гойд татсан газар гэвэл алдарт уран бичлэгтэн Хаванжав багшийн нэрэмжит худам монгол бичгийн ордон музей юм. Энд худам монгол бичгийн эрт эдүгээгийн дурсгал цөм багтан хадгалагдаж байна. Тэрчлэн сурагчдын хийсэн гар урлалын бүтээлүүд нь Өмнөд Монгол даяарт алдартай бөгөөд гадны дотны олон захиалагчдын талархлыг хүлээдэг гэнэм. Хоолны цагаар ширээн дээр сурагч, багш нарын хөдөлмөрөөр бий болсон шинэ ургацын ногоо алаглаж, тавганаа хүлэмжинд ургуулсан жимс жимсгэнэ шүүдэртэн гялалзах бүлгээ.

6. Отог хушуун дахь “Монголын нууц товчоо”ны музейд морилон саатсан минь юутай их завшаан бэ? Монгол үндэстнийхээ анхны түүхт дурсгалын бичигэнэхүү зохиолоор чинхүү бахдах сэтгэл минь энд гал мэт дүрэлзэн бадрав л. Хамгийн эхлээд нүд булаах үзмэр гэвээс хоёр метр орчим өндөр хааш, хаашаа 70-80 см орчим тэгш дөрвөлжин хаш цагаан чулуун багана дээр худам монгол бичгээр сийлж алтадсан “Монголын нууц товчоо”. Энэ чулуун багана зохиолын хуудасны тоотой тэнцүү болой. Энэчлэн 2000 үхрийн шилбэний ясан дээр бичсэн нь ч байна. Энэ бичвэр Гиннесийн номд бүртгэгджээ. Мөн шаазан дээр, үхрийн ширэн дээр, цаасан дээр,модон дээр, зэсэн дээр гээд үргэлжилнэ. Музейд дэлхийн 30 гаруй улс оронд хэвлэгдсэн “Монголын нууц товчоо” хүндэт байраа эзэлсэн байна. Үзэсгэлэн музейн саран танхимаас гарч наран танхимд гарч ирвээс мөн л “Монголын нууц товчоо”-г худам монгол бичгээр алтдан сийлсэн бичвэр үргэлжлэх бөгөөд нарны гэрэлд алтанхан өнгө цацруулан гялбалзана. Төгсгөл хэсэгт энэхүү музейг босгоход хандив өргөгсөдийн нэр байх бөгөөд эхэн хэсэгт Монгол Улсын Ерөнхийлэгч Халтмаагийн Баттулгын нэр дурайх аж.

7. Тайзан дээр ордос үндэстнийхээ хувцасаар гоёсон 10 бүсгүй эгнэн зогсож, өмнүүр нь мөн төдий тооны эрчүүд ёс журмыг баримтлан сууж гүр дуугаа дуулав. Гүр дууны аялгуу нэг наашлан нүргэлж, нэг цаашлан цангинах ажаам. Хөгжимгүй атлаа эгэлгүй найрсуу, мөхөлгүй уянгатай нь юуных вэ? Хангин хошууны “Гүр дууны төв”ийн авьяастнуудад бишрэв. Тэд өнгөрсөн жил улсын их баяр наадамд Ордос нутгаас хүрэлцэн ирж “гүр дуу”-гаа монголчуудад өргөн барьсан нь урлаг судлаачдын анхаарлыг ихэд татжээ. Гүр дууны нэр нь хүртэл сэтгэл үйсрэм уянгалаг. “Найман сарын навч”. Нэрийг нь сонсонгуут л буй бие сэрчигнээд явчихаж байгаа юм шүү дээ. Гүр дүү гурвантаа эгшиглэв. Дараа нь гүр дууны музейгээр зочлов. Гүр дууны үүсэл, гарал, эдүгээг хүртэл эгшиглэж ирсэн замнал нь бартаа саадтай ч энэ нутагт амь тасралгүй үргэлжлэн эгшиглэнэм. Хүүхэд багачууддаа ч өвлүүлэн сургаж байна. Айл гэрт ч гүр дуу уянгалнам. Бид боржигон Батчулууныд зочлох үед эхнэр Хөгжилцэцэг өөрийн найз хэдэн бүсгүйчүүдтэй шинэ цагийн гүр дуу дуулав.

Бор юу мориндоо

Эмээлээ тохоод хаашаа чиг явах билээ… хэмээн цангинуулахад нь хоолой дээр уй шаналан торж, нүдний нулимс өөрийн эрхгүй бөмбөрөв. Нээрэн чиг хаашаа явахсан ч билээ…Тийнхүү эмтэрчээ суутал мөнөөх дуу

Богд эзний төрсөн нутгаа

Эргэж үзэхээр явсан юм уу даа гэж үргэлжилнэм бүлгээ.

Сүүлд мэдэхнээ нь энэ дууны шүлгийг бидний хөтөч, Улаанбаатарын их сургуулийн докторант, ордос нутгийн найрагч Э. Бадрангуй бичсэн байв. Даруухан энэ идэрмэг эр Үүшин хошуун дахь төрсөн гэртээ урьж зочилсон төдийгүй өөрийн аав, монгол анагаахын уламжлалын нэрт эмч Эрхэтдоржийн Эрдэнэбаяраараа хүн бүрийн судсыг нэг бүрчлэн бариулж зөвлөгөө сургамж өгүүлсэн билээ.

8. Ордос нутгийн зохиолчидтой нэг бус удаа уулзаж, шүлэг зохиолоо уншилцан, “яруу найргийн ой”н хөшөөнд хүндэтгэл үзүүлж, номоо солилцож явав. Монголын Зохиолчдын байгууллага үүссэний 90 жилийн ойд зориулсан энэ аяллаас Ордос нутгийн тухай нэгэн ном мэндлэх ажу. “Гэгээн хаан” тэргүүт түүхэн романууд нь Ордосын номын сангийн хойморт заларсан зохиолч С.Товуудорж эдгээр романаа хэрхэн бичсэнээ ярьж, зохиолч Л.Нямготов үлгэрийн зурагт номуудаа ордос нутгийн хүүхэд багачуудад дурсгаж, Байгаль орчны гавьяат ажилтан, яруу найрагч Б.Чимид шинэ бичсэн шүлгүүдээ асч бадартал уншиж явав. Хангин хошууны зохиолчдын нийгэмлэгийн гишүүдийн уламжлалт монгол яруу найргийн ая дан, эгшиг найрсалд татагдан урамшчухуй.

9. Ордос нутаг хотжиж байна. Хошуу, балгас бүр нь шинэ дүүргээр хаяагаа тэлж өргөжижээ. Монгол үндэсний хээ хуар бүхий байшин барилга, морь малын хөшөө энд тэндгүй харагдана. Аяны дөрөө мултлан Эзэн Чингисийн онгондоо мөргөж, хүсэл юугаа шивнэв. Хаандаа мэхийн залбирч шүлгээ сонсгов.

Нанхиад гүрнийг аравчилж

Наран улсыг саравчилж

Номхон дөлгөөн далайгаас

Намхан морьдоо усалсан

Эзэрхэг түрэмгий дээдсийн минь

Хүчирхэг эрэмгий зориг-мөсөн уул шиг гүндээн ёсон жудагт хүндээн оршсоор л байгаа болохоор:

Домогт Бурхан-Халдун минь

Довцог болоогүй уулаараа байна

Долгис цалгис таслаагүй

Онон, Хэрлэн, Туул-аараа байна

Альпийг давсан хүлэг минь

Адуун зүсний өнгөндөө байна

Алтан ураг Чингис минь

Ариун дагшин онгондоо байна

Чинжаал Кавхазыг мохоож

Цүнхээл Днеприйг цалгиаж

Хар далайн эрэг дээр

Бар жилээр өвөлжсөн

Домог бадрангуй дээдсийн минь

Омог задрангуй зүрх- мэлмийдээ галтай үрсдээн өлмийдөө дөрөөтэй эрсдээн цохиолсоор л байгаа болохоор:

Шившиж татсан сум минь

Есүхэй мэргэний байндаа байна

Агсаж зүүсэн сэлэм минь

Есүүл цэцний хуйндаа байна

Дөл цэлмэг зориг минь

Өөдөө соёмбын галдаа байна

Хол нүүдлийн зөрөг минь

Хүннү чулуут талдаа байна

Цамхаг Вавилоныг бөхөөсөн ч

Таж Махгалыг бүтээсэн

Гүнж дэлхийг бөгтөрсөн ч

Манж хаантанд бөхийсөн

Цөхрөвч босоогоороо дээдсийн минь

Сөхрөвч асаагаараа хүслэн-

Цээжний гүнд минь бадаглан

Чин зүрхэнд минь бадамлан ассаар л байгаа болохоор-

Долоон бурхан минь бөхөхгүй

Азын цолмонт тэнгэртээ байна

Дорнын Монгол минь мөхөхгүй

Ази эхийн энгэртээ байна

Олмоон чангалж мордсон

Дээдсийн цадиг минь мөртэйгөө байна

Он оны зурхай дээр

Миний Монголчууд морьтойгоо байна.

“Морьтой түүх” шүлгийн баатрууд болохМорьтон баатруудын хөшөөг зорин очив. Хажуухнаа Алунгоо эхийн баримал сүндэрлэсэн харагдана. 99 гишгүүрт шатаар уруудан буулаа. Чингисийн онгоны байгууламж бүрэн бүтэн цогцолбор болон өргөжжээ.

Өмнөд хөршийнхөн монгол соёл, түүх уламжлал, ном судартай танилцъя гэсэн хүсэлтэй хэн бүхнийг Ордос нутагт татах бодлогыг тун сайн хэрэгжүүлж байна. Хэрэгжүүлээд зогсохгүй энэ бодлогоо ил тод зарлан тунхаглаж байна. Зүгээр ч нэг зарлан тунхаглаад зогсохгүй бүтээн байгуулалтаараа даллан дуудаж байна. Монгол туургатны голомтыг сахисан бид энэ мэт бодлогын өмнө сөхрөн унах учиргүйсэн… Тэртээ хойно Ордос нутаг дуниартан үлдэв. Хур бороотой сайхан зунтай байна. Хайлаас нахиалж, нарс найгаж, гацуур ганхах бөлгөө. Элсэн хөрс нь хиаг, царгас, уд, харгана, чавганы моддоор бэхжин ногоорчээ. Ордос нутаг ган гачигт нэрвэгдэхээ нэгэнт больжээ.

Моддынх нь сүүдэр хүртэл ногоон туяа татуулан сэрүү дааж харагдах ажу. Аяны жолоо эргүүлсэн бид Монгол эх нутаг руугаа яаран довтолгоном билээ. Хэдэн зууны тэртээ өвөг дээдэс минь морин дэл дээр галигуулж явсан тэр л замаар шүү…

Данзангийн НЯМАА

2018.05.25- 06- 01.

Улаанбаатар- Замын-Үүд- Эрээн- Хөх хот- Ордос.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *